Мьянмарын арми энэ оны хоёрдугаар сарын 1-нд цэргийн хүчээр төрийн эрх мэдлийг булаан авч, сонгуульд ялсан ардчилсан удирдагч Аун Сан Су Чиг хорьсон билээ. Түүнээс хойш Аун Сан Су Чиг олон хэрэгт буруутган шалгаж, олон төрлийн ял төлөвлөсөөр байгаа юм.
Тухайлбал, Аун Сан Су Чи хатагтайг бэлэн мөнгө, алт хэлбэрээр авлига авсан хэмээн буруутгаж байгаа бөгөөд хэрвээ гэм буруутайг нь нотолбол 15 хүртэл жил хорих ял оноох юм. Түүнээс гадна холбооны хэрэгсэл хууль бусаар импортолсон, олон нийтийг эмх замбараагүй байдалд турхирсан зэрэг зургаан хэрэгт түүнийг буруутгаж байгаа аж.
Тэрбээр хоёрдугаар сарын 1-нд гэрийн хорионд орсноосоо хойш олны өмнө гараагүй, дорвитой сураг ч дуулдаагүй билээ. Харин энэ долоо хоногт армийнхан Аун Сан Су Чиг 600 мянган ам.доллар болон долоон гулдмай алт авлига авсан хэмээн мэдэгдсэн байна. Мөн түүний Үндэсний ардчиллын лиг нам газар зарж их мөнгө олсон гэв.
Мөн эдгээрээс өмнө арми Аун Сан Су Чиг төрийн нууцтай холбоотой хууль зөрчсөн хэмээн буруутгаж байв. Тус хэрэгт 14 хүртэл жилээр хорих ял оноодог аж.
Мьянмарын арми өнгөрсөн онд болсон сонгуулийг будлиантай болсон хэмээн үзэж, хоёрдугаар сарын 1-нд төрийн эрх мэдлийг булаан авсан юм. Харин сонгуулийг ажигласан бие даасан ажиглагчид сонгууль эрх чөлөөтэй, шударга болсон бөгөөд Аун Сан Су Чиг улс төрийн шалтгаанаар буруушааж байна хэмээн дүгнэжээ. Мөн Аун Сан Су Чигийн өмгөөлөгч нар дээр дурдсан авлигалын хэргүүдийг үндэслэлгүй худал зүйл хэмээн няцаажээ.
Аун Сан Су Чигийн эсрэг нээсэн хэргүүдийг жагсаан харвал:
- Авлига авсан (15 хүртэл жилээр шоронд хорих ялтай)
- Төрийн нууцтай холбоотой хууль зөрчсөн (14 хүртэл жилээр шоронд хорих ялтай)
- Импорт, экспортын хууль зөрчин холбооны төхөөрөмж авсан (гурав хүртэл жилээр шоронд хорих ялтай)
- Харилцаа холбооны хууль зөрчин холбооны төхөөрөмж авсан (нэг хүртэл жилээр шоронд хорих ялтай)
- Үндэсний гамшгийн тухай хуулийг хоёр удаа зөрчсөн (гурав хүртэл жилээр шоронд хорих ялтай)
- Олон нийтийг эмх замбараагүй байдалд турхирсан (гурав хүртэл жилээр шоронд хорих ялтай)
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ