У.Хүрэлсүхийн хувьд амтгүй ЯЛАЛТ БАЙЛАА!

Хуучирсан мэдээ: 2021.06.10-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүхийн хувьд амтгүй ЯЛАЛТ БАЙЛАА!

У.Хүрэлсүхийн хувьд амтгүй ЯЛАЛТ БАЙЛАА!

Х.Баттулгын гараас “хасбуу” тамгыг У.Хүрэлсүх гардан авах нь тодорхой болов. Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд нэрсийн жагсаалтад бүргэгдсэн хоёр сая иргэний 1.2 нь саналаа өгсний 820 мянга нь У.Хүрэлсүхийг сонголоо.  Хамгийн муу ирцтэй Ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн өндөр санал авснаараа У.Хүрэлсүх түүхэнд үлдэх нь гарцаагүй.  Гэхдээ Х.Баттулга шиг ядаж ана, мана үзэлцээд гарч ирсэн бол “амттай” сонгууль болох байсан. Анхнаасаа ялагч тодорхой сонгуульд  Ардчилсан нам өрсөлдөх  хэрэггүй байсан ч юм шиг. Үйл явдлын өрнөлийг эргэж харвал шүү дээ.

Ийнхүү арван хоёр жилийн дараа Ардын нам шинэ Ерөнхийлөгчтэй болж, Ерөнхийлөгчийн дараалсан гурван сонгуулийн ялагдлаа МАН дараалсан гурван сонгуулийн ялалт болгон хувирав. Ингээд МАН зуун жилээрээ төрийн бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүллээ. Өнөөдрөөс МАН-ын жаргал төгсөж, зовлон эхэлнэ. Адаглаад  бүх муу, муухайгаа чихдэг байсан Ардчилсан нам нь амьсгал хураачихлаа.

Ардчилсан нам сэхэж, шинэчлэгдээд институци болж төлөвштлөө лав 10 жил болно. Ахиад өнөөх өс хонзонгийн хэрүүл, зодооноо эхлүүлчихсэн, оношоо буруу тодорхойлоод явж байгаа хүмүүс эмчилгээгээ зөв хийж чадах уу. Төр түшиж, засаг барьж явсан Монголын хоёр том намын нэг нь улс төрөөс ор мөргүй арчигдсанд өөрсдөдөө, Женкодоо гомдоцгоо, Ардчилсан намынхан минь. Ардчилсан нам амьсгал хураасанд Ардын нам буруугүй, сонгогчид бүр буруугүй. Эвтэй байсан бол тэд буга барьж чадах байсан.  Нөгөө талдаа Ардчилсан намаас Ерөнхийлөгч сонгохыг ард түмэн хүссэнгүй. Өнгөрсөн 2017 онд Ардчилсан намаас нэр дэвшиж ялалт байгуулсан Х.Баттулгаас тэд залхсан, жийрхсэн, айсан байна.

Бүрэн эрхийн хугацаа нь У.Хүрэлсүхийн төрсөн өдрөөр дуусгавар болох Х.Баттулга АН-ын тамгыг авах туйлын зорилготой яваа. Тамгыг нь авлаа гээд тэр үнэт зүйлтэй, үзэл бодолтой, хуучны Ардчилсан нам болгож чадахгүй.  Өөр эрх ашигтай, өөр зорилготой, өөр Ардчилсан намыг байгуулна.

ХҮН-ын танигдах сонгууль санасныг бодоход сайн санал авлаа. Энэ нь ХҮН гэхээсээ Д.Энхбат гэх хувь хүний санал байв. Энэ сонгуулийн ялагч гэж хэлэхэд ч болно. Ердөө 14-хөн хоногт сурталчилгаа хийсэн гэхэд санал өгсөн нийт сонгогчдын 20 хувийг авна гэдэг чамлахааргүй үзүүлэлт.

 Хэрэвзээ сонгуулийн сурталчилгааны хугацаа тавиу, гадаадад ажиллаж амьдарч байгаа 180 мянган хүний саналыг авсан, залуус сонгуульдаа идэвхтэй оролцсон бол Д.Энхбат бараг ялалт байгуулах хэмжээний санал авахгүй гэхнээ, сонгуулийг хоёр шаттай болгож чадах байжээ. Энэ нь сонгогчид нэгдүгээрт АН, МАН-ын улстөрчдөөс залхсан байна. Хоёрт, бөх бол төр биш болохыг ойлгосон байна. Гуравдугаарт, гуравдагчийн орон зай, хэрэгцээ шаардлага илүү их байгааг харуулсан сонгууль болов.

У.Хүрэлсүх  улс төрийн том тоглогч болсныг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй юм. Өнгөрсөн дөрвөн жил Х.Баттулга У.Хүрэлсүхийг биш У.Хүрэлсүх Х.Баттулгыг ашиглаж явжээ. Ийм л дүгнэлт өчигдрийн санал хураалтын дүнгээс харагдаж байна.

Ардчилсан намаас 2021 оны сонгууль нэр дэвших хамгийн боломжит хүн нь С.Баярцогт байсан. Иймээс Х.Баттулга эртнээс С.Баярцогтыг харлуулж, гүтгэж эцэст нь хэрэг тохсоноор У.Хүрэлсүхийн хамгийн том өрсөлдөгчдийн нэг шоронд орсон. М.Энхсайхан байна. С.Баярыг бас нэрлэж болно.

Үнэмлэхүй ялалт байгуулсан сонгуульдаа У.Хүрэлсүх өрсөлдөгчөө захиалсан л гэх. Тийм ч биз, үгүй ч биз. Үүнийг нотлох нотолгоо байхгүй. Харин Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Х.Баттулгыг нэр дэвших боломжгүй болгохдоо Цэцийг ашиглаж, С.Ганбаатарыг “секстэй” нь үлдээхийн тулд н.Энхбаярыг худалдаад авчихсан нь бол үнэн.

Үнэндээ Х.Баттулга нэр дэвшээгүйдээ У.Хүрэлсүхэд харамсах нь нь бүү хэл намынх нь голомтыг самрах дөхөө биз дээ. “Би нэр дэвшээгүйдээ харамсаагүй” ч гэх шиг.  Ингээд замын чулуугаа бусдын гараар түүлгэсэн У.Хүрэлсүхэд ялалт байгуулахад тийм ч хэцүү биш байлаа. Ядаж байхад бичлэг, гүтгэлгийн “хаан” Херог Х.Баттулгаас булаагаад авчихсан болохоор.

Тэрбээр "Монгол Улсын төр засгийг тогтвортой ажиллаасай, улс орондоо олон зүйл хийж бүтээгээсэй, эхлүүлсэн ажлуудаа дуусгаасай гэсэн том итгэл найдварыг үзүүлж энэ удаагийн сонгуульд ард түмэн маань саналаа өглөө"гэж үзэж байгаа" юм билээ. Улс төрийн хэрүүл, зодоон, ковид, хөл хорионоос бол залхсан ядарсан иргэдийн хүсч байгаа зүйл бол ажилтай, орлоготойгоо л үлдэх. Улс орныхоо сайн сайхан амьдралын төлөө чөмгөө дундартал  зүтгэх нь яахав.  Гол нь нэг намын дарангуйлал тогтоочихгүй бол бүх юм аандаа болно доо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
64
ТэнэглэлТэнэглэл
42
ЗөвЗөв
6
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж