"Наймдугаар сард халдварын тохиолдол 80-90 хувь буурна"

Хуучирсан мэдээ: 2021.06.10-нд нийтлэгдсэн

COVID-19

"Наймдугаар сард халдварын тохиолдол 80-90 хувь буурна"

"Наймдугаар сард халдварын тохиолдол 80-90 хувь буурна"

Covid-19 халдварын  тархалт эрчимтэй нэмэгдэж буйтай холбогдуулан Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хөл хорио тогтооно гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдах болсон. Харин Засгийн газраас хөл хорио тогтоох ямар ч санал гараагүй гэдгийг мэдээлж буй. Тиймээс энэ талаар эдийн засагч болон эрдэмтэн судлаачдын байр суурийг хүргэж байна.


"ХӨЛ ХОРИО ТОГТООВОЛ ЭДИЙН ЗАСГИЙН ГОЛ САЛБАРУУДАД МАШ ХҮНД ЦОХИЛТ БОЛНО"

ЭДИЙН ЗАСАГЧ Ө.ГАНЗОРИГ:

-Энэ хавар хоёр ч удаа хөл хорио тогтоосон. Хэрвээ дахин хөл хорио тогтоовол барилга, уул уурхай, газар тариалан гэсэн эдийн засгийн гол салбаруудад маш хүнд цохилт болно. Тиймээс хөл хорио тогтоох боломжгүй гэж бодож байна. Улсын хэмжээнд иргэдийн вакцинжуулалт өндөр хувьтай байгаа учраас хөл хорио тогтоохоос илүүтэй эдийн засгаа сэргээх нь чухал. Нэгэнт Хятад, Монголын хил хаалттай, бараа бүтээгдэхүүн хязгаарлалттай байгаа энэ үед дахин хөл хорио тогтоох нь буруу.

"ЭДИЙН ЗАСГИЙН ХУВЬД НААШТАЙ ДҮР ЗУРАГ ХАРАГДАХГҮЙ БАЙНА"

ЭДИЙН ЗАСАГЧ Д.АНГАР:

-Ер нь хөл хорио тогтоосон тогтоогоогүй долдугаар сарын 1-нээс хойш эдийн засаг хүндэрнэ. Яагаад гэвэл долдугаар сарын 1-н хүртэл банк, банк бус байгууллагын үндсэн төлбөрөө хойшлуулсан. Одоо долдугаар сарын 1-нээс аж ахуй нэгжүүд зургаан сар хуримтлагдсан үндсэн төлбөрөө төлөх шаардлага үүснэ. Тэгэхээр орлогогүй шахуу байсан аж ахуй нэгжүүдэд ямар ч шийдэл байхгүй. Хөл хорио тогтоогоогүй ч эдийн засаг хүндэрнэ. Хэрэв хөл хорио тогтоовол эдийн засаг бүр хүндэрч, дахин сэхэхгүй.

Мөн дээрээс нь Засгийн газраас долдугаар сарын 1-н хүртэл ус, цахилгаан, дулааны төлбөрийг хөнгөлсөн. Энэ хугацаа нь дуусвал улсын хэмжээнд өрийн сүлжээ үүсч эхэлнэ. Ер нь улсын эдийн засгийн хувьд нааштай дүр зураг харагдахгүй байна.

"НАЙМДУГААР САРД ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ 80-90 ОРЧИМ ХУВИАР БУУРНА"

МУИС-ИЙН БАГШ, СУДЛААЧ, ДОКТОР Т.БЭГЗСҮРЭН:

-Улсын хэмжээнд Covid-19 халдварын эсрэг вакцинжуулалт өндөр хувьтай үргэлжилж байна. Одоогийн байдлаар вакцины эхний тунд хамрагдсан хүмүүс зорилтот бүлгийн 90 орчим хувьтай байна. Насанд хүрэгчдийн дунд халдварт идэвхтэй өртөх хүмүүсийн 60-70 хувь нь дархлаатай болбол халдвар тархалтын эрчим эрс багасна. Ер нь халдвар зургадугаар сарын дунд үеэс халдварын тохиолдол буурах магадлалтай. Тэр хүртэлх хугацаанд халдварын тоо өснө. Гэхдээ халдварын тохиолдол шууд буурахгүй. Аажимдаа халдварын тоо 1000-аас буурах хэдий ч хэдэн зуугаараа халдвар гарсаар байна. Ирэх наймдугаар сард халдварын тохиолдол 80-90 орчим хувиар буурна гэх дүн ажиглагдаж байна.

Ер нь вакцин хийлгэсэн хүмүүс Covid-19 халдвар авах үед харьцангуй хөнгөн тусч байгаа. Хоёрдугаарт, вакцины үр дүнг тооцож үзэхэд 75 хувьтай байсан. Цар тахлын эсрэг вакцины үр нөлөөг тооцдог арга байдаг. Тэр тооцооллоор дөрвөн хүний гурав нь дархлаа тогтож, нэг нь халдвар авах эрсдэлтэй байна гэж гарсан.

"ХӨЛ ХОРИО ТОГТООХ ТУХАЙ САНАЛ ГАРГААГҮЙ"

ЭМЯ-НЫ НИЙТИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖҮҮЛЭЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗРЫН ДАРГА Л.ЭНХСАЙХАН:

-Эрүүл мэндийн яаманд одоогоор хөл хорио тогтоох тухай яриагүй байна. Ерөнхийдөө эрдэмтэн судлаачид цар тахлын халдварын нөхцөл байдлын боломжит хувилбарыг судалж байгаа. Бидний зүгээс хөл хорио тогтоох тухай саналаа боловсруулж, Улсын онцгой комисс руу явуулдаг. Одоогоор санал хэлэлцэж, явуулаагүй байна. Салбарын яам, ХӨСҮТ-д эрдэмтэн, судлаачид ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж