“Хүүхдийн дархлаажуулалтыг товломогц “Файзер”-ыг татан авна”

Хуучирсан мэдээ: 2021.06.11-нд нийтлэгдсэн

“Хүүхдийн дархлаажуулалтыг товломогц “Файзер”-ыг татан авна”

“Хүүхдийн дархлаажуулалтыг товломогц “Файзер”-ыг татан авна”

Хоногт батлагдах халдварын нийт тохиолдолд хүүхдийн эзлэх хувь 30 болж өссөн. Ийнхүү Covid-19 дархлаажуулалтад хамрагдаагүй  бүлэгт халдвар тархах эрсдэл нэмэгдэж байгааг Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллээр онцолсон. Тиймээс хүүхдийн вакцинжуулалтын талаар тус яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэгээс тодрууллаа.

-Сүүлийн өдрүүдэд Covid-19 халдвараар өвчлөх хүүхдийн тоо нэмэгдсээр  байна. Хүүхдийн вакцинжуулалтын ажлыг эхлүүлэх талаар ямар төлөвлөгөөтэй  ажиллаж байгаа вэ?

-Хүүхдийг вакцинд хамруулах талаар эрдэмтдийн баг судалж байгаа. Эцсийн шийдвэр бол албан ёсоор гараагүй байна. Хэрэв Монгол Улс 12-оос дээш насны нийт хүүхдийг сайн дурын үндсэн дээр “Файзер” вакцинд хамруулах шийдвэр гаргавал мэдээж богино хугацаанд татан авалт хийж, вакцинжуулах ажил эхэлнэ. Одоогийн байдлаар гадаадад хийгдсэн судалгааны ажлуудтай уншиж, танилцан эрдэмтдийн баг ажиллаж байгаа. Үүний дараагаар Улсын онцгой комисст танилцуулж Эрүүл мэндийн яам зэрэг холбогдох алба, нэгж хуралдаж, эцсийн шийдвэрийг гаргана.

Бидний зүгээс хүүхдүүдийг вакцинд хамруулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Олон улсын туршлагаас харахад хүүхдэд зөвхөн “Файзер” вакциныг хийж байгаа юм.

Тухайлбал, 12-16 насны хүүхдэд дархлаа 100 хувь тогтдог гэдгийг АНУ-ын судлаачид лабораторид тогтоожээ. Тиймээс Монгол Улс мөн ялгаагүй дээрх улс орны туршлагад үндэслэн, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгөх зөвлөмж, мэдээллийн дагуу хүүхдээ  вакцинд хамруулна. “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд 100 мянган тун “Файзер” вакцин татан авсан. Өнөөдрийн хувьд Covid-19 эсрэг “Файзер” вакциныг жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдэд хийж байгаа. Мөн тодорхой эмчийн заалттай хүмүүс тус вакциныг хийлгэж болохоор зохицуулалттай байна.

-АНУ, Израиль зэрэг оронд хүүхдийг дархлаажуулах ажлыг эрчимжүүлж байна. Манай улсад вакцины хуваарь хэзээ гарах вэ?

-Вакциныг хэдэн сарын хэднээс хийж эхлэх талаар албан шийдвэр гарсны дараа энэ асуудал яригдана. Хүүхэд судлалын салбар зөвлөлийнхний тухайд 12-оос дээш насны хүүхдэд вакциныг хийх нь зүйтэй гэдэг мэдээллийг өгсөн байгаа. Дотоодод энэ төрлийн судалгааг вакцин хийж эхлээгүй байгаа нөхцөлд хийх боломжгүй. Албан байдлаар АНУ, Канад, Израиль зэрэг улсууд хүүхдийг вакцинжуулж эхлээд байна. Эдгээр улсын вакцины судалгаатай танилцаж байгаа. Дотоодын эрдэмтэд, судлаачдын баг маань олон улсын тэдгээр материалуудтай танилцсаны дараагаар тус вакциныг хүүхдэд хийх болон товлолт хугацааг хэрхэн шийдвэрлэх хариу гарна гэсэн үг.

-Хэрэв ойрын хугацаанд хүүхдийн дархлаажуулалт эхэлбэл “Файзер” вакцины татан авалтыг хэрхэн хийхээр төлөвлөсөн бэ?

-Татан авалтыг яамнаас хариуцахгүй байгаа. Зарим улс орнууд нийт хүүхдээ вакцинд хамруулахаар татан авалтуудыг тогтмол хийж байна. Монгол Улсын хувьд мөн ялгаагүй цаг тухайд нь вакцинаа татан авах учраас нөөцийн хувьд санаа зовох шаардлагагүй гэж бодож байна.

Зургадугаар сарын 16-наас 250 тун “Файзер” вакцины эхний тунг татан авах ажлыг зохион байгуулна. Гэхдээ энэ бол хүүхдэд бус зорилтот бүлгийнхэнд хийх вакцин.

-Вакцины хүүхдэд нөлөөлөх гаж нөлөөллийг урьдчилсан байдлаар хэрхэн тооцоолж байгаа вэ?

-Бидний хэрэглэж буй вакцин бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөгдсөн, вакцинаас болж нас барна, эрсдэл үүснэ гэсэн ямар нэгэн асуудал байхгүй. Ерөнхийдөө вакцины дараах хариу урвал хүндрэл олон улсад 40 хувьтай байгаа бол Монгол Улсад 20 хувьтай байна. Дархлаажуулалтын дараах урвал хүндрэл 15-30 минутад үүсдэг. Мөн Эрүүл мэндийн яам дархлаажуулалтын дараах хариу урвал, хүндрэлийг судалж, хянадаг зөвлөлтэй. Одоогоор вакцинд хамрагдсан хүмүүсийн дийлэнх нь өндөр настай хүмүүс байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж