EURO 2020 preview: Европын аваргын гол фактуудыг онцлох нь

Хуучирсан мэдээ: 2021.06.11-нд нийтлэгдсэн

ЕВРО-2020

EURO 2020 preview: Европын аваргын гол фактуудыг онцлох нь

EURO 2020 preview: Европын аваргын гол фактуудыг онцлох нь

Хөлбөмбөгийн хамгийн том тэмцээнүүдийн нэг Европын аварга шалгаруулах тэмцээн буюу EURO 2020 өнөөдөр/2021.06.11/ эхэлж байна. Covid-19 цар тахлын улмаас нэг жилийн хугацаатай хойшилсон уг тэмцээний тоглолтууд анх удаа 11 өөр улсад явагдана гэдгээрээ онцлог. 

Таны мэдэх ёстой зүйлс

Тэмцээн зургадугаар сарын 11-нд эхэлж долдугаар сарын 11-нд өндөрлөх бөгөөд Амстердам, Баку, Бухарест, Будапешт, Копенхагэн, Глазгоу, Лондон, Мюнхэн, Ром, Севилъя, Санкт-Петербург хотуудад тоглолтууд хуваагдан явагдах юм. 11 улсад зохион байгуулагдах уг тэмцээнд Англи, Шотландын багууд нэг хэсэгт орсон нь түүхэнд анх удаа зохион байгуулагч багууд нэг хэсэгт орсон тохиолдол болж байна. 

Euro-2020 тэмцээнд 24 баг 6 хэсэгт хуваагдан тоглох бөгөөд хэсэг бүрийг тэргүүлсэн хоёр баг шууд хасагдах шатанд шалгарч, хэсэг бүрийн гуравдугаар байранд орсон багуудаас өндөр үзүүлэлттэй дөрвөн баг нь мөн хасагдах шатны эрхээ авах юм. 

2016 оны Европын аваргаас эхлэн 24 баг оролцож 6 хэсгийн дөрвөөс нь гурван баг шалгарсан. F хэсэгт багтсан Португалын шигшээ баг гуравдугаар байраар шалгарч аваргын цомыг хүртэж байлаа. 

Тэмцээний турш 51 тоглолт явагдах бөгөөд хэсгийн шатанд 36 тоглолт явагдах хуваарьтай байна. Монголын цагаар 21:00, 00:00, 03:00 гэсэн гурван цагт хуваагдан тоглолтууд явагдах юм. Шууд дамжуулах албан ёсны эрхийг Монгол улсаас Central Television авсан бөгөөд тайлбарлагчдаар Б.Батзаяа, Э.Балжинням, Д.Нанжид, Б.Билгүүн гэсэн та бүхний танил тайлбарлагчид тайлбарлан хүргэнэ.

Covid-19 ба Euro-2020

51 тоглолт, 11 хотод бүгдэнд нь үзэгчид цуглах ба тоглолт болох цэнгэлдэхүүд бүгд үзэгч хүлээн авна.

Хамгийн үзэгч хүлээн авах чадалтай цэнгэлдэх хүрээлэн нь Лондонгийн Уэмбли хэдий ч хамгийн их үзэгч цуглах боломжтой нь Будапешт хотын Пушкаш арена. Нийт 68,000 үзэгч хүлээн авах чадалтай тус цэнгэлдэх 100% хүчин чадлаараа үзэгч хүлээн авна гэдгийг зохион байгуулагчид зарласан. Уэмбли цэнгэлдэхийн хувьд Covid-19 тахлаас шалтгаалан 25%-ийн дүүргэлттэй ажиллах юм. Тиймээс Уэмбли ойролцоогоор 22,500 – 12,000 үзэгчийг хүлээн авна гэсэн үг. Гэвч хагас шигшээ болон финалын тоглолт Уэмблид явагдахаар товлогдсон учир зургадугаар сарын 21-ээс хойш тус шийд өөрчлөгдөж магадгүй байна. 

Оролцохоор болоод буй тоглогчдоос Испанийн шигшээ багийн ахлагч Сэрхио Бүскэтс Covid-19 тест эерэг гараад байна. Харин Нидерландын шигшээ багийн хаалгач Силэссэн эерэг гарсантай холбогдуулан шигшээ багийнхаа бүрэлдэхүүнээс хасагдсан байна. 

Үзэгчдийн талаас гэвэл хот бүр өөр өөрсдийн гэсэн Covid-19-ийн үеийн дүрмээр зохицуулж байгаа. Заавал вакцин шаардахгүй хэдий ч аль ч хотод байсан маск зүүх шаардлагатай гэдгийг зохион байгуулагчдын зүгээс анхааруулж байна. 

Мөн цар тахалтай холбоотойгоор шигшээ багуудыг нэмэлт гурван тамирчин дуудах буюу 26 тамирчинг дуудах боломжийг өгч байгаа гэдгээрээ бусад тэмцээнүүдээс ялгарч байна. 

Европын аваргын тэмцээнийг дагасан шүүмжлэлт асуудлууд

11 өөр улсын 11 хотод явагдаж байгаа нь онцлог боловч нөгөө талаар маш олон асуудлыг дагуулж байна. Хамгийн хол хотуудын хоорондын зай нь Сэвилъягаас Баку орох зай бөгөөд энэ хооронд 4,766 км юм. Тэр утгаараа багууд болон үзэгчид хол зайтай маш олон нислэгүүдийг хийх шаардлага үүсч байгаа ба үүнээс шалтгаалан хүлэмжийн хий ялгаруулалт ихэсч дэлхий уур амьсгалын өөрчлөлтөд үлэмж нөлөө үзүүлнэ гэгдэж байна. 

Энэ тал дээр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг мэргэжилтнүүд маш өндөр шүүмжлэлтэй хандаж байгаа юм. “Бид гадагшаа гараад хэдүүлээ яаж эх дэлхийдээ сөрөг нөлөө үзүүлсэн тэмцээн зохиох вэ гэж байгаатай ялгаа алга” хэмээн "New Weather" институцийн ерөнхийлөгч Андрю Симмонс онцолсон байна. 

Түрүүлэх магадлалыг тодорхойлох нь 

Тэмцээний гол фаворитоор олон нийтийн дунд Францын шигшээ баг толгой цохиж байна. Шигшээ багийн нөөц, лидер тамирчдын форм, гол тоглогчид ид үе дээрээ байгаа зэрэг үзүүлэлтээр яахын аргагүй онцлох багаар Франц нэрлэгдэж байгаа. Гэвч аналистуудын өнцөг, дата үзүүлэлтийн таамаг зэргээр Францыг давах хэмжээний багууд байгаа гэдгийг онцолъё. 

Дэлхийн хамгийн шилдэг энтертайнмэнт дата анализ гаргагч "Gracenote"-ийн таамгаар Бельги болон Английн шигшээ багууд хамгийн өндөр хувьтай буюу 14%-тайгаар түрүүлэх магадлалаар тэргүүлж байна. 

Харин спортын салбарт алдартай статистикийн байгууллага "Opta"-ийн үзсэнээр Английн шигшээ баг түрүүлэх магадлалаараа 9-р байранд жагсаж байна. "Opta"-ийн "TheAnalyst" медиагийн тус үзүүлэлтээр Францын шигшээ баг 20.5%-тайгаар тэргүүлсэн бол Бельги 15.7%-тай, Испани 11.3%-тайгаар ард нь бичигдсэн аж. 2018 оны дэлхийн аваргууд хуучин бүрэлдэхүүн дээрээ нэмээд удаан хугацаанд шигшээдээ тоглоогүй Карим Бэнзэмагаа эргүүлэн дуудсан нь тэдний хувьд маш том нэмэлт хүч болж байгаа билээ. 

"Gracenote"-ийн AI таамаглалаар: 1. Бельги (14%), 2. Англи (14%), 3. Франц (12%), 4. Испани (10%), 5. Итали (9%)

"TheAnalyst"-ийн AI таамаглалаар: 1. Франц (21%), 2. Бельги (16%), 3. Испани (11%), 4. Герман (10%), 5. Португал (10%)

Оролцож буй 24 багийн хамгийн гол 1 мэдээллийг 1 өгүүлбэрээр илэрхийлэх нь

А ХЭСЭГ: 

Турк: Шигшээдээ дуудагдаад буй 36 настай Бурак Илмаз энэ оны 3 сард дэлхийн аваргын урьдчилсан шатанд Нидерландын шигшээ багийн эсрэг хеттрик хийж багаа хожилд хөтөлсөн.

Итали: Италийн шигшээ баг 2018 оноос хойш хожигдол амсаагүй. 

Швейцарь: 2009 оноос эхлэлтэй Швейцарийн залуу бүрэлдэхүүн 2018 оны тэмцээнээр эцэс болсон бөгөөд энэ тэмцээнд бид олон шинэ нэрсийг харна.

Уэльс: Өмнөх Европын аваргаар шилдэг дөрөвт үлдэж чадсан Уэльсээс гол тоглогчдын нэг Аарон Рамси бэртэлтэй байгаа нь тэдний амжилтын магадлалыг бууруулж байна.

B ХЭСЭГ:

Бельги: Бельгийн шигшээ багийн гол хоёр тамирчны нэг Эдэн Азар 2018 онд Реал Мадридад нэгдсэнээсээ хойш 11 удаа бэртэл авсан нь түүний Реалын төлөө оруулсан гоолоос (9 гоол) нь ч их үзүүлэлт юм. 

Дани: "Opta"-ийн дата үзүүлэлтийн AI таамгаар Данийн шигшээ багийн хасагдах шатанд шалгарах магадлалыг 81%-тай гэж тооцоолжээ. 

ОХУ: Тактикийн хувьд маш хувьсамтгай орж буй ОХУ-ын баг сүүлийн гурван тоглолтонд таван өөр хувилбарыг туршсан байна.

Финланд: Финландын шигшээ багийн бүрэлдэхүүний суурийг 2009 оны 21-ээс доош насны Европын аваргад хамт оролцсон тамирчид бүрдүүлж байна.

C ХЭСЭГ: 

Нидерланд: Хүчирхэг бүрэлдэхүүнтэй Нидерландын гол тоглогчид болох Ван Дик болон Ван Дэ Бэк нар бэртлийн улмаас энэ тэмцээнийг өнжиж байгаа. 

Украйн: Урьдчилсан шатанд өмнөх тэмцээний аварга, хүчирхэг бүрэлдэхүүнтэй  Португалтай нэг хэсэгт орсон бөгөөд Португалын дээр бичигдэж эрхээ авсан нь Украйныг ямар хүчтэй байгааг харуулна.

Австри: Давид Алаба, Марсел Сабитцер зэрэг шилдэг тоглогчдоор ахлуулсан Австрийн шигшээ баг таван жилийн өмнө мөн өндөр үнэлэгдэж байсан ч хэсгээсээ шалгарч чадаагүй. 

Хойд Македон: Анх удаа Европын аваргад оролцож буй Хойд Македон урьдчилсан шатанд Германы эсрэг хариу тоглолтондоо ялалт байгуулж сенсаци дэгдээсэн билээ.

D ХЭСЭГ: 

Англи: Английн шигшээ багийн хэсгийн тоглолтуудаа нутагтаа хүлээн авахаас гадна, тэмцээний финалын шатны тоглолтууд мөн Уэмбли цэнгэлдэхэд буюу талбайд нь явагдана гэдэг тэдний хувьд маш том давуу тал болж байна. 

Хорват: 2018 оны дэлхийн аваргын дэд байрын эзэд болсон Хорватын бүрэлдэхүүнээс маш олон тоглогчид зодгоо тайлсан. 

Чех: Чехийн шигшээ баг урьдчилсан шатны тоглолтуудад хамгийн их агаарын дуэл (хоёр давхрын тоглолт) хийсэн багаар тодорсон. 

Шотланд: Эцсийн мөчид сэтгэл хөдөлгөм байдлаар Европын тэмцээний эрхээ авсан Шотландын тамирчид ихэнх нь клубтээ гараанд тогтмол гарсан. 

E ХЭСЭГ: 

Испани: Багийн лидер тамирчин Сэрхио Рамос шигшээ багтаа дуудагдаагүй боловч Франц гаралтай Лапортэ Испанийн иргэншил аван шигшээдээ дуудагдсан нь давуу тал болж байна. 

Швед: 2018 онд маш чанартай тоглолтыг үзүүлсэн Шведийн шигшээ багт Златан Ибрахимович эргэн ирсэн ч бэртлийн улмаас энэ тэмцээнд оролцох боломжгүй болсон. 

Польш: Роберт Левандовски, Питр Зилински зэрэг сүпэр тоглогчидтой байгаа ч мэргэжилтнүүдийн үзэж буйгаар тактикийн хувьд Польш сул баг хэмээн шүүмжлүүлж байгаа. 

Словак: Хоёр Ирландыг хоёуланг нь плэй-офф шатанд хожиж гарч ирсэн Словакийн шигшээ багаас ахлагч, лидер Марэк Хамшик бэртэлтэй байгаа нь асуудал болоод байна.

F ХЭСЭГ: 

Франц: Кантэ, Погба, Гризманн, Лорис, Бэнзэма, Варан, Дэмбэлэ энэ нэрнүүд 2016 оны Европын аваргад финалдсан, 2018 оны дэлхийн аваргад түрүүлсэн Францыг ямар хүчтэй болохыг хангалттай нотолно. 

Герман: 2018 дэлхийн аваргын бүтэлгүйтлийн дараа залуу хүчээр эргэн ирж буй Герман урьдчилсан шатанд Испанид 6-0-ээр хожигдож, Хойд Македонд 2-1-ээр хожигдсон нь эргэлзээ төрүүлж байна. 

Унгар: Идэвхтэй прессингээрээ багуудыг айлгаж буй Унгарын шигшээ баг эцсийн мөчид Исландын шигшээ багийг хожиж тэмцээний эрхээ авсан. 

Португал: 2016 оны Европын аварга Португал бүр илүү хүчтэй бүрэлдэхүүнтэйгээр ирж байгаа бөгөөд Бундес лигт Эрлинг Холандаас ч их гоол оруулсан Андре Силва сэлгээнд сууна гэж бодоход л бүрэлдэхүүн ямар хүчтэй байгаа нь тодорхой харагдана. 

Newmeta - Э.Ганбаатар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж