ЕХ ба Их Британийн хооронд зөрчил гүнзгийрч байна

Хуучирсан мэдээ: 2021.06.10-нд нийтлэгдсэн

ЕХ ба Их Британийн хооронд зөрчил гүнзгийрч байна

ЕХ ба Их Британийн хооронд зөрчил гүнзгийрч байна

Европын холбооноос Их Британийн гарах үйл явцыг Брексит  /Britain Exit гэсэн үгийн товчлол/  гэж нэрлэсэн бөгөөд 2016 онд эхэлсэн.  Тэгвэл Брекситийн дараа Их Британийн Засгийн газраас Хойд Ирландад худалдааны тусгай зохицуулалт хэрэгжүүлэхээс татгалзвал хариу арга хэмжээ авна гэдгээ Европын холбооноос анхаарууллаа. Асуудлыг шийдвэрлэхийг зорьсон уулзалт хэлэлцээ зөвшилцөлд хүрэлгүй тарсны дараа Европын комиссын дэд Ерөнхийлөгч Марош Шефчович хэлэхдээ “Их Британитай харилцах бидний харилцаа салаа замын эхэнд байна. Бидний бүх харилцааны зүрх нь болсон итгэлцэл эргэн тогтох ёстой. Хэрэв Их Британи цаашид явцуу үйл ажиллагаа явуулсаар байвал хариу арга хэмжээ авахдаа бид шийдэмгий байх болно” гэдгээ мэдэгджээ. Тэрбээр Английн Лондон хотноо айлчилж, Их Британийн албаныхантай уулзсан боловч хэлэлцээрт хүрч чадаагүй аж. Европын холбооны зүгээс Их Британийн эсрэг ямар арга хэмжээ авах талаар асуухад хууль, арбитраас гадна тарифыг чиглэсэн хариу арга хэмжээ авна гэсэн байна.

Брексит санал асуулгаас хойш бараг дөрвөн жилийн дараа Их Британи болон Европын холбооны хооронд өнгөрсөн арванхоёрдугаар сард эцсийн багц худалдааны гэрээг байгуулсан юм. Түүнчлэн хоёр талаас Хойд Ирландын асуудлаар тусдаа хэлэлцээ хийжээ. Хойд Ирланд нь Их Британийн Европын холбоотой газраар холбогдсон цор ганц хил учраас хяналт шалгалтгүй бараа бүтээгдэхүүн холбооны зах зээлд нэвтрэхээс Брюссель болгоомжилж байна.   Их Британи нь бараа бүтээгдэхүүн тэр дундаа хагас боловсруулсан махан бүтээгдэхүүнд тавигдах Европын холбооны стандарт хяналтыг энэ зургадугаар сарыг дуустал зогсоосон нь ийнхүү маргаан дагуулжээ. Харин Их Британийн засгийн газраас бүс нутаг, эдийн засгийн нэгдмэл байдлаа хамгаалахын тулд дээрх арга хэмжээг авсан хэмээн мэдэгджээ. Түүнчлэн Хойд Ирландын боомтод хяналт шалгалттай холбоотой зөрчил үүссэн ч асуудалд нөлөөлжээ.

Гурван цаг гарангийн хугацаанд өрнөсөн уулзалтын дараа Их Британийн Ерөнхий сайд мэдэгдэхдээ Европын холбоо асуудалд илүү уян хатан хандах хэрэгтэй бөгөөд Хойд Ирландын “хэврэг” энх тайвныг хамгаалах шаардлагатай хэмээжээ. Их Британийн засаглалыг эсэргүүцсэн  30 жилийн зөрчил, сөргөлдөөн 1998 онд энхийн гэрээгээр эцэслэгдсэн аж.

БРЕКСИТ ЭХЭЛСЭН ШАЛТГААН

Европын холбооны төсвийн 5.8 хувийг дангаар бүрдүүлэгч, энэ үзүүлэлтээрээ Германы дараа хоёрт ордог, бусад гишүүн орнуудаас хоёр сая ажиллах хүч авч ажиллуулдаг Британийн Нэгдсэн вант улс Европын холбоог орхих тухай асуудал тус улсын Тусгаар тогтнолын намаас эхтэй юм. Ерөнхий сайд асан Дэвид Камерон 2015 оны сонгуулийн өмнө амласан ёсоор Тусгаар тогтнолын нам болон Консерватив намын улс төрчдийн зүгээс гаргасан Европын холбооноос гарах тухай саналыг авч хэлэлцэх болов. Ингэхдээ ард иргэдээсээ асуух нь зүйтэй гэж үзэж, санал хураалт явуулахаар болсон билээ.

Шийдвэр гаргах төвшинд энэ асуудлыг Тусгаар тогтнолын намаас гадна Консерватив намын тал хувь, Хөдөлмөрийн намын зарим гишүүд дэмжиж байжээ. Өнгөрөгч 2016 оны зургадугаар сарын 23-нд Британи даяар явуулсан санал хураалтад оролцсон иргэдийн 52 хувь нь Европын холбооноос гарах, 48 хувь нь үлдэх санал өгсөн юм. Үүнд нийт иргэдийн 71.8 хувь буюу 30 сая гаруй хүн оролцсон нь 1992 оны сонгуулиас хойшх хамгийн өндөр ирцтэй санал хураалт болжээ.

1975 онд британичууд Европын холбоонд үлдэх эсэх санал асуулгад “үлдэнэ” гэж хариулсан. Харин энэ удаад “үгүй” гэсэн нь хэд хэдэн шалтгаантай. Европын холбоо тэр үеийнхээс өөрчлөгдсөн, Британийг Европын холбоо удирдах болсон, бизнесийн салбарт чөдөр тушаа болсон хэтэрхий олон дүрэм журам мөрдүүлдэг, жил бүр олон тэрбумыг Европын холбоонд төлдөг ч эргээд ирэх өгөөж багатай /Британийн Эрдэнэсийн сангийн судалгаагаар тус улсын Европын холбоонд 8.8 тэрбум фунт төлсөн байна/ зэрэг шалтгаанаар тэд хөгшин Европын нэгдлээс гарч, өөрийн замаар явахыг хүсчээ. Түүнчлэн “Өөрийн нутаг дэвсгэр дэх хэргийг өөрөө мэдэх”, хилийн хяналтыг бүрэн гартаа оруулах, чөлөөт шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, товчхондоо бол “Европын Нэгдсэн улс”-аас туурга тусгаар байхыг тэд хүсч байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж