АНУ 500 сая тун “Pfizer” вакциныг дэлхийн улс орнуудад тусламж болгон хандивлахаар худалдаж авах болсныг тус улсын Ерөнхийлөгч Жо Байден өчигдөр /2021.06.09/ мэдээлжээ. Энэ долоо хоногт Их Британид “Их-7” гүрний уулзалт болох бөгөөд энэ уулзалтын үеэр Жо Байден уг шийдвэрээ танилцуулах аж.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, АНУ ашгийн бус үнээр “Pfizer” компаниас вакцин худалдан авч, эхний 200 сая тунг нь энэ онд, үлдсэн 300 сая тунг ирэх онд дэлхийн улс орнуудад хандивлахаар болсон байна.
АНУ-ын хувьд хүн амынхаа талаас дээш хувийг вакцинжуулаад байгаа. Үүний үр дүнд цар тахлын тархалт огцом буурсан билээ. Олон улсын зүгээс АНУ-ыг өөрийн улсын хүн амыг хангалттай вакцинжуулсан атлаа ядуу буурай улс орнуудад хуваалцалгүй аминч үзэл гаргалаа хэмээн шүүмжилж байв. Өрсөлдөгч гүрнүүд болох ОХУ, Хятад улсуудын хувьд ядуу буурай орнуудад өөрсдийн бүтээсэн вакцинаасаа хангалттай хандивлаж , дипломат харилцаагаа тэлсээр байгаа юм.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ