“Гай газар дороос, гахай модон дотроос” хэмээх үг Монгол ардын зүйр цэцэн үгэнд бий. Хаа нэгтээ эд зүйлсээ гээж, чухал бичиг баримтаа хаях тохиолдол бидний амьдралд бишгүй тохиолддог. Тэгвэл та өөрийнхөө санхүүгийн гол зэвсэг болох банкны картаа хаячихвал яах вэ? Картаа хаяж үрэгдүүлэх болон бусдад дамжуулах, нууц үгээ ил хэлэх зэргээс болж санхүүгийн алдагдал хүлээх тохиолдол гарч болно. Алдаж болно, алдаанаасаа суралцах нь чухал гэдэг дээ. Иймд карттай холбоотой таны мэдэх ёстой бүхнийг энэхүү нийтлэлд нэгтгэлээ.
- Картын идэвхгүй төлөв
Картаа алдсан тохиолдолд яаралтай банктайгаа холбогдож, идэвхгүй төлөвт шилжүүлэх хэрэгтэй. Ингэхдээ заавал дуудлага хийх шаардлагагүй, өөрийн аппликэйшн дээрээсээ хэдхэн товч дараад л шийдэх боломжтой. Бүх тохиргоог өөрөө хийж болно гэсэн үг. Үүнийг бичигч би вээр, нэг удаа түрийвчээ хулгайд алдаж, картаа хаалгахаар банк руу залган хариу хүлээхдээ утасны цаад үзүүрт сулхан сонсогдох дуудлагын чимээг амьсгаа даран чагнаж, картыг минь авсан хулгайчаас урьтах гээд сандарч байсан нь одоо ч сэтгэлд тодхон бууж байна. Харин танд одоо утсаар залгаж цаг алдах хэрэг гарахгүй нь. Учир нь гар утсан дахь ХААН Банкны аппликэйшнийхээ “Карт -> Дебит/Кредит карт” цэс рүү хандаж, өөрийн “идэвхгүй” төлөвт шилжүүлэх картаа сонгон “Төлөв өөрчлөх” товчийг дарж идэвхгүй болгох боломжтой. Энэ аргыг зөвхөн картаа хаясан үед гэлгүй, хэн нэгэнд картын мэдээллээ алдсан байж болзошгүй үед ч мөн ашиглаарай. Идэвхгүй төлөвтэй картнаас хэн ч, хэзээ ч мөнгө гаргаж авч чадахгүй.
- Нууц дугаараа нууцлах
Банк яагаад танд картын пин кодоо нууцлахыг сануулдаг вэ? Өмнө нь энэ тухай бишгүй олон зааварчилгаа, санамж үзэж байсан байх. Харин цаана нь ямар шалтгаан байгааг анзаарч байсан уу? Яагаад гэвэл, таны картан дээрх мэдээллийг мэдэж байгаа хэн нэг этгээд дансан дахь мөнгийг тань онлайн худалдан авалтад ашиглах боломжтой. Картаа бусдад дамжуулах, дэлгүүр, үйлчилгээний газарт нууц үгээ ил хэлэх зэрэг нь мэдээллээ алдах эрсдэл дагуулдаг. Тодорхой жишээ дурдъя л даа. Та байнга үйлчлүүлдэг зоогийн газартаа өчигдөр үйлчлүүлээд гарахдаа картаа зөөгчид нь өгөөд явуулжээ гэж бодъё. Тухайн үед танд юу ч мэдэгдээгүй, бүх зүйл хэвийн байсан. Харин маргааш нь таны картаар онлайн худалдан авалт хийсэн тухай мэдээлэл и-мэйлээр тань ирнэ. Тогтмол үйлчлүүлдэг зоогийн газартаа яаран хандсан ч өмнөх өдөр нь танд үйлчилсэн зөөгч ажлаасаа хэдийнэ гарчихсан байв. Зоогийн газрын зүгээс танаас уучлалт гуйгаад л өнгөрлөө. Энэ мэт эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд л картын мэдээллээ нууцлах, олон нийтийн газар ил хэлэхгүй байхыг зөвлөдөг. Харин эдгээр зөвлөгөөг дагаж, өөрийн аюулгүй байдалдаа анхаарах нь таны сонголт болон үлдэж байна.
- Картаа бусдад дамжуулах нь үнэхээр аюултай гэж үү?
Таныг АТМ-аар үйлчлүүлж байхад хэн нэгэн “Картаа гэртээ орхиод гарчээ, дансаар тань мөнгө дамжуулаад авъя”, “Яаралтай мөнгө шилжүүлээд өгөөч” гэх зэргээр асууж байсан уу? Эсвэл та одоо болтол АТМ ашиглаж сураагүй, хэн нэгнээс дээрхийн адил гуйдаг юм биш биз? Хэдийгээр бид “Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос” хэмээн бусдад туслахыг хүсдэг ч гэлээ зөв цагтаа, зөв хүндээ тусалж чадаагүйн улмаас аливаа гэмт хэргийн холбогдогч, хохирогч болох эрсдэл гардаг. Хэн нэгнээс залилсан мөнгөө таны дансаар дамжуулан авч, өөрсдийн ул мөрөө баллах гэсэн гэмт хэрэгтний оролдлого ч байж болох юм. Иймд аль болох өөрийн картыг бусдад дамжуулахгүй байх, хэн нэгэнд АТМ-аас бэлэн мөнгө гаргаж өгөхгүй байхад анхаараарай.
- C-V (Си Ви) код гэж юу вэ? Яагаад нууцлах ёстой вэ?
Та өмнө нь картаараа онлайн худалдан авалт хийж байсан уу? Хэрэв тийм бол энэ CV кодыг юунд ашигладаг болохыг мэдэж таарна. Онлайн худалдааны сайтууд картынхаа 16 оронтой дугаар, дуусах хугацаа, карт эзэмшигчийн нэрээ оруулахаас гадна картын ард тэмдэглэсэн гурван оронтой тоог оруулж, картаа баталгаажуулахыг танаас шаарддаг. CV гэх хоёр үсэг нь Card Verification буюу картын баталгаажуулалт гэсэн утгатай. Чухамдаа таны карт өөрт тань байгаа эсэхийг баталгаажуулж буй нэг алхам юм. Гэтэл дээр дурдсан олон жишээний нэгээс болж та картын мэдээллээ алдчихсан бол гэмт хэрэгтнүүдэд энэ алхмыг хөнгөхөн давах боломж олгочихож байгаа юм. Нэгэнт онлайн худалдааны тухай бичсэнийх, онлайн худалдаа хийхэд шаардлагатай И-пин кодын тухай мөн мэдээлэл хүргэе. И-пин код гэдэг нь дотоодын онлайн худалдан авалт хийхэд давхар асуудаг 4 оронтой нууц код бөгөөд энгийн гүйлгээний пин кодоос өөр байдаг. Үүнийг ч мөн өөрийн ХААН Банкны аппликэйшнээр дамжуулан “Карт -> Дебит/Кредит карт” цэсээр орон тухайн гүйлгээ хийх гэж буй картаа сонгон “И-пин код авах” товчин дээр дарснаар шууд авах боломжтой байдаг.
- Картаа гэртээ хүргүүлээд авч болно
Картаа хаясан тохиолдолд бидэнд шинээр захиалж авах хэрэгцээ тулгардаг. Харин карт шинээр захиалах нь алга урвуулахын чинээ хялбар болсныг мэдэх үү? Дээр дурдсанчлан карт захиалахад ч мөн банкны салбарт очих, утсаар захиалга өгөх шаардлагагүй болсон. Та өөрийн ХААН Банкны аппликэйшнийхээ “Карт” цэсээр дамжин тухайн хаясан картаа сонгоод “Тохиргоо” хэсгийн “Нөхөн авах” товчийг ашиглаад тэр картаа авч болно. Эсвэл өөр карт захиалах бол “Карт захиалга” товчийг даран карт захиалах дансаа сонгон, төрлөө тохируулж, хүлээн авах хаягаа оруулснаар шуудангаар хүргэлтийн төлбөр төлөлгүй хүлээн авах боломжтой.
Холбоотой мэдээ