2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль дуусч, МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх сонгогчдын олонхийн санал авч, үнэмлэхүй ялалт байгуулав. Ойрын өдрүүдэд Сонгуулийн ерөнхий хороо дүнгээ УИХ-д танилцуулж, УИХ хууль гаргаж, зургадугаар сарын 14-ний өдөр У.Хүрэлсүх тангаргаа өргөхөөр төлөвлөөд буй. Ерөнхийдөө энэ төлөвлөгөө ч ёсоор болж, сүүлийн гурван ч удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээж байсан МАН 100 жилийн босгон дээрээ Ерөнхийлөгчтэй болов.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн аппаратад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга гэсэн хоёр чухал албан тушаал бий. Мэдээж Ерөнхийлөгчийн гал тогоо гэсэн үг. Тиймээс шинэ Ерөнхийлөгч энэ хоёр албан тушаалд хэнийг томилох нь улс төрийн хүрээнд анхаарал татсан сэдэв болж буй.
Шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн гал тогоо буюу Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар хэн сонгогдох вэ, хэнийг томилох тохироо МАН дотор хэдийн хийгдсэн гэх. Энэ удаад Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр, Я.Содбаатар нарын нэрс яригдаж байна. Ж.Энхбаярын хувьд УИХ-д хоёр ч удаа сонгогдож, Батлан хамгаалах яамны сайдаар ажиллаж байсан. 2020 оны сонгуульд МАН-ын дарга У.Хүрэлсүх хэд хэдэн хүнийг сонгуульд оролцуулахгүй өнжөөсөн бөгөөд тэдний нэг нь Ж.Энхбаяр байсан юм. Түүний дараа У.Хүрэлсүх Засгийн газраа бүрдүүлэхэд түүнийг Шадар сайдаар ажиллана гэж таамаглаж байсан нь талаар өнгөрсөн.
Я.Содбаатарын хувьд мөн л УИХ-д сонгогдож байсан, Шадар сайдаар ажиллаж байсан гээд намтар арвинтай ч мөн л ЖДҮХС-аас зээл аваад, буцаагаад төлсөн асуудлаар 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдүүлээгүй. Тиймээс ч У.Хүрэлсүх Засгийн газраа бүрдүүлэхдээ Я.Содбаатарыг Шадар сайдаараа томилсон. Ж.Энхбаяр, Я.Содбаатар нарын аль нь ч Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томилогдох боломжтой хувилбарууд. Харин тэдний хэнийг нь томилохоос Ерөнхийлөгчийн Тамгын газрын бүтэц зурагдана. Харин энэ удаад У.Хүрэлсүхийн хувьд Ж.Энхбаяраар гал тогоогоо бариулах сонирхол, тохироотой байгаа хэмээн Тусгаар тогтнолын ордонд яригдаж буй.
Түүнээс гадна Шадар сайд асан Я.Содбаатарын нэр яригдаж байгаа ч covid-19-ийн халдвар тархах үед хариуцлага хүлээж огцорсон учраас энэ удаад түүнийг өнжөөх сурагтай.
Харин Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргад одоогоор хэд хэдэн хувилбар яригдаж байгаа бөгөөд эцэслэгдээгүй гэнэ. Тухайн албан тушаалд хэнийг томилох вэ гэдэг ч мөн улс төрийн хүрээнд анхаарал татах сэдэв болж, МАН дотор ч горилогчид олон байгаа гэнэ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын томилгооноос Үндэсний аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн даргын томилгоо ч хамаарч болох бөгөөд Ж.Энхбаяр, Я.Содбаатар нарын нэг нь Ерөнхийлөгчийн гал тогоог барьж, нөгөө нь ҮАБЗ-ийн нарийн бичиг болох хувилбарууд ч яригдаж байгаа аж.
Түүнээс гадна Ерөнхийлөгч орон тооны болон орон тооны бус зөвлөхүүдтэй. Харин түүнд Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байх үеийнх нь зөвлөхүүд үргэлжлүүлэн зөвлөх бололтой. Тэдний дунд А.Үйлстөгөлдөр, С.Лүндэг, Л.Алтангэрэл, Я.Төмөрбаатар, Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан нарын нэрс яригдаж байна. Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэлийн албаны даргаар түүний зөвлөхөөр ажиллаж байсан Ө.Золбаярыг томилохоор яригдаж байгаа гэнэ.
Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувиар Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний жанжин штабын даргаа өөрөө томилно. Энэ томилгоо ч мөн аль хэдийн зурагдаж, нэр нь тодорхой болсон сурагтай.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ