Г.Бямбасүрэнг үүрэгт ажлаа хүлээлгөж өгөх шаардлагатай гэв

Хуучирсан мэдээ: 2010.03.15-нд нийтлэгдсэн

Г.Бямбасүрэнг үүрэгт ажлаа хүлээлгөж өгөх шаардлагатай гэв

-Мөн энэ сарын сүүлээр  МАХН-ын дарга С.Баяр эх орондоо ирж, ирэх сарын дундуур намынхаа бага хурлыг зарлах урьдчилсан төлөвлөгөө  байгаа гэнэ-

Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн МАХН-ын хорооны дарга, дэд дарга, тэргүүлэгчдээс дүүргийн улс төрийн албан тушаалд ажиллаж буй гишүүдийнхээ үйл ажиллагаанд тавих хяналтыг сулруулсанаас шат шатны сонгуультнуудын дунд сонирхлын бүлэглэлүүд үүсч хоорондоо талцан зөрчилдсөн нь намын эв нэгдэл, нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа талаар МАХН-ын  хяналтын хорооны дарга  Л.Дондог, тус намын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн  дарга Д.Амарбаясгалан, Нийслэлийн МАХН-ын дарга Б.Мөнхбаяр нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  Дүүргийн МАХН-ын хорооны ажлыг өнгөрсөн нэг жилийн хугацаанд МАХН-ын Хяналтын Ерөнхий Хороо, Нийслэлийн Хяналтын хорооноос удаа дараа шалган хэлэлцэж, тус дүүргийн намын хорооны ажлыг хангалтгүй байна гэсэн дүгнэлт өгч, үүссэн нөхцөл байдлыг засч залруулах талаар тухай бүр чиглэл өгч байсан аж.  Гэвч дүүргийн МАХН-ын хорооны дарга С.Баярт, дэд дарга Г.Бямбасүрэн, Засаг дарга Ч.Сайханбаяр нар удаа өгсөн үүргийг биелүүлээгүй.  Түүгээр ч зогсохгүй  зөрчлийг улам гүнзгийрүүлж, асуудлыг МАХН-ын удирдах зөвлөл, хяналтын ерөнхий  хорооны хүрээнд авч хэлэлцэхэд хүрсэн гэдгийг хурал зохион байгуулагчид дуулгав.  МАХН-ын удирдах зөвлөл, МАХН-ын хяналтын ерөнхий хорооны  энэ сарын 4-ний өдрийн хамтарсан хуралдаанаас СХД-ийн удирдлагуудын хооронд бий болсон зөрчилдөөн, хариуцлагагүй явдлаас болж төрийн ажил цалгардаж, төрөөс иргэдэд үйлчлэх үйлчилгээ доголдож байгааг цаг алдалгүй таслан зогсоох шаардлагатай хэмээн үзэж, дээрх нэр бүхий хүмүүсийн МАХН-ын дүрмийн  дөрөвдүгээр зүйлийн 2.5, 2.8, 2.9 дэх заалтуудыг зөрчсөн үйлдэл, арга хэлбэр нь МАХН-ын эсрэг сурталчилгаа болж байгааг харгалзан тэдэнд МАХН-ын дүрмийн 4.4, 6.5 дахь заалтуудын дагуу хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзсэн байна.  Тодруулбал, С.Баярт, Ч.Сайханбаяр нар өөрсдийн хүсэлтээр эрхэлж байгаа улс төрийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж цаашид намын бодлого, шийдвэрийг даган ажиллах амлалт өгснийг МАХН-ын удирдах зөвлөл, МАХН-ын хяналтын ерөнхий хороо анхааралдаа авсан гэнэ. Тус намын дүрмийн 4.4 дэх заалтын дагуу МАХН-аас санал болгон сонгогдож томилогдсон гишүүнд улс төрийн дэмжлэг үзүүлэх, эсэх тухай заалтын хүрээнд С.Баяртыг дүүргийн ИТХ-ын даргын, Ч.Сайханбаярыг дүүргийн Засаг даргын албан тушаалаас чөлөөлүүлж, МАХН-ын хяналтын ерөнхий хорооноос тус дүүргийн МАХН-ын хороог шалгасан ажлын хэсгийн санал, дүгнэлт, Нийслэлийн МАХН-ын хорооны тэргүүлэгчдийн хурлын шийдвэр, МАХН-ын дүрмийн 6.5 дахь заалтыг үндэслэн Г.Бямбасүрэнг МАХН-ын гишүүнээс гарсанд тооцсон шийдвэр гаргажээ.  Тиймээс ойрын үед ажлаа хүлээлгэн өгөх шаардлагатай аж.  Гэтэл СХД-ийн Намын хорооны дэд дарга Г.Бямбасүрэн  намын удирдлагуудыг гүтгэсэн мэдээ, мэдээллийг хэвлэл мэдээлэлд  удаа дараа өгч, энэ үйлдлээ нийт намын гишүүдийн байр суурь мэтээр үзүүлэхийг  эрмэлзэж намын дотоод ардчилал, ил тод байдал зэргээр хаацайлахыг оролдож байна гэж  МАХН-ын  хяналтын хорооны дарга  Л.Дондог мэдэгдэв.  Харин Нийслэлийн МАХН-ын дарга Б.Мөнхбаатар ч мөн “Манай нам эрх ашгаа ухамсарлаж, олон талаасаа ярилцах хэрэгтэй. Ард түмнийхээ өгсөн итгэлийг алдахгүйн төлөө бид хамтарч ажиллах болно” гэсэн юм.  Мөн энэ сарын сүүлээр  МАХН-ын дарга С.Баяр эх орондоо ирж, ирэх сарын дундуур намынхаа бага хурлыг зарлах урьдчилсан төлөвлөгөө  байгааг хурал зохион байгуулагчид дуулгасан юм.

Б.Анхцэцэг
МАХН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж