Банкны данс хулгайлах шинэ трожан вирус “бүтээжээ”

Хуучирсан мэдээ: 2010.08.12-нд нийтлэгдсэн

Банкны данс хулгайлах шинэ трожан вирус “бүтээжээ”

Английн нэр бүхий банкны олон мянган харилцагчид кибер гэмт хэрэгтнүүдийн бүтээсэн шинэ төрлийн трожан /троян ч гэдэг/ вирусны “ачаар” данснаасаа тус бүр 1000-3000 фунт стерлинг алджээ. Одоогоор тэрхүү банкны нэрийг олон нийтэд зарлаагүй бөгөөд хэрэгтэй холбогдох бүх баримт, мэдээллийг цагдаагийн газарт шилжүүлээд байгаа гэнэ.

Хакерууд тус банкны 3000 орчим данснаас нийт 675 мянга гаруй фунт стерлинг хулгайлсан байна. Зүүн Европ орчмоос халдсан энэхүү вэб дайралт өдгөө ч үргэлжилж байгаа талаар компьютерийн аюулгүй байдлын мэргэжилтнүүд ярьж байгаа юм. Тэд уг трожан вирусыг өмнө нь учирч байсан компьютерийн вируснуудээс хамгийн нарийн бүтэцтэй, аюултай нь хэмээн тодотгожээ. Түүнчлэн өнгөрсөн сараас эхэлсэн кибер гэмт хэргийг нэн даруй холбогдох мэргэжлийн хүмүүст мэдээлээгүй хэмээн банкны удирдлагыг буруутгаж байна.

Zeus v3 хэмээн нэрлэсэн трожан вирус хууль ёсны бүртгэлтэй вэбсайтуудаар тархаж, улмаар зар сурталчилгааны журмаар хэрэглэгчийн компьютерт халддаг аж. Нэгэнт компьютерт нэвтэрч чадсан бол тухайн хэрэглэгч онлайнаар банкны цахим хуудас руу орох хүртэл нуугдмал хэлбэрээр “амьдарсаар” байдаг гэнэ. Улмаар харилцагч нэвтрэх нэр, нууц үгээ оруулж, банкны хуудсанд нэвтэрч орсон л бол трожан вирус тухайн дансны бүх мэдээллийг хулгайлж, дансыг “хак”-дах болно.

Хэдийгээр трожан вирус хор хөнөөлтэй, шуналтай вирус боловч зөвхөн мөнгөтэй хүмүүсийн данснаас мөнгө хулгайлдаг байна. Өөрөөр хэлбэл, дансанд байршуулсан мөнгөн дүн 800 фунтээс их байвал вирус 1000-3000 фунтыг өөр нэг үл мэдэх данс руу шилжүүлдэг аж. Үүнээс гадна трожан тун ухаалаг. Тодруулбал, “баригдах”-аас зайлсийж, харилцагчийн хүсэлтээр банкны албан баримт гаргаж өгдөг гэнэ.

Мөн өнгөрсөн долоо хоногт өөр нэгэн компьютерийн аюулгүй байдал хариуцсан компаниас Британийн хэмжээнд 100 мянга гаруй компьютерт Zeus трожаны өөр нэг хувилбар нэвтэрсэн талаар мэдээлсэн байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж