УИХ-ын чуулганы Баасан гаригийн хуралдаанаар Нийгмийн даатгалын шимтгэл /НДШ/-ийг хоёр хувиар нэмэхгүй байх хуулийн төслийг батлав. Хуулийн хэрэгжилт энэ оны долдугаар сарын 1-нээс хэрэгжих юм. Энэ талаар УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг мэдээлэл хийлээ. Тэрбээр,
-УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын шимтгэлд өөрчлөлт оруулах төсөл болон Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. Хуулийн төсөл долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлбэл ажил олгогч болон даатгуулагч, сайн дурын даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл тус бүр нэг хувиар буурч 8.5 хувиар даатгалын шимтгэлээ төлөхөөр болж байна. Мөн төрийн албан хаагчид НДШ-ийг 9.5 хувиар төлж байсан бол долдугаар сарын 1-ээс 8.5 хувиар төлөхөөр болж байна.
Өөрөөр хэлбэл, ажил олгогч, даатгуулагч, сайн дурын даатгуулагч, төрийн албан хаагч бүгд ижил НДШ-ийн 8.5 хувийн шимтгэл төлнө. Ингэснээр Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг аж ахуйн нэгж болон ажилтнуудын дарамт буурна. Гэхдээ Нийгмийн даатгалын сангийн алдагдал өсөх эрсдэлтэй тул Засгийн газраас 94 тэрбум төгрөгийг гаргах юм.
Энэ мөнгийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайдын багцаас шийдвэрлэнэ. Цаашид Нийгмийн даатгалын тухай багц хуулийг УИХ-ын хаврын чуулганаар өргөн барьж УИХ-ын намрын чуулганаар батлуулах бодлоготой ажиллаж байна. Учир нь, нийгмийн даатгалын тогтолцоог өөрчлөн сайжруулж байж НДШ-ийг төлдөг хувь хэмжээг өргөжүүлэх, тэтгэврээ тогтоолгохдоо сонголттой байх, олон давхар тогтолцоонд шилжих, хувийн нийгмийн даатгалын тогтолцоог бүрдүүлэх зэрэг шинэ реформ хийх нь хуулийн төслөөр орж ирэх юм гэлээ.
Холбоотой мэдээ