ХӨСҮТ: Монголд Covid-19 халдвараар дахин өвдсөн тохиолдол байхгүй

Хуучирсан мэдээ: 2021.06.11-нд нийтлэгдсэн

ХӨСҮТ: Монголд Covid-19 халдвараар дахин өвдсөн тохиолдол байхгүй

ХӨСҮТ: Монголд Covid-19 халдвараар дахин өвдсөн тохиолдол байхгүй

Covid-19 халдварт өртөж эдгэсэн иргэн дахин өвдөж эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээллийг зарим хэвлэл мэдээлсэн. Тодруулбал, Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт өнгөрсөн тавдугаар сарын 22-нд Covid-19 халдварын онош нь батлагдсан 45 настай эрэгтэй 10 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд гарчээ. Улмаар энэ сарын 10-нд амьсгалын дутагдалд орж, халуурсан оноштой аймгийн нэгдсэн эмнэлэгт дахин хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тухайн иргэний  хувьд  эмнэлэгт Covid-19 халдварын хүнд хэлбэр болон бусад архаг суурь өвчний /зүрхний төрөлхийн гажиг, анхдагч уушгины даралт ихэсдэг хүнд зэрэг, ЦЭА “B” элэгний архаг үрэвсэл дунд идэвхжилттэй /хүндэвтэр хэлбэрийн оноштой аж. Энэ талаарх мэдээллийг Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-өөс үгүйсгэв. Тус төвийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны тархвар судлаач АУ-ны доктор Э.Тэмүүлэнгийн өгсөн мэдээллээр өнөөдрийн байдлаар Монгол Улсад Covid-19 халдвараас эдгэсэн ч дахин өвдсөн тохиолдол бүртгэгдээгүй байна.

Тэрбээр “Covid-19 халдварын онош батлагдснаас хойш арав хоногийн хугацаанд эдгэсэн ч  вирус цуснаас гүйцэт гарахгүй.

Тухайн хүн архаг суурь өвчтэй, бие муутай учраас өвчин нь бүрэн эдгээгүй болохоос дахин Covid-19 халдварт өртсөн гэж харахгүй байна. Гэхдээ эмчилгээг дутуу хийнэ гэсэн асуудал, ойлголт байхгүй. Covid-19 халдварын эсрэг өвөрмөц эмчилгээ байхгүй. Хүний дархлаа, биеийн ерөнхий байдлыг дэмжиж, хавсарсан халдварт өвчлөлүүдийг эдгэрүүлэх замаар эмчилнэ. Дархлаа сайн бол вирус идэвхгүй болдог.

Тиймээс хавсарсан архаг суурь өвчтэй, өндөр настай, дархлааны ямар нэгэн эмгэгтэй хүмүүсийн цусанд вирус удаан хугацаанд байна. Хүмүүсийн 90 гаруй хувь нь дархлаа хэвийн учраас халдвартай байх хугацаа нь дунджаар 10 хоног. Үүнээс 14-өөс дээш хоногийн хугацаанд бусдад халдварлуулах эрсдэл байхгүй. Өөрөөр хэлбэл, Covid-19 халдварт өртсөнөөс хойш  10 хоногийн хугацаанд бусдад халдвар тараах эрсдэлтэй гэсэн үг юм.

Гэхдээ тухайн хүн 10 хоног эмчлүүлээд эдгэсэн ч  PCR шинжилгээний хариу нь эерэг гардаг. Энэ нь Covid-19  үржих чадваргүй болсон ч вирусийн удмын материал цусанд эргэлдэж байдаг гэсэн үг. Өөрсдөө үржих чадваргүй, өвчин үүсгэх чадваргүй вирус цусанд эргэлддэг гэсэн үг. Иймд Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэн 10 хоногт бүрэн эдгээгүй байхад PCR шинжилгээ авбал хариу нь эерэг гарна. Үүнийг дахин халдварт өртлөө гэж буруу тайлбарлаж байна.

Гэхдээ халдвар мутацид орсон тохиолдолд дахин халдварт өртөх эрсдэл байгаа ч дэлхий дахинд маш цөөхөн бүртгэгдсэн. Монгол Улсад Covid-19 халдвараас эдгэсэн иргэн дахин өвдсөн тохиолдол бүртгэгдээгүй. Хэрэв эдгэснээс хойш зургаагаас дээш сарын дараа Covid-19 халдварын онош батлагдвал дахин халдвар авсан байна гэж үзнэ. Харин 10 хоногт халдвар авах тохиолдол байхгүй” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж