Монголбанкны Зээлийн мэдээллийн албаны дарга С.Ганбаяртай ярилцлаа.
-УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн тавдугаар сарын 28-нд 71 мянган иргэн болон аж ахуйн нэгжүүдийг нэг удаа цагаатгах талаар мэдээлсэн. Төв банкнаас тэдгээр иргэн, аж ахуйн нэгжүүдэд хоёр шалгуур тавьсан. Өнөөдрийн байдлаар энэ хоёр шалгуурыг хангах хэчнээн иргэн, аж ахуйн нэгж байна вэ?
-УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн тавдугаар сарын 28-нд 71 мянган иргэн болон аж ахуйн нэгжүүдийн зээлийн түүхчилсэн лавлагаанд тодорхой хэмжээний тохируулга хийх замаар дэлхий нийтийг хамарсан Covid-19 цар тахлын сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгийг тогтворжуулах, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, банк, санхүүгийн салбарт хуримтлагдсан эрсдэлийг бууруулах боломжтой талаар мэдэгдсэн. Тус мэдэгдэлтэй холбогдуулан Монголбанкнаас 2021 оны зургадугаар сарын 2-ны өдөр дараах хоёр нөхцөлийг зэрэг хангасан иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн мэдээллийг зээлийн мэдээллийн лавлагаанд тусгахгүй байх нэг удаагийн шинж чанартай арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн. Үүнд:
- Зөвхөн нэг хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн түүхтэй;
- Тухайн хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээл 2021.07.01-ний өдрийн байдлаар бүрэн төлөгдсөн байх.
Урьдчилсан судалгаагаар дээрх хоёр нөхцөлийг зэрэг хангаж буй 65105 иргэн, 2428 аж ахуйн нэгжийн зээлийн лавлагаанд тохируулга хийхээр байна. Монголбанкнаас шат дараатайгаар дээрх арга хэмжээг авч байгаа бөгөөд эцсийн тохируулгууд 2021 оны долдугаар сарын 01-ний өдөр хийгдэж дуусна. Одоогийн байдлаар 40.0 орчим мянган иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн мэдээллийн лавлагаанд тохируулга хийгээд байна. Ингэснээр эдгээр иргэн, аж ахуйн нэгж зээлийн сайн түүхчилсэн лавлагаатай болж байна.
-Монголд бүртгэлтэй 100 мянган аж ахуйн нэгж байгууллагын 95 хувь нь жижиг, дунд бизнес эрхэлдэг бөгөөд цар тахалд хамгийн хүчтэй өртсөн, улмаар 74 хувь нь санхүүгийн хувьд хүндрэлтэй нөхцөл байдалд орсон учраас дээрх хоёр шалгуурыг хангах нь цөөн байна гэж эдийн засагчид хэлж байна. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Дэлхийн банкны 2019 оны судалгаагаар дэлхийн 190 орон өөрийн гэсэн зээлийн мэдээллийн тогтолцоотой бөгөөд нийтлэг дараах үндсэн хоёр үүргийг нийгэм эдийн засагт гүйцэтгэдэг. Нэгдүгээрт, иргэн, аж ахуйн нэгжийн санхүүгийн сахилга батыг хангуулах. Хоёрдугаарт, банк санхүүгийн салбарын зээлийн эрсдэлийг удирдах нөхцөлийг дээшлүүлэх замаар чанаргүй зээл хуримтлагдахаас сэргийлж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах. Иймд банк, санхүүгийн салбарын тогтвортой байдалд үзүүлэх сөрөг нөлөөг харгалзан үзэж, Covid-19 цар тахлын үед санхүүгийн хүндрэлд орсноос үүдэн зээлийн гэрээгээ нэг удаа л зөрчсөн иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн лавлагаанд өөрчлөлт оруулах нь тохиромжтой гэж үзсэн. Нөгөө талаар энэхүү арга хэмжээнд 2021 оны зургадугаар сард багтаан хугацаа хэтэрсэн зээл, өр төлбөрөө барагдуулсан иргэн, аж ахуйн нэгж хамрагдах боломжийг олгосон.
-Иргэд нэг сарын дотор мөнгө олоод, хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлээ дарна гэдэг бас хэцүү болов уу. Яг одоогийн байдлаар дээрх 71 мянган иргэн, ААН-ийн хэдэн хувь нь муу зээлийн ангиллаас гарах бүрэн боломжтой гэсэн урьдчилсан мэдээлэл байна уу?
-Одоогийн байдлаар 71.0 мянган иргэн, аж ахуйн нэгжийн 60 орчим хувь болох 40.0 орчим мянган иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн мэдээллийн лавлагаанд тохируулга хийгдсэн бөгөөд шат дарааллын ажил явагдаж байна. Иргэн, аж ахуйн нэгжүүд 2021 оны зургадугаар сард багтаан хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн үлдэгдлээ барагдуулсан тохиолдолд энэхүү арга хэмжээнд хамрагдан, зээлийн сайн түүхтэй болох боломжтой. Иймд урьдчилсан мэдээлэл өгөх боломжгүй байна.
-Зээлийн муу ангиллын жагсаалтаас гаргаснаар эдийн засагт үзүүлэх эерэг, сөрөг нөлөөлөл юу байх вэ?
-Монголбанкнаас гаргасан шийдвэрийн хувьд сөрөг нөлөөлөл гэхээсээ илүүтэйгээр дараах эерэг нөлөөг авчирна гэж үзэж байна. Үүнд:
- Иргэн, аж ахуйн нэгж зээлийн сайн түүхтэй болсноор санхүүгийн хүртээмж нэмэгдэж, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, цаашдаа сэргэлт авчрах идэвхитэй нэгж болж байна.
- Covid-19 цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж, цар тахлын дараах “Их сэргэлт”-ийг зорьсон цогц арга хэмжээний нэг хэсэг болж байна.
- Банк, санхүүгийн салбарын хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийг барагдуулах хөшүүрэг болж байгаа нь хуримтлагдсан эрсдэлийг бууруулах таатай нөхцөлийг бүрдүүлж байна.
-Өрхийн орлого ойрын хоёр жилдээ өсөхгүй гэж зарим шинжээчид дүгнэсэн. Ирэх долдугаар сараас өрхийн тог цахилгааны мөнгө, моргейжийн төлбөр гэх мэт зардлууд нэмэгдэнэ. Дээр нь үнийн өсөлт гээд тодорхой хүчин зүйлүүд нөлөөлөх нь тодорхой. Тэгэхээр Төв банкнаас тавьж буй хоёр шалгуур хэр оновчтой вэ гэж асуух хүн цөөнгүй байна. Та энэ талаар ямар хариулт өгөх вэ?
-Өмнө дурдсанчлан санхүүгийн салбарын тогтвортой байдалд үзүүлэх сөрөг нөлөөг харгалзан үзэж, Covid-19 цар тахлын үед бага зэрэг санхүүгийн сахилга батаа алдсан иргэн, аж ахуйн нэгжид чиглэж байна. Мөн Зээлийн мэдээллийн тогтолцооны эдийн засагт гүйцэтгэх үүргийг бас мартаж болохгүй. Иймд иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн мэдээллийг зээлийн мэдээллийн лавлагаанд тусгахгүй нөхцөлийг оновчтой тогтоосон гэж үзэж байна.
-Зээлийн муу ангиллын жагсаалтаас гарсан иргэдийн дахин зээл авах эрх долдугаар сарын 1-нээс нээгдэнэ гэж үзэж болох уу?
-Монголбанкнаас шат дараатайгаар дээрх арга хэмжээг авч байгаа бөгөөд эцсийн тохируулгууд 2021 оны долдугаар сарын 01-ний өдөр хийгдэж дуусна. Монголбанкнаас шийдвэр гарснаас хойш одоогийн байдлаар 40.0 орчим мянган иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн мэдээллийн лавлагаанд тохируулга хийгээд байна. Ингэснээр эдгээр иргэн, аж ахуйн нэгжүүд зээлийн сайн түүхчилсэн лавлагаатай болсон тул зээл болон бусад санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ авах боломж бүрдсэн гэж хэлэхэд болно.
Холбоотой мэдээ