Алтан үе дээрээ байгаа Бельгийн шигшээ баг Еврогийн нээлтийн тоглолтоо өнөөдөр шөнийн 03:00 цагаас ОХУ-ын эсрэг хийх гэж байна. Тоглолт ОХУ-ын Санк Петербург хотод явагдана гэдэг утгаараа талбайн эздийн хувьд давуутай.
Бельгийн шигшээ багаас Кэвин Дэ Бройн бэртлийн улмаас тоглолтод оролцохгүй байж магадгүй гэдэг нь тэдний хувьд асуудал болж байна.
Дэ Бройны хувьд аваргуудын лигийн финалын үеэр хамар болон нүдээ гэмтээсэн бөгөөд одоо болтол бүрэн эдгээгүй байна. Түүнчлэн шигшээд олон жилийн туршид гараанд гарч буй Аксэл Витсэл Ахиллсын шөрмөсний бэртэл нь мөн л гүйцэд эдгэрээгүй байна.
ОХУ-ын багаас Зенитийн залуу од Андрей Мостовой Covid-19-ийн тест эерэг гарсан учраас тэмцээнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болжээ. Энэ мэдээ мэдээж ОХУ-ын хувьд гэнэтийн цохилт болж байгаа нь ойлгомжтой. Мостовойн оронд Динамо Москва багийн хамгаалагч Роман Евгенев шигшээ багт дуудагджээ.
Оросын довтлогч Артюм Зюб шигшээ багийнхаа төлөө 29 гоол оруулаад байгаа ба дахин хоёр гоол оруулахад Оросын бүх цаг үеийн мэргэн бууч болох юм.
Магадлалтай гарааны 11
Кэвин Дэ Бройн тоглохгүй бол түүний оронд Лэстэр Сити багийн Юри Тэлэманс гараанд гарах магадлал өндөр байна. Ерөнхий хувилбараар 3-4-3 байрлал байх нь тодорхой. Арын гурван хамгаалагчаар Вэртонгэн, Денайер, Алдэрвэйралд нар тоглоно. Дөрвөн хагас хамгаалагчийн хоёр жигүүрт Торган Азар, Томас Менье нар гүйнэ. Төвийн хагас дээр Аксэл Витсэл тоглох боломжгүй байгаа тул Волвэс багийн Дэндонкэр гарааны эрх авч байна.
ОХУ удаан хугацааны дараа том тэмцээнд Икор Акенфеевгүйгээр оролцож байна. Түүний оронд Динамо Москва багийн 34 настай хаалгач Антон Шунин гарааны эрхийг аваад буй. 2008 Европын аваргад тоглож байсан, Челси багийн экс тоглогч Юри Жирков дахин нэг удаа том тэмцээн улсаа төлөөлөн оролцож байна.
Тоглолттой холбоотой статистик
- Энэхүү тоглолт хоёр багийн том тэмцээн дээр хоорондоо тааран тоглож буй 6 дахь тохиолдол юм. Өмнө нь 5 удаа дэлхийн аварга дээр таарч тоглож байсан бол Европын аваргын тухайд анхны тохиолдол болж байна. Эхний хоёр учраа тааран тоглолт дээр ЗХУ нэрийн дор 1970, 1982 оны дэлхийн аварга дээр ЗХУ ялалт байгуулж байсан. Харин дараагийн гурван учраан дээр бельгичүүд дараалан ялалт авчээ.
- Бельги 2020 оны Еврогийн эрхээ хамгийн түрүүлж авсан баг. Мөн урьдчилсан шатанд нэг ч ялагдал хүлээгээгүй.
- Бельги 2016, 2020 оны Еврод дараалан оролцсоноор түүхэндээ хоёр дахь удаагаа л хоёр Европын аварга дараалан оролцож байна.
- 1980 оноос хойш бельгичүүд Еврогийн хагас шигшээд үлдэж байгаагүй.
- Бельги урьдчилсан шатанд 10 тоглож, 10 хожсон бөгөөд 40 гоолоос ердөө 3 гоол оруулсан. Тус дундаж үзүүлэлтээрээ тэмцээнд оролцож буй бүх багийг тэргүүлж байна.
- ЗХУ нэрийн дор оросууд 1960 онд Еврод түрүүлж байсан бөгөөд түүнээс хойш 1964, 1972, 1988 онуудад Еврогийн финалд үлдсэн ба бүгдэд нь ялагдал хүлээсэн.
- ОХУ нэртэй болсноосоо хойш хамгийн сайн оролцсон Евро нь 2008 онд бөгөөд тэд хасагдах шатанд Нидерландыг буулган авч, хагас шигшээд үлдэж байсан. Улмаар Испанид 3-0-ээр хожигдож, тэмцээнээ өндөрлүүлсэн.
- Артюм Зюба урьдчилсан шатанд нийт 14 гоолд оролцсон буюу 9 гоол, 5 гоолын дамжуулалт өгсөн. Түүний дээр нэг л тоглогч байсан нь Харри Кэйн бөгөөд 17 гоолд оролцсон байна.
NEWMETA – Э.ГАНБААТАР
Холбоотой мэдээ