НЭМЭЛТ:
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуульд олонхын санал авсан У.Хүрэлсүхийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох асуудлыг хэлэлцэв. Үүний өмнө СЕХ-ноос сонгуулийн дүнг нэгтгэн УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн билээ.
Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хууль батлахыг байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүний 12 нь дэмжив.
У.Хүрэлсүхийн тангараг өргөх ёслолыг 2021 оны зургадугаар сарын 25-ны өдөр тогтож, 11:45 цагт тангараг өргүүлэхээр тогтов.
Шинэ Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх болон тангараг өргөх тов тогтоох тухай асуудлыг УИХ-ын чуулганаар эцэслэн батална. Чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 14:00 цагт товлогдсон билээ.
2021 оны Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан УИХ-ын гишүүд СЕХ-ны дарга П.Дэлгэрнарангаас асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:
-Хэдийгээр бид цар тахалтай нүүр тулсан ч Ерөнхийлөгчийн сонгуулийнхаа ард гарлаа. Энэ жилийн сонгууль тайван даруухан болж өнгөрлөө.Өмнө нь бол өрсөлдөгч нараа харлуулах, удам угсаа, яс үндсээр нь ярьж пижигнэж өнгөрдөг байлаа. Болсон болоогүй бичлэг тараагаад л нэгнийгээ харлуулах зүйлгүй тайван сонгууль боллоо. Сонгогч нар ч надтай адилхан бодож байгаа байх. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн явуулах сонгуулийн хуулийг шинээр баталж гаргасан. Ингэж хэлэлцэж батлахдаа хяналтын тооллогыг 100 хувь гараар тоолохоор хуулийн төсөлд тусгаж өгсөн. Өчигдөр цахим хуудсанд саналын зөрүүтэй байсан гэх мэдээлэл тархсан. Энэ талаар СЕХ-ны даргаас тодруулмаар байна. Улсын хэмжээнд хар машины тооллого, гараар тоолсон хооронд ямар нэгэн зөрүү гарсан уу. Зөрүү гарсан бол хэр хэмжээний зөрүү гарав.
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран:
-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд орсон гол өөрчлөлт нь бүх хэсгийн хороонд хяналтын тооллогыг гараар 100 хувь тоолохоор тусгагдсан. Үүнийг зохицуулсан журмыг СЕХ-оос гаргасан. Үүний дагуу 2087 хэсгийн бүх хороонд гар тооллогыг хийхэд сонгуулийн автоматжуулсан системийн дүнтэй нэг ч санал зөрөөгүй. Энэ хоёр дүн 100 хувь таарсан. Хакердсан гэх зүйл байхгүй.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль
95 дугаар зүйл.Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг хэлэлцэх
95.1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхын санал авсан нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэх тухай асуудлыг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш ажлын 5 өдрийн дотор Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлаар дүгнэлт гаргана.
95.2.Нэгдсэн хуралдаан Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлт гарснаас хойш ажлын 5 өдрийн дотор хэлэлцэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай хуулийг дараах журмаар гаргана:
95.2.1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн дүнгийн тухай Сонгуулийн ерөнхий хорооны даргын илтгэлийг сонсох;
95.2.2.Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг сонсох;
95.2.3.Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар ил санал хураалт явуулах;
95.2.4.Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхын санал авсан нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн тухай хууль гаргах.
95.3.Төрийн байгуулалтын байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд гишүүд Сонгуулийн ерөнхий хорооны даргын илтгэл, Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно.
УИХ Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай хууль баталснаас хойш 30 хоногийн дотор тангараг өргүүлэх хуулийн зохицуулалттай. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 5.1-т "Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч нь Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргаснаас хойш З0 хоногийн дотор Улсын Их Хуралд Үндсэн хуулиар тогтоосон тангараг өргөнө" хэмээн заасан байдаг.
НЭМЭЛТ: 12.15 цаг
УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр /2021.06.11/ Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран болон Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн дүнг өргөн барив.
Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн дүнг хэлэлцэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн долдугаар зүйлийн 7.4.7, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг үндэслэн шийдвэр гаргалаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд оролцож саналаа өгсөн нийт 1,216,246 сонгогчдын олонхын буюу 823,326 /67.69 хувь/ санал авсан Монгол Ардын Намаас нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон шийдвэрийг гаргасан талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга танилцуулав.
Одоо Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнтэй холбоотойгоор хамгийн олон санал авсан У.Хүрэлсүхийн сонгогдсон тооцож, тангараг өргөх хуулийг УИХ гаргах бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж байна.
СЕХ: МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР У.ХҮРЭЛСҮХИЙГ СОНГОГДСОНД ТООЦОВ
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн дүнг хэлэлцэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.7, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг үндэслэн шийдвэр гаргав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд оролцож саналаа өгсөн нийт 1.216.246 сонгогчдын олонхийн буюу 823.326 /67.69 хувь/ санал авсан нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон шийдвэрийг гаргалаа. Уг шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн дүнгийн хамт танилцуулж байна.
Холбоотой мэдээ