Төв банк 65105 иргэн, 2428 ААН-ийн зээлд тохируулга хийнэ

Хуучирсан мэдээ: 2021.06.12-нд нийтлэгдсэн

Төв банк 65105 иргэн, 2428 ААН-ийн зээлд тохируулга хийнэ

Төв банк 65105 иргэн, 2428 ААН-ийн зээлд тохируулга хийнэ

Ньюс агентлаг долоо хоногийн онцлох ярилцлагаа тоймлон хүргэж байна. 

“40 ОРЧИМ МЯНГАН ИРГЭН, ААН-ИЙН ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЭЛД ТОХИРУУЛГА ХИЙГЭЭД БАЙНА”

Монголбанкны Зээлийн мэдээллийн албаны дарга С.Ганбаяртай ярилцлаа.

-УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн тавдугаар сарын 28-нд 71 мянган иргэн болон аж ахуйн нэгжүүдийг нэг удаа цагаатгах талаар мэдээлсэн. Төв банкнаас тэдгээр иргэн, аж ахуйн нэгжүүдэд хоёр шалгуур тавьсан. Өнөөдрийн байдлаар энэ хоёр шалгуурыг хангах хэчнээн иргэн, аж ахуйн нэгж байна вэ?

-УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн тавдугаар сарын 28-нд 71 мянган иргэн болон аж ахуйн нэгжүүдийн зээлийн түүхчилсэн лавлагаанд тодорхой хэмжээний тохируулга хийх замаар дэлхий нийтийг хамарсан Covid-19 цар тахлын сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгийг тогтворжуулах, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, банк, санхүүгийн салбарт хуримтлагдсан эрсдэлийг бууруулах боломжтой талаар мэдэгдсэн. Тус мэдэгдэлтэй холбогдуулан Монголбанкнаас 2021 оны зургадугаар сарын 2-ны өдөр дараах хоёр нөхцөлийг зэрэг хангасан иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн мэдээллийг зээлийн мэдээллийн лавлагаанд тусгахгүй байх нэг удаагийн шинж чанартай арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн. Үүнд:

  1. Зөвхөн нэг хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн түүхтэй;
  2. Тухайн хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээл 2021.07.01-ний өдрийн байдлаар бүрэн төлөгдсөн байх.

Урьдчилсан судалгаагаар дээрх хоёр нөхцөлийг зэрэг хангаж буй 65105 иргэн, 2428 аж ахуйн нэгжийн зээлийн лавлагаанд тохируулга хийхээр байна. Монголбанкнаас шат дараатайгаар дээрх арга хэмжээг авч байгаа бөгөөд эцсийн тохируулгууд 2021 оны долдугаар сарын 01-ний өдөр хийгдэж дуусна. Одоогийн байдлаар 40.0 орчим мянган иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн мэдээллийн лавлагаанд тохируулга хийгээд байна. Ингэснээр эдгээр иргэн, аж ахуйн нэгж зээлийн сайн түүхчилсэн лавлагаатай болж байна.

-Монголд бүртгэлтэй 100 мянган аж ахуйн нэгж байгууллагын 95 хувь нь жижиг, дунд бизнес эрхэлдэг бөгөөд цар тахалд хамгийн хүчтэй өртсөн, улмаар 74 хувь нь санхүүгийн хувьд хүндрэлтэй нөхцөл байдалд орсон учраас дээрх хоёр шалгуурыг хангах нь цөөн байна гэж эдийн засагчид хэлж байна. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Дэлхийн банкны 2019 оны судалгаагаар дэлхийн 190 орон өөрийн гэсэн зээлийн мэдээллийн тогтолцоотой бөгөөд нийтлэг дараах үндсэн хоёр үүргийг нийгэм эдийн засагт гүйцэтгэдэг. Нэгдүгээрт, иргэн, аж ахуйн нэгжийн санхүүгийн сахилга батыг хангуулах. Хоёрдугаарт, банк санхүүгийн салбарын зээлийн эрсдэлийг удирдах нөхцөлийг дээшлүүлэх замаар чанаргүй зээл хуримтлагдахаас сэргийлж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах. Иймд банк, санхүүгийн салбарын тогтвортой байдалд үзүүлэх сөрөг нөлөөг харгалзан үзэж, Covid-19 цар тахлын үед санхүүгийн хүндрэлд орсноос үүдэн зээлийн гэрээгээ нэг удаа л зөрчсөн иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн лавлагаанд өөрчлөлт оруулах нь тохиромжтой гэж үзсэн. Нөгөө талаар энэхүү арга хэмжээнд 2021 оны зургадугаар сард багтаан хугацаа хэтэрсэн зээл, өр төлбөрөө барагдуулсан иргэн, аж ахуйн нэгж хамрагдах боломжийг олгосон.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина
Д.ЭРДЭНЭТУЯА

 


Ж.БАЙГАЛМАА: “ХҮҮХДИЙН ӨВЧЛӨЛ БОГИНО ХУГАЦААНД ӨСЧ, ХҮНДЭРЧ БАЙНА

Эрүүл мэндийн яамнаас хоногт батлагдаж буй Сovid-19-ийн тохиолдлын 30 орчим хувийг хүүхэд эзэлж байгаа талаар мэдээлсэн. Иймд хүүхдийн өвчлөлийн талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаатай ярилцаа.

-Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар Covid-19 цар тахлаар хэчнээн хүүхэд өвчлөөд байна вэ?

-Халдварын шинээр бүртгэгдэх тохиолдолд хүүхдийн өвчлөлийн хувь өдөр ирэх бүрт нэмэгдэж байна. Улсын хэмжээнд 0-18 насны 15647 хүүхэд Covid-19-өөр өвчилсөн байна. Энэ нь нийт батлагдсан тохиолдлын буюу 23.1 хувийг эзэлж байгаа юм. Насны хувьд авч үзвэл:

0-4 насны хүүхэд 23 хувь,

5-9 настай хүүхэд 32.3 хувь,

10-14 насны хүүхэд 30.2 хувь,

15-17 нас хүүхэд 14.5 хувийг эзэлж байна.

Зургадугаар сарын 7-ны байдлаар 1419 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эдгээрээс 88.5 хувь нь Улаанбаатар хотод үлдсэн 11.5 хувь нь орон нутагт байгаа юм. Тиймээс олон нийтийн газраар хүүхдээ дагуулж явахгүй байхыг анхааруулж байна. Хоногт батлагдаж буй нийт тохиолдлын 30 орчим хувийг хүүхэд эзэлж байгаа учраас эцэг, эхчүүд хариуцлагатай байх шаардлагатай.

-Халдварын эрсдэл өндөр байгаа энэ үед хүүхдүүдийг хэрхэн вакцинжуулах талаар яригдаж байгаа юу?

-Мэдээж, вакцины талаар хэлэлцэж байна. Хүүхдийн дархлааны тогтолцоо нь тэдний наснаас хамааран насанд хүрэгчдийнхээс ялгаатай байдаг. Covid-19-ийн эсрэг вакцины анхны туршилтад хүүхдүүд хамрагдаагүй, дэлхий нийтэд вакцины талаар хэлэлцэж, судалгаа хийж байна. Халдвар нэмэгдэж байгаа энэ үед Covid-19 тархахаас урьдчилан сэргийлэх чухал арга бол мэдээж вакцин. Дэлхий нийтээр вакцины нөөц дээр тулгуурлаж, хүүхдийн дархлаажуулалтын ажлыг эхлүүлэх талаар уулзалтууд зохион байгуулагдаж, судалгааны ажлууд хийгдэж байна.

-Хүүхдүүд ихэвчлэн хаана халдварын эрсдэлд илүү өртөж байна вэ?

-Батлагдсан ихэнх тохиолдлоос харахад гэртээ халдвар авах эрсдэл өндөр байна. Гэр бүлийн хүрээнд халдвар хамгаалалтын дэглэмээ баримтлаагүйгээс бага насны хүүхэд олноор өвчлөх эрсдэлтэй тулгардаг. Иймд бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд өөрсдөө яаралтай вакцинд хамрагдах шаардлагатай. Түүнээс биш тоглоомын талбай дээрээс халдвар авч байна гэх судалгаа байхгүй. Хэдийгээр асран хамгаалагч, гэр бүлийн гишүүд нь вакцины тунгаа хийлгэсэн ч өвчлөлийн тохиолдол өндөр хэвээр байна. Вакцины дархлаа 14 болон түүнээс дээш хоногт тогтдог учраас зарим хүн шууд дархлаа тогтоно гэж төсөөлж байгаа нь буруу юм. Эрүүл мэндийн яам болон Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс хүүхдэд зориулсан тусгайлсан зөвлөмжийг Ням гариг (2021.06.09)-т хэлэлцэж, энэ долоо хоногт багтаж гаргахаар болсон.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж