Хууль: Ерөнхийлөгчийг Цэцийн дүгнэлтээр огцруулж болно

Хуучирсан мэдээ: 2021.06.11-нд нийтлэгдсэн

Хууль: Ерөнхийлөгчийг Цэцийн дүгнэлтээр огцруулж болно

Хууль: Ерөнхийлөгчийг Цэцийн дүгнэлтээр огцруулж болно

Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд олонхийн санал авсан нэр дэвшигчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн хуулийг УИХ баталж, тангараг өргөнө. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх олонхийн санал авсан учраас Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-д танилцуулж, УИХ хууль батална. Тиймээс СЕХ сонгуулийн дүнг УИХ-д албан ёсоор танилцуулж, УИХ холбогдох хуулиудыг баталснаар Ерөнхийлөгчөөр сонгогдохоор олонхийн санал авсан У.Хүрэлсүх зургадугаар сарын 14-нд тангараг өргөхөөр товложээ. У.Хүрэлсүхийн хувьд Монгол Ардын намын даргын ажлаа өгөөгүй байгаа. Тиймээс хуулиар тогтоосноос бусад ажил, албан тушаалаасаа түдгэлзэж, намаасаа татгалзах ёстой юм.

Үндсэн хууль:

  • 8.Ерөнхийлөгч нь Ерөнхий сайд, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй. Хэрэв Ерөнхийлөгч өөр ажил, албан тушаал эрхэлж байгаа бол тангараг өргөсөн өдрөөсөө эхлэн уул үүргээс чөлөөлөгдөнө.

Өөрөөр хэлбэл, Монгол Ардын намын дарга У.Хүрэлсүх албан ёсоор намаасаа татгалзаж, намын даргын ажлаа өгөх юм. Түүний дараа тангараг өргөнө.

Үндсэн хууль:

  • 2.Ерөнхийлөгч сонгогдсоноосоо хойш 30 хоногийн дотор “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн Улсын Их Хуралд тангараг өргөнө.

ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ ЯМАР БҮРЭН ЭРХ, ҮҮРЭГТЭЙ ВЭ?

Шинээр сонгогдох, зургаан жилийн бүрэн эрхтэй Ерөнхийлөгчийн эрх, үүрэг, хууль тогтоомжуудыг тоймлон хүргэж байна.

  • 33.1.Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг Улсын Их Хурлаар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.
  • 33.3.өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх. Энэ талаар Ерөнхийлөгч зарлиг гаргавал түүнд Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно
  • 33.4.гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, Улсын Их Хуралтай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах
  • 33.5.Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах
  • 33.6.Монгол Улсад суух гадаад улсын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүний итгэмжлэх, эгүүлэн татах жуух бичгийг хүлээн авах
  • 33.7.улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах
  • 33.8.уучлал үзүүлэх
  • 33.9.Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, тус улсад орогнох эрх олгох асуудлыг шийдвэрлэх
  • 33.10.Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх
  • 33.11.бүх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах
  • 33.12.Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 2, З дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болбол Улсын Их Хурлын чуулганы чөлөө цагт, хойшлуулшгүй тохиолдолд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, түүнчлэн цэрэг хөдөлгөх захирамж өгөх. Онц байдал, дайны байдал зарласан Ерөнхийлөгчийн зарлигийг Улсын Их Хурал уул зарлиг гарснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэж батлах буюу хүчингүй болгоно. Хэрэв Улсын Их Хурал шийдвэр гаргаагүй бол уул зарлиг хүчингүй болно.

-33.12.2.Ерөнхийлөгч Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч байна.

-33.12.3.Ерөнхийлөгч Улсын Их Хуралд болон ард түмэндээ хандан илгээлт гаргаж, чуулганд өөрийн тааллаар оролцон улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар  мэдээлж, саналаа оруулж болно.

-33.12.4.Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ ҮНДЭСЛЭН УИХ ОГЦРУУЛЖ БОЛНО

Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд нийцүүлэн зарлиг гаргах эрхтэй бөгөөд хэрэв хуульд нийцээгүй бол Ерөнхийлөгч өөрөө эсвэл УИХ зарлигийг хүчингүй болгох эрхтэй. Мөн Ерөнхийлөгч өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг үндэслэж, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж, хуралдан оролцсон гишүүдийн олонх буюу гуравны хоёрын саналаар огцруулж болно.

Гучин дөрөвдүгээр зүйл.

  • 1.Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд нийцүүлэн зарлиг гаргана.
  • 2.Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцээгүй бол Ерөнхийлөгч өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно.
  • 35.2.Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар огцруулна.

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОМИЛГООНД ОРОЛЦОХГҮЙ

Засгийн газрын тэргүүн буюу Ерөнхий сайд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр танхимаа өөрөө бүрдүүлдэг болсон. Тиймээс Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх, томилгоогоо Ерөнхийлөгчтэй зөвшилцөх бөгөөд тав хоног зөвшилцөх зохицуулалттай. Хэрэв Ерөнхийлөгч долоо хоногийн дотор хариу өгөхгүй бол Ерөнхий сайд өөрөө УИХ-д өргөн мэдүүлэх зохицуулалттай. Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар өөрөө томилж, чөлөөлнө.

  • 39.2.Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна.
  • 39.3.Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.
  • 39.4.Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТОМИЛГООНД ОРОЛЦОХ ЭРХ:

  • 51.2.Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилно. Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно.
  • 56.2.Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг Улсын Их Хуралтай зөвшилцөн Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно.
  • 65.1.Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд олон хуулинд өөрчлөлт оруулж байгаагийн нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль. Хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар дэмжиж, УИХ-д өргөн барьсны дараа хэлэлцүүлгийн шатанд орж ирнэ. Одоогоор албан ёсоор хуулийн төсөл өргөн баригдаагүй бөгөөд боловсруулагдах шатандаа явж буй. Мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зөвхөн нэг удаа зургаан жилээр сонгодог байхаар хуульчилсан нь одоо шинээр сонгогдох Ерөнхийлөгчид үйлчилж эхэлж буй.

Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлаж, зөвхөн 33.4 дэх хэсэгт “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчид Монгол Улсын Үндсэн хуульд заасан үндсэн бүрэн эрхийн хүрээнд үл хамаарах бүрэн эрхийг хуулиар олгохгүй. Монгол Улсын Ерөнхийлөгчид нийт 72 хуулиар олгосон эрхийг хязгаарлахаар хуулийн төслийг боловсруулжээ. Үндсэн хуулиас гадна бусад 70 гаруй органик хуулиар Ерөнхийлөгчид эрх мэдэл өгсөн байдаг. Тухайлбал, Сонгуулийн ерөнхий хорооны хоёр гишүүнийг Ерөнхийлөгч томилох эрхтэй. Мөн Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг Ерөнхийлөгч томилж, чөлөөлдөг. Түүнчлэн МҮОНРТВ-ийн Удирдах зөвлөлийн таван гишүүний нэгийг нь Ерөнхийлөгч  нэр дэвшүүлдэг. Тэгвэл хуулийн төслийн ажлын хэсэг эрх мэдлийн тэнцвэрийг зөв хуваарилахын тулд Сонгуулийн ерөнхий хорооны хоёр гишүүнийг Ерөнхийлөгч томилдог бус  сөрөг хүчин томилдог байх зэрэг өөрчлөлтийг хийхээр болжээ. Мөн Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг Ерөнхийлөгч Улсын Их Хуралтай зөвшилцөж томилно гэж хуулийн төслийн 12.6-д заажээ.

БОЛОВСРУУЛАГДСАН ХУУЛИЙН ТӨСӨЛТЭЙ ЭНД ДАРЖ ТАНИЛЦАН УУ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж