Дэлхийн хуурай газрын эзэн Н’Голо Канте

Хуучирсан мэдээ: 2021.06.10-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Дэлхийн хуурай газрын эзэн Н’Голо Канте

Дэлхийн хуурай газрын эзэн Н’Голо Канте

"NEWS” агентлаг энэ удаагийн “ХҮМҮҮС” буландаа өнөө цагийн дэлхийн хөлбөмбөгийн тод од, даруухан, сайхан сэтгэлтэй Н’Голо Кантег онцолж байна. Тэрбээр бага байхаасаа ядуу зүдүү амьдралыг туулж, гэр бүлээ тэжээхийн тулд хог ухаж, хөлбөмбөгчин болохыг хүссэн ч  түүнийг хэн ч тоогоогүй. Гэвч өдгөө Канте хүртэж болох бүхий л цомуудыг хүртэж, сая сая хүмүүсийн хайрыг татаж байна. Магадгүй өнөөгийн дэлхийн спортын ертөнцөд түүн шиг төлөв даруу, хичээнгүй тамирчин үгүй байх.


ХААНЫ НЭРТЭЙ Н’ГОЛО КАНТЕ

Кантегийн аав, ээж хоёр 1980 онд Африкийн ядуу орон Малигаас шинэ амьдрал эрэлхийлэн Францад цагаачилж иржээ. Тэд Францын хойд хэсгийн О-де-Сенд суурьшиж, дөрвөн хүүхэдтэй болсны нэг нь Н’Голо Канте. Аав, ээж хоёр нь хүүгээ агуу нэгэн болоосой гэсэндээ Бамана эзэнт гүрний хаан Н’Голо Диаррагийн нэрийг хайрлажээ. Кантег 11 нас хүрэхтэй зэрэгцэн эцэг нь таалал төгсч, тэрбээр гэр бүлээ тэжээх, жижигхэн биедээ ахадсан үүргийг хүлээв. Шаргуу хөдөлмөрлөх нь амжилтын үндэс гэдгийг багаасаа ухаарсан Канте багадаа ах, эгч нартайгаа Парис хотын зүүн захаар хэдэн километр явж, шил лааз, төмөр гээд үнэд хүрч болох бүхнийг хог дээрээс цуглуулан, тушааж гэр бүлээ хоолтой залгуулдаг байжээ. 1998 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Франц улсад зохион байгуулахад долоон настай Канте цэнгэлдэхүүдийн гаднах хөгжөөн дэмжигчдийн хаясан шил лааз, ундааны савыг цуглуулж байсан гэдэг.

ХӨЛБӨМБӨГТЭЙ ТАНИЛЦСАН НЬ

1998 оны дэлхийн аваргаар Франц улс нутагтаа түрүүлсний дараа Канте хөлбөмбөг гэдэг спортыг амьдралаа өөрчлөх боломж гэж харжээ. Жаахан хүүгийн нүдэн дээр Тьерри Анри, Зинедин Зидан, Патрик Вера, Лиллиан Турам, Николас Анелка гээд өөртэй нь адилхан цагаач хөлбөмбөгчид Францыг дэлхийн аварга болоход үнэтэй хувь нэмэр оруулав. 1999 онд найман настай Канте орон нутгийнхаа Ж.С.Суреснес хүүхдийн багт элсч, хүн бүхний хайрыг татсан хөлбөмбөгчин болох эхлэлээ тавьжээ. Баг дотроо хамгийн намхан нь ч хамгийн цуцашгүй гүйдэг, талбай дээр бүхнээ зориулдаг нь Канте байв. Энэ талаар Суреснес багийн нарийн бичгийн дарга Пьер Вилле “Канте намхан нуруунаасаа болоод том багуудын анхаарлыг татаж чадаагүй. Гэхдээ тэр талбайн нэг хэсгээс бөмбөг булаагаад нөгөө хэсэг хүртэл туугаад гүйчдэг байлаа. Хэн ч түүнд бөмбөг хэрхэн таслах, туух талаар заагаагүй юм шүү. Түүнийг анх хараад би ямар жижигхэн юм бэ л гэж бодсон. Том нүдтэй, нүүрэнд нь мишээл тодорсон хүүхэд байж билээ. Тэр бараг ярьдаггүй, гэхдээ үргэлж сонсдог. Ирлээ, бэлтгэл хийлээ, явлаа. Ийм л хүүхэд байсан” хэмээн ярив.

Ж.С.Суреснес багийн дасгалжуулагч Пиотр Вотина Кантегийн талаар ярихдаа “Багийн анхны бэлтгэл дээр би хүүхдүүдийг анхааралтай ажиглаж байлаа. Тэгтэл хурдтай, жижигхэн биетэй Канте бусад хүүхдүүдээс бөмбөгийг нь гарамгай булааж байв. Тэр бөмбөг булаагаад л дамжуулдаг. Бөмбөг аваад л өрсөлдөгчөө хуурах гээд байдаг тоглогчдоос тэс өөр байсан. Тэр ёстой гүйхээ болиогүй дээ. Үргэлж л хөдөлнө. Түүнийг талбайн төвд тогло гэхэд тэр ямар ч өөгүй тоглосон” гэв.

Хөлбөмбөг амьдралыг нь өөрчлөх хөшүүрэг гэдгийг ухаарсан Канте том багуудын анхааралд өртөж, мэргэжлийн гэрээ байгуулах гэж хэрэндээ л хичээсэн. Францын баруун хэсгийн Ренн, Лориент хотуудаас зүүн хэсгийн Сошо, хойд хэсгийн Бове, Амьен хүртэл бүхий л хотуудаар явж, мэргэжлийн багуудад шалгуусан ч аль нь ч түүнийг сонирхоогүй аж. Энэ талаар дасгалжуулагч Пиотр Вотина “Хэн ч надаас Кантег ямар сайн тоглогч вэ гэдгийг асуугаагүй. Тэр бөмбөг авах бүртээ л ямар нэгэн онцгой зүйл хийдэг. Францын хөлбөмбөгт биеийн хүч, өндөр нуруу их ач холбогдолтой. Мэргэжлийн багууд тамирчдын толгой доторхыг тоодоггүй. Илүү биеийн хүч, атлетик чанарыг нь сонгож багтаа элсүүлдэг. Том, хүчтэй л бол багт орох магадлал өндөр. Кантегийн хувьд үргэлж сонсдог, үргэлж өрсөлдөгчөө болон багийнхаа андуудыг хүндэлдэг байсан. Түүнд асуудал байгаагүй. Гэхдээ би өөрөөсөө нэг удаа түүнийг мэргэжлийн тамирчин болоход хэтэрхий сайхан сэтгэлтэй юм болов уу гэж асууж байсан шүү” хэмээн ярьжээ.

ЖИНХЭНЭ ЯЛАГЧ

Канте Суреснес багийн эзэн, Франц улсыг төлөөлж олимпод оролцож явсан Жеан-Пьер Перринелле гэдэг хүнд одоо ч талархаж явдаг. 2010 онд багт нь байх ёсгүй, дэндүү авьяаслаг тоглогч есдүгээр лигт тоглож байхыг хараад Жеан-Пьер зүгээр суусангүй. Харилцаа холбоо, танилууд сайтай тэрбээр Булон багтай холбогдож, Кантег тус багт тоглуулахаар тохиролцжээ.

Дөнгөж хоёрдугаар лиг рүү унаад байсан Булон баг шинэ тоглогчоо тийм ч амар талбайд гаргаагүй. Бүтэн хоёр жил хүлээсний эцэст 2012 онд 21 насандаа Канте мэргэжлийн хөлбөмбөгийн анхны тоглолтоо Монако багийн эсрэг хийж байжээ. Хэдийгээр баг нь гуравдугаар лиг рүү унах нь тодорхой болчихсон, тоглолтод сэлгээгээр гарч, ердөө 11 минутыг өнгөрүүлсэн ч Кантегийн хувьд энэ бол маш том амжилт байв. Дараа улирал нь Канте гуравдугаар лигт өөрийгөө батлан харуулж, хоёрдугаар лигийн Кан багтай нэгджээ. Кан багт хоёр улирлыг өнгөрүүлж, тус багийг дээд лигт дэвшихэд нь тусалсан Канте Англи руу тэр дундаа Лэйстер Сити руу жим гаргав. Энд л тэрбээр өөрийгөө Англид, Европт, дэлхий дахинаа таниулж, сая сая хөгжөөн дэмжигчидтэй болсон юм.

Лэйстер Ситигийн хамтаар үнсгэлжингийн үлгэрийг бодитоор амилуулж, дэлхийн хамгийн өрсөлдөөнтэй лигийн түрүүг хүртсэн Канте ердөө нэг улирлын дараа Челсиг зорив. Челсид ирсэн улиралдаа л Английн Премьер лигт дахин түрүүлж, тухайн улирлынхаа бүхий л хүртэж болох хувь шагналуудыг түүсэн. Үүгээр ч зогсохгүй Францын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, 2016 оны нутагтаа зохион байгуулсан Европын аваргаас мөнгөн медаль хүртэж, 2018 оны ОХУ-д болсон дэлхийн аваргад түрүүлсэн. Мөн Европа лиг, Аваргуудын лиг гээд түүнд ер нь хүртэж үзээгүй цом үгүй. Тиймээс тэр бол жинхэнэ ялагч.

САЙХАН СЭТГЭЛТЭЙ, ШУДАРГА, ИЧИМХИЙ НЭГЭН

Дээрх гурван үг Н’Голо Кантег тодорхойлоход хангалттай. Канте жилд 7.5 сая фунт буюу 30 тэрбум орчим төгрөг олдог ч одоог хүртэл хуучны "Mini Cooper" автомашинтай. Тэрбээр энэхүү машинаа Лэйстер Ситид байхдаа хүнээс худалдан авч байсан бөгөөд цоо шинэ машин авах талаар ерөөсөө боддоггүй гэнэ.

Машингүй байхдаа Канте бэлтгэлдээ гүйгээд ирдэг байв.

2018 онд Франц дэлхийн аваргад түрүүлэхэд Кантегийн үүрэг оролцоо их байсан ч тэрбээр багийнхаа нөхдийн өмнүүр орж, алтан дагиныг өргөхөөсөө ичсэн. Энэ талаар Оливье Жиру “Канте тухайн үед ‘би одоо цом барьж үзье’ гэж хэлэхээсээ ичсэн. Тэр зүгээр л зайнаас биднийг хараад зогсч байсан. Үүнийг ч ойлгоод бид түүнд цомыг өгч, зураг даруулаасай гэж хүссэн” хэмээжээ. Мөн саяхан л гэхэд Канте УЕФА Аваргуудын лигийн цомыг өргөхөөсөө ичиж, багийн нөхөд нь түүнээс цом өргөхийг гуйж байлаа.

Арсеналыг хожсоныхоо дараа Н’Голо Канте Арсеналын фэнээс уучлалт гуйж байсан түүхтэй.

2018 онд багтайгаа долоо хоногийн 300 мянган фунтын гэрээ байгуулсан Канте цалингаа оффшор бүст хадгалахыг хүсээгүй. Түүнд олон хүн мөнгөө оффшор бүст байрлуулж, Английн өндөр татвараас зайлсхийх боломжтой гэдгийг санал болгож байсан ч тэр хүсээгүй. Месси, Роналдо тэргүүтэй дэлхийн шилдэг хөлбөмбөгчид бүгд л оффшор бүст данстай байхад Канте шударга байхыг хүссэн. Францын шигшээ багийн тоглогч Блез Матуюди “Энэ талаар сонсоод би гайхаагүй ээ. Учир нь тэр бол Канте шүү дээ. Хөзөр тоглохдоо л жоохон заль гаргах гээд байдгийг нь эс тооцвол тэр бол шударга залуу” гэжээ.

Францын Кан багт тоглож байхад нь Кантег багийнх нь Бразил тоглогч Фелипе Саад төрсөн өдрийнхөө үдэшлэгт урьжээ. Тэрбээр үдэшлэгт хайрцаг шоколадтай ирсэн гэнэ. Энэ тухай Фелипе Саад орон нутгийнхаа телевизэд ярихдаа “Би бяцхан үдэшлэг зохион байгуулж, Кантег урьсан. Тэр ресторанд ирэхдээ хайрцаг шоколадтай ирсэн. Тэнд байсан хүн бүр л санаа зовсон. Гэтэл тэр надаас уучлалт гуйгаад өмнө нь хэзээ ч төрсөн өдрийн баярт уригдаж байгаагүйгээ хэлсэн. Тэр бол миний мэдэх хамгийн сайхан сэтгэлтэй хүн. Түүн шиг зан авиртай хүн дахиж хөлбөмбөгт тохиохгүй” хэмээн Кантег дурссан аж.

Түүнийг фэнүүд нь оройн хоол, хуриманд урихад ч тэр татгалздаггүй. Өнгөрөгч 2018 оны есдүгээр сард Парис явах галт тэрэгнээсээ хоцорсон Канте Кардифф хотын лалын сүмээр зочлох үеэрээ Арсеналын фэн Бадлур Рахман Жалил гэгчтэй танилцжээ. Бадлур Кантег оройн хоолонд урьж, дараагийн галт тэрэг ирэх хүртэл гэрт нь саатахыг хүсчээ. Бадлур "BBC" агентлагт өгсөн ярилцлагадаа “Исламын шашинд зочноо гэртээ оройн хоолонд урихыг заадаг учир би түүнийг урьсан. Тэр дүү бид хоёртой "FIFA" тоглож, карри идэж, тоглолт үзсэн. Үнэхээр сайхан үдшийг өнгөрүүлсэн” гэжээ. Үүний дараа 2019 онд Челсигийн фэн Франк Халид гэгч эр Кантег охиныхоо хуриманд урьсан. Франк "The Sun" сонинд өгсөн ярилцлагадаа “Би түүнийг урихад тэр анхандаа очих боломжгүй, тоглолттой гэдгээ хэлсэн. Гэвч Канте гэмтэл авч, тоглолтод оролцох боломжгүй болсон учир над руу мессеж бичиж, очно гэсэн. Тэр хуримын үйл ажиллагааг дуустал байж, зочиддоо их эелдэг харьцаж, тэдэнтэй зургаа даруулж, гарын үсгээ өгч байсан” хэмээн хуучлав.

ЭНЭ ЖИЛИЙН БАЛЛОН Д’ОРЫН ЭЗЭН ҮҮ?

Дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгчинд олгодог "Баллон д’Ор" буюу Алтан бөмбөг шагналын эзнээр энэ жил Н’Голо Канте тодрох магадлал өндөр. Герман дасгалжуулагч Томас Тухелийн удирдлага дор гялалзаж буй Кантег ирэх Бямба гаригт эхлэх Евро-2020 тэмцээнд Францын шигшээ багтайгаа түрүүлвэл гарцаагүй "Баллон д’Ор"-ын эзэн гэж мэргэжилтнүүд үзэж байна. Месси, Роналдо шиг тоглолт бүрт гоол оруулж, уран тансаг тоглолт үзүүлэх нь ховор ч Канте талбай дээр хэнээс ч илүү хөдөлмөрлөж, эсрэг багийнхаа шилдгүүдийг зогсоодгоороо алдартай. Талбайн бүх хэсэгт л гүйж яваа түүнийг хараад фэнүүд нь "Дэлхийн 71 хувийг ус, үлдсэнийг нь Канте эзэлдэг" хэмээн хошигноод амжсан. Мөн шигшээн хамтрагч Пол Погба түүний талбай дээр цуцашгүй гүйдэг чадварыг үнэлэн "Н’Голотой талбай дээр хамт байх амар байдаг. Тэр хаа сайгүй л гүйж байдаг. Тэр 15 уушгитай байх" гээд шоглож байв.

Харин Канте өөрийнхөө талаар "Би бол байдаг л нэг залуу. Бусад хөлбөмбөгчдийн адил хөлбөмбөгчин. Намайг сайхан сэтгэлтэй, сайн залуу гэж хэлэх шаардлага байхгүй ээ. Би бусад шигээ л тамирчин. Би заримдаа хүмүүс намайг хэт их хөөргөж байна даа гэж боддог. Ингэх хэрэггүй дээ. Би багтаа туслахыг, гудамжинд, хөлбөмбөгийн талбай дээр байгаа хүмүүстэй сайхан харилцаатай байхыг эрхэмлэдэг” хэмээн ярьжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж