Эдийн засгийн сэргэлт, бодлогын арга хэмжээний үр дүнд санхүүгийн үзүүлэлтүүдэд эерэг өөрчлөлт гарч байгааг статистик тоо баримтууд харуулж буй. Гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн оны тавдугаар сараас хойш, төлбөрийн тэнцэл аравдугаар сараас хойш ашигтай гарснаар гадаад валютын албан нөөц 2021 оны дөрөвдүгээр сарын байдлаар 4.9 тэрбум ам.долларт хүрч нэмэгджээ. Үүний үр дүнд төгрөгийн гадаад валюттай харьцах ханш өнгөрсөн оны зургадугаар сараас хойш өнөөг хүртэл маш тогтвортой байгааг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвсүрэн мэдээлсэн.
Covid-19 цар тахлаас үүдэлтэй хөл хорио нь иргэдийн худалдан авалтыг хязгаарласан. Хөл хорионы үеэр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, мөнгөн тэтгэмж нь банк дахь харилцах, хадгаламжийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн билээ. Дээрх нөлөө нь хөл хориог хэрэгжүүлэх хугацаанд түр зуур үргэлжилнэ гэсэн хүлээлттэй байсан ч эсрэгээрээ өнгөрсөн онд цар тахлын дэгдэлт ихэсч, хатуу хөл хорио тогтоосноос үүдэн хэрэглээ, зарцуулалт бууран харилцах, хадгаламжийн хэмжээ нэмэгджээ. Тухайлбал:
- Эдийн засгийн сэргэлт, гаднаас орж ирж буй хөрөнгийн урсгал, төсвийн дэмжлэг, тэр дундаа цар тахлын үед орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлсөн,
- Цахилгаан, дулаан, усны төлбөрт хөнгөлөлт үзүүлсэн,
- Хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн,
- Иргэн бүрт 300 мянган төгрөг олгосон зэрэг арга хэмжээний нөлөөгөөр банкны салбар дахь иргэд, аж ахуйн нэгжийн нийт хадгаламж өмнөх оны мөн үетэй харьцуулахад энэ оны дөрөвдүгээр сард 34.4 хувиар нэмэгджээ.
Хадгаламжийн өсөлтийг ялгаатай бүлгүүдээр авч үзэхэд:
- 1-5 сая төгрөгийн дүнтэй хадгаламж 51 хувиар
- 5-20 сая төгрөгийн дүнтэй хадгаламж 30 хувиар,
- 20-100 сая төгрөгийн дүнтэй хадгаламж 25.4 хувиар, 100-500 сая төгрөгийн дүнтэй хадгаламж 24.7 хувиар, 500 сая төгрөгөөс дээш дүнтэй хадгаламж 30.8 хувиар тус тус өссөн байна. Энэ нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд бүх бүлгийн хувьд хадгаламж жигд өндөр өсөлттэй байсныг илтгэжээ.
Дэлхийд Covid-19 цар тахлын хугацаанд, тодруулбал 2019 оны сүүлээс эхлэн Япон, АНУ, Европын Холбооны улсуудад банкин дахь дансны үлдэгдэл буюу харилцах, хадгаламжийн хэмжээ таван жилийн дундажтай харьцуулахад мэдэгдэхүйц өссөн байна. Энэ өсөлт нь 1930 оны "Их хямрал", 2008 оны Дэлхийн санхүүгийн хямралын үеэр мөн ажиглагдаж байжээ.
Жишээ нь, АНУ-д Covid-19 цар тахал эхлэх үеэр банкин дахь дансны үлдэгдэл буюу харилцах хадгаламжийн хэмжээ хамгийн их өссөн байна. Хэдийгээр АНУ-ын Холбооны нөөцийн сан Төв банк өнгөрсөн онд бодлогын хүүг сүүлийн 50 жилийн хамгийн доод түвшинд буюу 0-0.25 хувь болгон бууруулсан ч цар тахал хамгийн их тархсан хот, мужуудад харилцах, хадгаламжийн хэмжээ илүү хурдтай өсчээ.
Цар тахлаас үүдэлтэй хөл хорио нь өндөр орлоготой иргэдийн хэрэглээнд ихээр нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл, өндөр өртөгтэй бараа, үйлчилгээний зарцуулалт буурсан гэсэн үг юм. Өндөр орлоготой иргэд орлогынхоо ихээхэн хэсгийг аялал, ресторан, үзвэр үйлчилгээ, соёлын арга хэмжээнд зарцуулдаг. Гэвч хөл хорионы үеэр эдгээр зүйлүүдэд мөнгөө зарцуулах боломжгүй болсон учир хуримтлуулах болсон байна.
Цар тахлаас үүдэлтэй ажилгүйдэл, эдийн засгийн тодорхойгүй нөхцөл байдал нь иргэдийн дунд болгоомжлох хандлага бий болгон, мөнгөн хөрөнгөө эргэлдүүлэх бусад аргуудыг сонгохоос илүүтэй хамгийн эрсдэлгүй аргыг сонгон банкинд байршуулах болжээ. Хөл хорио үргэлжлэхийн хирээр энэ нь мөнгөө хуримтлуулах сэтгэл зүйн гол хөшүүрэг болсон байна.
Хямралаас үүдэлтэй татварын хойшлуулалт болон хөнгөлөлт нь иргэд, аж ахуйн нэгжийн банкин дахь дансны үлдэгдэл буюу харилцах, хадгаламжийн хэмжээ өсөхөд мөн нөлөөлжээ.
Холбоотой мэдээ