Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд Covid-19-ийн хоёр тохиолдол батлагдаж, сумаас орж, гарах хөдөлгөөнийг өнөөдрөөс /2021.6.10/ гурав хоног хязгаарлажээ.
Аймгийн Онцгой комиссоос тодруулахад, зургадугаар сарын 9-ний өдөр Цогт-Овоо суманд Covid-19-ийн сэжигтэй тохиолдол илэрч түргэвчилсэн оношлуураар хоёр иргэний хариу эерэг гарсан. Тиймээс Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн лабораторид PCR шинжилгээг хийхэд тухайн хоёр иргэний хариу эерэг гарч баталгаажсан тул 2021 оны зургадугаар сарын 10-13-ны 06.00 цаг хүртэл 72 цагийн хугацаанд тэг зогсолт хийх захирамж гарсан гэсэн юм.
Ингэснээр үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа, сумын төвөөс орж, гарах болон сумын төв доторх хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж, сумын иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулжээ. Энэ хугацаанд сумын хэмжээнд “Нэг өрх-нэг шинжилгээ" арга хэмжээг зохион байгуулах ажлыг эрчимжүүлэхээр болсон байна.
Холбоотой мэдээ