Туркийн дасгалжуулагч Шенол Гюнеш: Бидний өдөр биш байлаа

Хуучирсан мэдээ: 2021.06.12-нд нийтлэгдсэн

ЕВРО-2020

Туркийн дасгалжуулагч Шенол Гюнеш: Бидний өдөр биш байлаа

Туркийн дасгалжуулагч Шенол Гюнеш: Бидний өдөр биш байлаа

Евро-2020 тэмцээний нээлтийн тоглолт Ром хотноо Итали-Турк багуудын хооронд явагдлаа. 2018 оны ДАШТ-ийг өнжөөд байсан Италийн шигшээ баг том тэмцээнээр ангаж цангасан нь харагдаж, Туркийн шигшээг Мери Демиралын авто гоол болон Чиро Иммобиле, Лоренцо Инсинье нарын гоолоор 3-0 гэсэн харьцаатай хожлоо.

Тус тоглолтын шилдгээр Италийн шигшээн зүүн жигүүрийн хамгаалагч Леонардо Спинаццоло тодорсон юм. Түүний талаар өдгөө УЕФА-д алба хашиж буй, Аргентин хөлбөмбөгчин Эстебан Камбьяссо “Эхний хагаст зүүн жигүүрийн гүнээс довтолгоог дэмжиж байсан Италийн хамгийн аюултай тоглогч тэр байлаа. Хоёрдугаар хагаст ч үүнийгээ харуулж, Иммобиле тоглолтын хоёр дахь гоолыг оруулах гол үүргийг гүйцэтгэлээ” хэмээжээ.

Евро-2020 тэмцээний анализ, шуурхай мэдээлэл, тоглолтын таамаг, тойм зэрэг хамгийн үнэ цэнтэй мэдээ нийтлэлүүдийг та бүхэнд News.mn-ээс Newmeta Media-тай хамтран 30 хоногийн турш хүргэх болно.

Тоглолтын дараа Италийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Роберто Манчини “Бид сайн тоглолоо. Тэмцээний эхний тоглолтоо сайн багийн эсрэг хийж, амаргүй тоглолт үзүүллээ. Цэнгэлдэхэд цугласан хөгжөөн дэмжигчид маань мөн туслалаа. Бид аль болох бөмбөгөө хурдан шилжүүлж, хурдтай тоглохыг хичээлээ” гэв.

Харин Туркийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Шенол Гюнеш “Бидний өдөр биш байлаа. Тоглолтын эхнээс л бөмбөгөө алдаж, урагшилж чадсангүй. Италийн баг энэ тоглолтын сайн баг нь байлаа. Аль илүү баг нь л хожсон гэж бодож байна. Энэ бол тэмцээн. Бидэнд дахин хоёр тоглолт бий. Уэльсийн эсрэг хийх дараагийн тоглолтдоо бэлдэх нь чухал байна” гэжээ.

Тоглолтын дараах Италийн шигшээ багийн тамирчдын сэтгэгдлийг хүргэе.

Тоглолтын шилдгээр шалгарсан хамгаалагч Леонардо Спинаццоло: Гайхалтай тоглолт үзүүллээ. Цэнгэлдэхэд ирэхэд л цугласан хөгжөөн дэмжигчдээ хараад шар үс босч байлаа. Бид тэвчээртэй байж, бөмбөгөө сайн шилжүүлсэн гэж бодож байна.

Италийн шигшээ багийн довтлогч Чиро Иммобиле: Эхний үед тэвчээр гэж юу байдгийг бид харууллаа. Турк бол хүчтэй баг. Бид тэднийг аль болох ядраахыг хичээж, бөмбөгөө баруун, зүүн жигүүрээ ээлжлэн дамжуулж, хамгаалалтыг нь сэтлэхийг хичээлээ. Эхний үед бол хамгаалалтыг нь сэтлэх аргаа олоогүй. Эхний гоол орсны дараа тэдний хамгаалалт суларч ирсэн. Тэрийг нь л ашиглалаа. Хэрхэн зөв газраа, зөв цагтаа байх ёстойг надад мэдрүүлсэн ээждээ баярлалаа гэж хэлмээр байна.

Италийн шигшээ багийн хамгаалагч Леонардо Бонуччи: Бидний урт аяллын дөнгөж эхлэл нь энэ гэж бодож байна. Одоо энэ эрчээ алдалгүй, сэтгэл хөдлөлөө барих хэрэгтэй. Талбай дээр ямар ч багийн эсрэг гарсан өнөөдрийнх шигээ тоглоно гэдгээ ухаарах хэрэгтэй байна.

Италийн шигшээ багийн довтлогч Лоренцо Инсинье: Сулхан эхлэл тавьсан ч үүнийгээ залруулж, хоёрдугаар үед гурван гоол оруулж чадлаа. Манчини бидэнд тайван байж, тоглолтдоо анхаарлаа төвлөрүүл гэж хэлсэн. Үүнийх нь ч дагуу бид байж, эцэст нь гоол оруулж чадсан. Хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө тоглох гайхалтай байлаа.

Тоглолттой холбоотой сонирхолтой тоон баримтууд:

  • Италийн шигшээ баг 2018 оноос хойш 28 тоглолт (23 ялж, 5 тэнцсэн) дараалан ялагдалгүй цувралаа үргэлжлүүлж байна.
  • Итали сүүлийн есөн тоглолтдоо дараалан гоол алдаагүй явна.
  • Туркийн хамгаалагч Мери Демирал Европын аваргын түүхэн дэх 10 дахь авто гоолыг оруулжээ.
  • Иммобиле гоол оруулсан сүүлийн 12 тоглолтод италичууд хожигдож үзээгүй.
  • Турк Италийг хождоггүй гэсэн цуврал үргэлжилж байна (8 ялагдаж, 3 тэнцсэн).
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж