Сэтгэлд үлдсэн Цагаан суварга, Их газрын чулуу

Хуучирсан мэдээ: 2021.06.12-нд нийтлэгдсэн

Сэтгэлд үлдсэн Цагаан суварга, Их газрын чулуу

Сэтгэлд үлдсэн Цагаан суварга, Их газрын чулуу

Хангайд төрж өссөн надад ажлын томилолтоор Дундговь аймгийг зорих завшаан тохиосон юм. Бичлэгээс харж, амнаас сонссон би говь хэмээх нутаг халуун бас элстэй хэмээн боддогоос цаашгүй байв.  Гэсэн ч гаднын аялагчид ихээр зорьдог тэр нутагт тун чиг сайхан зүйлс хүлээж байгаа санагдан аялалд явахын өмнө ихээхэн догдолж билээ. Бидний маршрут Улаанбаатар- Цагаан суварга- Их газрын чулуу- Улаанбаатар байсан юм. Амралтын 2 өдөртөө амжуулах байсан тул ингэж шахуу явсан хэрэг л дээ. Зурагнаас харсан Цагаан Суварга, хүлээлт ихтэй Их Газрын Чулуу, төгсгөл үгүй  зэрэглээтэх уудам талыг мэдрэхээр говь нутгийг зорилоо.

Марс мэт Цагаан Суварга

Шөнөжин явж нар мандахаас өмнө Цагаан суварга дээр ирэв. Гайхалтай нь өглөөний нар газраас ургаж байлаа. Уулын цаанаас гардаг нар тийм үзэсгэлэнтэй байхыг харж байсангүй. Уншигч танд сонин биш санагдаж болох ч бодит байдал дээр таны нулимс гарах шахна гэдэгт мөрийцье. Уудам тэнгэр, ургах наран, улбартан бутрах Цагаан суварга. Нэг л онцгой мэдрэмж төрж байв. Өнөөх Марс гараг дээр буугаад ирсэн шиг л санагдаж билээ. Амар амгаланг мэдрүүлсэн эл газар ингэж сэтгэлд минь үлдсэн юм. Цагаан суварга гэж хаштаг хийн инстаграмдаа оруулах олон зураг даруулаад Их газрын чулуу руу хөдөллөө.

Цагаас Суваргаас Их Газрын Чулуу хүртэлх уудам талд шоу хиймээр санагдав

Их газрын чулууг зорих замд туулах замын төгсгөл тэртээх алсад нарийсан харагдах нь гайхалтай санагдаж билээ. Туулж барамгүй уудам тал нь сэтгэл хөдөлгөсөн хэрэг. Чулуун дунд тоглож өссөн би Их газрын чулуу гэх чулуу ихтэй мэт сэтгэлд буух энэ газраас илүү тал газарт давхиж байх нь сайхан байсан тул зам битгий дуусаасай гэж бодсоноо нуулгүй хэлье. Тэнгэрийн хаяанд харагдах замыг ширтэн явахдаа Америк залуусын хийдэг“Burning Man” фестивалыг энэ сайхан талд хийх юмсан ч гэж бодож амсан юм. Үгүй ядахдаа найзуудтайгаа галт шоу хийвэл сайхан газар юм даа гэсэн санаа төрсөн юм. Гайхамшигт говийн тал нутгаар хөдлөн давхиж байхад наран газарт шингэлээ. Нарны улаа бутрах туяа алсад сүүмийх уулсын оройг гялтгануулан зэрэглээнд улам үзэсгэлэнтэй үзэгдэж байв. Улбар говийн хязгааргүй талд The Lumeneers-ын Sleep On The  Floor-ыг сонсон бодлогширон, баясан явлаа.

Аварга том төөрдөг байшин Их Газрын Чулуу

Их газрын чулуун дээр очиход шөнө дунд болсон байв. Тэнгэрт түм буман од гялалзан харагдана. Саяхан л бөртийх зүйлгүй тал газраар явж байсан надад шөнийн харанхуйд харлан харагдах сүрлэг өндөр чулуунууд эртний үлэг гүрвэлүүд тэр чигтээ хөшсөн мэт харагдаж байв. Түүдэг асаан аяллын багаараа буу халах цаг хамгийн сайхан биз дээ. Намрын сэрүү орсон байсан тул шөнө майханд даарахаас халгаж байсан би харин ч сайхан амрав. Өглөө нь ихээхэн гайхаж билээ. Энэ тал хээр газар ийм  өндөр чулуунууд олноороо байгаа нь сонирхолтой санагдаж байв. Элдэв өнгө, хэлбэртэй чулуунууд сониуч занг минь өдөөн буудалласан газраас минь нэлээн хол алхуулаадхав. Миний төсөөлж байсан шиг чулуу ихтэй газар биш Их хааны цэргүүд аян дайндаа түр саатан буй мэт аль эсвэл  төөрдөг байшинг төлөөлүүлж хийсэн аварга том төөрдөг чулуун тоглоом ч юм шиг сонирхолтой санагдаж билээ.

Дундговийг үзсэн 2 хоног амар тайван, гайхсан, биширсэн, бодлогоширсон олон мэдрэмжүүдийг зэрэг өгсөн богинохон ч гэсэн гайхалтай аялал /томилолт/ байсан юм.

Нийтлэл бичсэн: М.Лхамдолгор

Сонирхолтой мэдээ, мэдээлэл, зөвлөгөө, тэмдэглэл үргэлжлүүлэн уншихыг хүсвэл ЭНД дарна уу.

Эх сурвалж: Joinme.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж