Киевийн хэлэлцэж буй шинэ хуулийн төслийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ихэд шүүмжилж, эсэргүүцсэн байр сууриа илэрхийлжээ.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийн өнгөрсөн дөрөвдүгээр сард анх танилцуулсан энэхүү хуулийн төсөл Украины уугуул иргэдийг тодорхойлох зорилготой аж. Тус хуулийн дагуу бол Украины уугуул угсаатнуудын нийгмийн статус дээшлэх бөгөөд Крым хойгийн татарууд, Карайтын еврейчүүд, крымчакчууд гэх мэт угсаатнуудыг ялган таниулах юм байна. Түүнээс гадна шинэ хуулийн төсөлд дурдсанаар орон даяар тархан суурьшсан олон угсаатныг тухайн нутагтаа үе дамжин аж төрснийг үл харгалзан Украины уугуул иргэд биш хэмээн тооцох гэнэ. Ингэснээр олон зууны туршид Украины зарим газар нутагт үе дамжин амьдарсан түүхээсээ үл хамааран Беларусь, Молдав, Польш, Орос гаралтай хүмүүс Украины уугуул иргэд биш болох аж.
Харин Владимир Путин телевизэд ярилцлага өгөхдөө энэ талаар “Би энэ хуулийн төслийг дэмжихгүй байгаа. Орос гаралтай хүмүүсийг уугуул иргэд биш гэж үзэх нь буруу зүйл. Энэ бол маш инээдэмтэй, тэнэг хэрэг. Хүмүүсийг уугуул, уугуул биш хэмээн ялгах нь нацист Германд иргэдийг нэг, хоёрдугаар зэрэглэлийн хэмээн ангилж байсантай агаар нэг байна. Цус холилдсон хүмүүс тэгээд яах болж байна? Зеленский өөрөө ч еврей удамтай. Тэгээд жинхэнэ Украин уугуул иргэд нацистын жинхэнэ ари үндэстнүүд шиг тахин шүтэгдэх юм уу?” гэж ярьжээ.
Эх сурвалж: RT.COM