ЭРСДЭЛҮҮДЭЭ нэгдүгээрт тавих цаг болжээ, эрх баригчид аа!

Хуучирсан мэдээ: 2021.06.11-нд нийтлэгдсэн

ЭРСДЭЛҮҮДЭЭ нэгдүгээрт тавих цаг болжээ, эрх баригчид аа!

ЭРСДЭЛҮҮДЭЭ нэгдүгээрт тавих цаг болжээ, эрх баригчид аа!

Сонгууль  дуусч, наадам хаяанд иржээ. Гэвч, Covid-19-гүй зун болохгүй шинжтэй,  хоногтоо мянга, мянгаараа халдварлаж, шинжилгээ өгсөн таван хүн тутмын нэг нь халдвартай болох нь батлагдсаар. Харамсалтай нь, дээрээ ч, доороо ч халдварын тархалтыг үл тоон сонгуульдаж, шагнал гардуулж, өнгөрсөн өдрүүдэд хөл хөөртэй байцгаав. Үүний үр дагавар нь удахгүй гарах байх.

Эмнэлгүүд нь өвчтөнүүдээр дүүрч, гэртээ өвдсөн иргэдийн эргэж тойрох, хяналт тавих албан газар, албан тушаалтан алга болжээ. Эмч, мэргэжилтнүүд нь туйлдаж, иргэд нь бухимдалтай, хямралтай байна. Энэ янзаараа наадмаа үзэгчтэй хийнэ гэдэг ч эрсдэлтэй.

Монголчууд энэ сарын 9-нд Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалтаа явуулж, зургаа дахь Төрийн тэргүүнээ сонголоо. Үнэмлэхүй ялалт байгуулсан МАНын нэр дэвшигч У.Хүрэлсүх ард түмний итгэлийг алдах ажиллахаа амалсан. Одоо амлалтдаа хүрч, цар тахалтай цаг алдалгүй тэмцмээр байна.  Эрх баригч Ардын намынхан ажилдаа анхаарах цаг иржээ. Засгийн газар хэдийгээр бүх нийтийн дархлаажуулалтад анхаарч ажиллаж байгаа ч, цар тахлын халдварыг хумиж чадахгүй байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хугацаа дуусахын өмнө өдөр өнжихгүй одон медаль тарааж байна. Үүнийг нь дагаад ч халдвар багагүй нэмэгдэв. Явж байгаа хүнд энэ бүхэн хамаагүй байж болох ч Төрийн тэргүүн хүн уг нь түмэн олныхоо эрүүл мэнд эрсдэлийг бодох ёстой.

Ерөнхийлөгчийн тарааж байгаа шагналаас болж Сүхбаатарын талбайд олон зуун хүн хөлхөлдөж бужигнах болсон. Түүнчлэн "ногоон бүс" болсон орон нутагт өдөрт 50, 50-иар халдвар бүртгэгдэж, халдварын улмаас хүүхэд нас барсан анхны тохиолдол бүртгэгдсэн. Нэр дэвшигчдийн сурталчилгаа эхлэхээс /2021.05.24/ өмнө  улсын хэмжээнд хоногт бүртгэгдэх халдварын тохиолдол 300 хүртлээ буурч байсан бол өдгөө Covid-19 халдвар өдөрт 1000 хол давж, нас баралт ч 300-г давлаа. Ерөнхийдөө сонгуулийн уулзалт, иргэдийн хэнэггүй байдал, вакцины хоёр дахь тунд хэт найдсан бодлого гээд олон хүчин зүйл халдвар ингэж тархахад нөлөөлөв.   “Сонгдо” эмнэлгийн Ерөнхий захирал,  зүрхний мэс заслын их эмч  Б.Болдсайхан эмчийн хэлснээр вирус хэнийг ч танихгүй. Тэрбээр “100 жилийн ой болох наадмаараа бүгд сайхан эрх чөлөөтэй, цэнгэл наадамтай байя гэж бодох юм бол вакцинаа хийлгээд хариуцлагатай байх ёстой. Хэчнээн баяр болоод, хэчнээн шагнал авлаа ч гэсэн үнсэлцэхгүй, хоёр метрийн зайд ойртохгүй, олноороо шавахгүй, гашуудал оршуулга болсон ч ингэхгүй байхыг л хичээх хэрэгтэй. Яагаад гэвэл вирус бол ойлгохгүй шүү дээ. Одоо аюултай гэснээ одон авахаар гайгүй болно, оршуулга юм уу овооны тахилга болохоор хүмүүс нь хамгаалагдна гэсэн ойлголт вируст байхгүй. Тийм болохоор ямар ч тохиолдолд хөдөө гадаа зугаалахдаа ч өөрсдийгөө хамгаалж яваарай л гэж хүсмээр байна” гэсэн юм.

 Хэн хүнгүй л маскаа тайлж, малгайгаа өмсөөд, харсан зүгтээ хязгаарлалтгүй аялах зуныг  хүссэн. Гэвч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн уриалсан шиг  Covid-19-гүй зун болох нь бүү хэл халдварын тархалтаа хэрхэн барих вэ гэдэг нь “толгойн өвчин”  болчихлоо. Вакцин хийлгэсэн хүн огт өвдөхгүй гэсэн үг биш. Гэтэл зарим нь бараг тэгж ойлгоод байх шиг. Харамсалтай нь, тийм бишээ гэдгийг  хоногт бүртгэгдэх халдварын тохиолдлууд баталж буй. Эрүүл мэндийн яамны өчигдрийн /2021.07.16/ээлжит мэдээллийн цагаар 1460 хүний сорьц эерэг гарч, Covid-19 халдварын улмаас 10 хүнээ бид зуурдаар алдлаа.  Тахалд 70 мянга гаруй хүн нэрвэгдэж, хоногт 5-10 хүн нас барсаар байна. Эмнэлэгт 7100 хүн эмчлүүлж, гэрийн хяналтад 7264 хүн байгаа бол өнөөдөр ч вакцинд огт хамрагдаагүй нэг сая хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, хоёрдугаар тундаа хамрагдаагүй нэг сая хүн  халдварын эрсдэл дунд байна.

Хүүхдийн өвчлөл нэмэгдэх болсон нь гол аюул болсон.  Ирэх намар танхимаар хичээллэх нь эрсдэлтэй хэвээр байна. Хүүхдээ хэрхэн вакцинжуулах вэ гэх асуулт эцэг, эхчүүдийн төдийгүй улс орнуудын тулгамдсан асуудал болжээ.  Уг нь наймдугаар сарын 15-наас танхимаар хичээл орно гэж эрх баригчид амлаад байгаа. Хоногийн тархалтаа бодоход, хоёр жил үүд нь хаалттай байсан сургууль цэцэрлэг нээгдэх боломжгүй байж мэдэхээр.

Тэгэхээр одоо улс төрийн хэрүүл, талцал, шагнал урамшуулал, баяр ёслолоо хойш тавиад эрүүл мэнд, эдийн засгийн ЭРСДЭЛҮҮДЭЭ нэгдүгээрт тавих цаг болжээ, эрх баригчид аа!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж