Ардчилсан намаас /АН/ өнөөдөр /2021.06.10/ мэдээлэл хийлээ.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.ӨНӨРБАЯР:
-Ардчилсан сонгууль нь улс төрийн намуудын хоорондох тэгш шударга өрсөлдөөн дээр суурилан явагддаг. Харамсалтай нь энэ тогтолцоо алга болж, төр ба нам гэсэн нэрэн дор сонгууль хийдэг болжээ. Тиймээс Ардчилсан сонгууль хэлбэр төдий болсон байна. Өнгөрөгч 2020 оны УИХ-ын сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын намын /МАН/ сонгуулийн үр дүнг бусад намууд хууль ёсны болгож харагдуулдаг зүйл бий болсон байна. Энэ зүйлийг цаашид өөрчлөхгүйгээр 2024 оны шударга сонгуулийн тухай яриад хэрэггүй.
Ер нь их ялагдлын дараа их эвлэрэл рүү явдаг манай намын түүх бий. Тухайлбал, 1992 онд ялагдаад, 1996 онд эвсэл болоод ялалт авчирч байсан. Өнгөрсөн 2000 онд УИХ-д нэг суудалтай байсан бол дараа нь эвсэл болж ороод хамтарсан Засгийн газар байгуулж байсан удаатай. Цаашид УИХ-д суудалтай намуудаас гадна Ардчиллын төлөөх намуудтай нэгдэнэ. МАН гэдэг нь нэг намын дарангуйлал буюу хуульчлагдсан дарангуйллаас өөрцгүй. Энэ зүйлтэй цаашид АН тууштай тэмцэнэ. Ардчилал, хувь хүний эрх чөлөө, үнэт зүйлийнхээ төлөө тууштай тэмцэж, АН-ын шинэчлэл үргэлжилнэ. АН шинэ цаг үед нийцэж өөрчлөгдөх ёстой. Улс төрийн зах зээл рүү ажиллаж сонгогчдын итгэл үнэмшлийг татах ёстой гэж харж байна. Нөгөө талаас Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгсөн нийт сонгогч гишүүдэд талархал илэрхийлье.
Ялагдал гэдэг их ялалтын эхлэл. Харин ч энэ удаагийн сонгууль ардчилсан тогтолцоонд аюул учруулсан гэдгийг бодитоор мэдрүүллээ. Дарангуйлал гэдэг зүйл ойрхон ирсэн гэдгийг бүрэн утгаар нь харууллаа. Тиймээс АН улам шинэчлэгдэж, хүчтэй болж бусад улс төрийн намуудтай нэгдэх ёстой юм байна.
"МАН ТӨСВИЙН МӨНГӨӨР ТӨРИЙН СОНГУУЛИЙГ ХУДАЛДАЖ АВСАН"
АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн О.Магнай:
-МАН болон нэр дэвшигч У.Хүрэлсүхэд баяр хүргэх болоогүй. Ардчилсан сонгууль гэдэг зөвхөн санал хураах үйл ажиллагаа биш бүхэлдээ сонгуулийн үйл явцыг хэлдэг. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд МАН-ын 100 жилийн ой гэсэн нэрийн дор иргэдэд мөнгө тараасан. Сүүлд малчдад 100 мянган төгрөг тараасан. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөнөөс 2.5 их наяд төгрөгийг иргэдэд тараасан. Ерөнхийдөө МАН төсвийн мөнгөөр төрийн сонгуулийг худалдаж авсан үйл явц боллоо. Цаашид сонгууль энэ жишгээр явбал нэг нь ялдаг үлдсэн намууд нь жүжигт туслах дүрд тоглодог дүр эсгэсэн ардчилал руу Монгол Улс хальтрах нь. Энэ удаагийн сонгуулийн ирц хангалтгүй байлаа. Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн багадаа 60 хувийн ирцтэй оролцож байсан бол өчигдөр 52.4 хувийн ирцтэй оролцлоо. Сонгуулийн идэвх сул байлаа. Үүнийг бол хүлээн зөвшөөрнө. Бид үдээс хойшдоо сонгуулийг ажигласан гадаадын ажиглагч нартай уулзахаар цаг товлосон. Энэ нь манай намаас нэр дэвшигч С.Эрдэнэтэй холбоотой асуудал биш. Цаашдаа Монгол Улсад Ардчилсан буюу өөрөөр хэлбэл, шударга сонгууль явагдах эсэхтэй холбоотой юм. Нэг нам нь ялаад бусад нь жүжигт тоглодог байх уу гэдгийг шийдэж нэг талд нь гаргана. Ингэхгүй бол дүр эсгэсэн ардчилал жишиг тогтоно. Бид ардчилалаа хамгаална.