Баяр наадмын өмнө автомашины эрэлт өсдөг. Covid-19 халдварын улмаас эдийн засгийн хямралд автаж, бэлэн мөнгө “нүдний гэм” болж байгаа энэ цаг үед автомашины борлуулалт хэр байгаа талаар сурвалжлахаар өчигдөр /2021.06.10/ үдээс хойш “Да хүрээ” захыг зорилоо.
Өмнө нь хүн зөрөх зайгүй шахам их автомашинтай байдаг байсан тус захын талбай сэлүүхэн харагдана. Хятадын Тяньжин боомт дээр 4000 гаруй чингэлэгт автомашин бөөгнөрсөн тул үнэд орохоос нь өмнө хүмүүс машин худалдаж авах болсон байна.
Тяньжинд өнгөрсөн гуравдугаар сараас хойш гацсан автомашинуудын тээврийн хөлс нь 3-4 дахин өссөн байна. Улмаар Тяньжинаас автомашин орж ирэхгүй байгаа учраас энд бэлэн зарагдаж байгаа автомашины үнэ 1-2 сая төгрөгөөр өсчээ.
Автомашины ченж Ц.Болдбаатар “Да хүрээ” захад есөн автомашины зогсоолтой. Өөрөөр хэлбэл, татан авалт, иргэдийн худалдан авалтаас шалтгаалж хэдэн автомашин зогсоолд байрлах нь шийдэгддэг. Нэг зогсоолд сарын 60 мянган төгрөгийн түрээс төлдөг бөгөөд ихэнхдээ 5-6 автомашин зогсоолд байдаг гэнэ. Өнөөдрийн байдлаар түүний есөн зогсоолд ганцхан автомашин л үлджээ. Үлдсэн ганц автомашинаа зарчихвал Ц.Болдбаатарын хувьд Тяньжинаас ирэх 20 автомашинаа хүлээхээс өөр ажилгүй болно. Гэхдээ хэзээ ирэх нь тодорхойгүй байгаа учраас энэ нь “Да хүрээ” захын ченжүүдийн толгойны өвчин болсон гэхэд хилсдэхгүй. Учир нь ченжүүд наадмаар буюу сезоны ид үед зарах автомашингүй байвал ашиггүй байх нь тодорхой.
АРВАН АВТОМАШИН ЗАРАХАД 7-Г НЬ БАНК БУСААР ҮЛДСЭНИЙГ НЬ БЭЛЭН МӨНГӨӨР АВДАГ
Тэрбээр “Дунд гарын "Harrier", "Forester", "Rav-4", "Vanguard" өдийд эрэлттэй байдаг. Үнийн хувьд "Forester" 26 сая төгрөг, "Prius 30" вто машин 16-21 сая төгрөг, "Prius 20" автомашин 14-16 сая төгрөгийн хооронд зарагдаж байна. Хөл хорио тавигдсанаас хойш ойролцоогоор арав гаруй машин зарсан. Хөдөө орон нутгийн иргэд бэлэн мөнгөөр автомашин худалдаж авдаг бол нийслэлийнхэн банк бус санхүүгийн байгууллагын /ББСБ/ зээлээр авдаг. Арван автомашин зарахад 7-г нь банк бусаар үлдсэнийг нь бэлэн мөнгөөр авч байна. Банкаар бол маш ховор. Тяньжин дээр тээвэрлэлтийн хөлс өссөн учраас энд зарагдаж байгаа бэлэн автомашины үнэ 1-2 сая төгрөгөөр өссөн. Угаасаа зах зээлийн жамаар хомсдол үүсэхээр үнэ нь дагаад өсдөг. Наадмын өмнө эрэлт нэмэгдвэл үнэ дагаад өснө л гэсэн үг. Наадмаас өмнө Тяньжинаас 20 гаруй автомашин ирэх ёстой” гэлээ.
Өөр нэгэн ченж бүсгүйн хэлснээр Тяньжин дээр үүссэн нөхцөл байдлаас шалтгаалаад захиалсан автомашинууд зэрэг буух магадлалтай байна. Бүх автомашинаа авахын тулд санхүүгийн хүндрэлд орох эрсдэлтэй. Уг нь Тяньжинаас долоон автомашин ирэх ёстой ч хэзээ ирэх нь тодорхойгүй байна. Санаснаар болдог бол наадмаас өмнө амжаад машинуудаа авчмаар байна. Наадмын дараа бол худалдан авалт мууддаг. Ямар ч ашиггүй” гэдгийг учирлав. Түүний хувьд энд таван автомашины зогсоолтой бөгөөд өнөөдөр үлдсэн ганц автомашинаа зарчихвал Тяньжинаас ачаа ирэхийг хүлээхээс өөр ажилгүй болно гэсэн үг.
Ерөнхийдөө ченжүүд суудлын жижиг тэргэнээс 500-800 мянган төгрөг, дунд зэргийнхээс нь 2-3 сая төгрөгийн ашиг олдог аж.
БЭЛЭН МӨНГӨ ЯАХЫН АРГАГҮЙ “НҮДНИЙ ГЭМ” БОЛСОН
Д.Отгонбаатарын хувьд “Да хүрээ” захад 15 автомашины зогсоолтойгоос өнөөдрийн байдлаар хоёр автомашин зарагдаагүй үлджээ. Тэрбээр “Ерөнхийдөө тавдугаар сарын 22-нд орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээснээс хойш иргэдийн худалдан авалт сайжирсан. Гэхдээ мэдээж Covid-19 халдвар тархахаас өмнөх үеийг бол гүйцэхгүй. Одоогоос гурван жилийн өмнө гэхэд долоо хоногт зургаан автомашин зардаг байлаа. Хөл хорио тавигдсанаас хойш найман автомашин зарсан. Тяньжинаас 20 автомашин ирэх ёстой. Наадмаас өмнө ирнэ гэж л найдаж байна. Орон нутаг руу зорчих хөдөлгөөн нээснээс хойш хөдөө орон нутгийн иргэд машин худалдаж авах нь ихэссэн. ББСБ л ченж нарыг амжиргаагаа залгуулахад тусалж байна. Автомашин худалдан авч буй иргэдийн хувьд ихэнх нь урьдчилгаа төлбөрөө өгөөд ББСБ-аар дамжуулан лизингээр авдаг. Ихэвчлэн цалингийн зээлтэй хүмүүс ББСБ-аас өндөр хүүтэй автомашины зээл авах нь бий. Үүнээс харахад бэлэн мөнгө яахын аргагүй “нүдний гэм” болсон" гэлээ.
Үүнээс гадна “Ebarimt аппликейшнд худалдан авсан автомашины арлын дугаарыг оруулснаар тухайн тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй мэдээлэл болон гаалиар орж ирэх үеийн зурган мэдээллийг харах боломжтой болсон нь ченжүүдийн ажлыг хөнгөвчилж байгааг энэ үеэр хэлж байв.
Өөрөөр хэлбэл, тухайн машин нь аль улсад, хэдэн онд үйлдвэрлэгдсэн, хэзээ Монголд орж ирсэн, осол аваарт өртөж байсан эсэх талаарх мэдээллийг ченжүүд иргэдэд тайлбарлах шаардлаггүй болжээ.
ИРГЭД АЛЬ БОЛОХ ХЯМД, БЕНЗИН БАГА ИДДЭГ МАШИН СОНГОДОГ
ТЯНЬЖИНД ГАЦСАН АЧАА ТЭЭВРИЙГ ТӨМӨР ЗАМААР ТЭЭВЭРЛЭНЭ
Улс хоорондын тээвэр зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Ланд Бридж” ХХК-ны гүйцэтгэх захирал Б.Баярцэнгэл “Гуравдугаар сарын сүүлээс эхлэн Тяньжин боомтоос Замын-Үүд рүү явах төмөр замын эргэлт багасч, тээвэрлэлтийн үнэ өртөг өссөн. Цар тахалтай холбогдуулан дэлхийн худалдааны эргэлт нэмэгдсэн. Тээвэрлэгч байгууллагуудын ачаалал нэмэгдэж, тээвэрлэх хэрэгслийн хомсдол үүссэн. Хятадын далайн тээвэр, экспортын компаниудын ачаалал нэмэгдэж, Монгол руу явах төмөр замын хомсдол үүссэн. Хоёр дахь асуудал нь Монгол руу импортлогдож буй бараа бүтээгдэхүүний 90 орчим хувь Хятадаас орж ирж байна. Хоосон чингэлэг буцаахад 40-45 хоногийн чөлөөтэй ашиглах хугацаа байдаг. Одоо бол долоо хоног болсон. Гэтэл бид хамгийн ихдээ 100-120 хоногийн хугацаанд тээвэрлэлт хийж байна. Ингээд чингэлэг түрээсийн асуудал үүсч байгаа юм. Тяньжинээс Замын-Үүд хүртэлх тээврийн зардал чингэлэг тутамд өссөн. Мөн чингэлэг түрээсийн үнэ өссөн. Нэг компанийн 2000 орчим чингэлэг Тяньжин дээр бөөгнөрөхөд 12-13 сая ам.долларын шууд нэмэлт зардал гарна гэж тооцоолсон” гэдгийг онцолсон.
Тэгвэл Шадар сайд С.Амарсайхан өчигдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзах үеэр Тяньжинд гацсан ачаа тээврийг төмөр замаар тээвэрлэхээр тохиролцжээ.
Холбоотой мэдээ