Залуучууддаа сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалъя!

Хуучирсан мэдээ: 2021.06.09-нд нийтлэгдсэн

Залуучууддаа сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалъя!

Залуучууддаа сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалъя!

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль өнөөдөр (2021.06.09) 07.00-22.00 цагийн хооронд орон даяар явагдаж байна. Улсын хэмжээнд 17.00 цагийн байдлаар ирц 37.78 хувьтай, ирцэд бүртгэгдсэн сонгогчдын тоо 768.483 байна. Сонгогчдын насны ангиллыг авч үзвэл 70-аас дээш насны иргэдийн ирц 65.6 хувьтай байгаа бол 65-аас дээш насныхны ирц 65 хувьтай байна. Харин 20-29 настай сонгогчдын ирц хамгийн бага байна. Иймд бид нийслэлийн санал авах хэсгийн хороодод иргэдийн идэвх оролцоо ямар байгааг сурвалжиллаа.

Ажиглагчдын хэлж буйгаар, 20-24 насныхны сонгуулийн ирц хамгийн бага байгаа бол 40-өөс дээш насныхны идэвх өндөр байгаа аж. Хэдийгээр халдвар хамгаалалтын онцгой нөхцөл байдалд энэ удаагийн сонгууль болж байгаа ч иргэд ухамсартай хандаж, хүн хоорондын зай барьж, амны хаалттай оролцож байгааг онцоллоо.

Үндэсний хувцсаараа гоёж, иргэний үүргээ биелүүлэхээр иргэд найз нөхөд, гэр бүлээрээ санал авах байрны гадаа дугаарлан зогсож байгаа харагдана. Өнгөрсөн сонгуулиудтай харьцуулахад санал авах хэсэгт иргэдийн хөдөлгөөн бага байсан юм. Энэ жилийн тухайд нийт 2087 хэсгийн хороонд санал хураалт явагдаж, гурван нэр дэвшигч өрсөлдөж байгаа билээ. Цаг агаарын хувьд ч тогтуун байгаа учраас иргэд харъяа цэгүүдэд очиж саналаа өгөхөд асуудалгүй байгааг хэсгийн төлөөлөгчид хэлсэн. Санал авах байрны гадаа оршин суух хаягаар санал авах байршлын мэдээлэл тавьснаас гадна тус хэсгийг хариуцсан зохицуулагч нар ажиллаж байлаа. Харин санал хураах байранд ажиглагч, хяналтын хүмүүсийн бүрэлдэхүүн байгаа бөгөөд халдвар хамгаалалтын дэглэмийг сайтар баримтлахыг иргэдэд зөвлөж, санал хэрхэн өгөх талаар зөвлөмж өгч байв.

18-аас дээш насны залуусыг сонгуульд идэвхтэй оролцохыг уриалж байна

18-аас дээш насны залуусыг сонгуульд идэвхтэй оролцохыг уриалж байна

Posted by News.mn on Wednesday, June 9, 2021

Чингэлтэй дүүргийн 30 дугаар тойргийн 6-2 дугаар хэсгийн хороо 108 дугаар цэцэрлэг дээр байрлаж байна. Уг санал авах байрны гадаа 20 орчим хүн дугаарлан зогсчээ. Санал өгөх иргэд халдвар хамгаалалтын дэглэмийн дагуу амны хаалт зүүж, халуунаа хэмжүүлж, нэг удаагийн бээлий өмсөн, санал авах хэсэгт орж байгаа аж. Мөн саналаа өгсөн иргэнд хурууны тэмдэглэгээ хийж байгаа юм.

Эрхэм сонгогч та саналаа өгснөөр Монгол Улсын иргэн байх эрхээ бүрэн эдэлж байна гэсэн үг.  Мөн үүргээ ч биелүүлж байна. Хэрэв иргэдийн идэвх сайн байвал улс орны хөгжилд ч төдийчинээ нөлөөтэй юм. Залуусыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.

Чингэлтэй дүүргийн 30 дугаар тойргийн 6-2 дугаар хэсгийн ахлагч Ц.ЦЭНДСҮРЭН:

-Чингэлтэй дүүргийн 30 дугаар тойргийн 6-2 дугаар хэсэгт 1863 сонгогч санал өгөхөөс ирц 32 хувьтай явж байна. 13.00 цагийн байдлаар 600 сонгогч саналаа өгөөд байна. Сонгогчид энэ жилийн тухайд харьцангуй идэвхтэй оролцож байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох ээлжит сонгуульд нийт иргэдийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

 

 

 

30 дугаар тойргийн 10-1 дүгээр хэсгийн ахлагч О.БӨХЧУЛУУН:

-Манай хэсгийн хороонд 2453 сонгогч санал өгөх ёстой.  18 сонгогч зөөврийн хайрцгаар өчигдөр санал өгсөн.  Одоогийн байдлаар ямар нэгэн зөрчил гараагүй, санал хураалт хэвийн явагдаж байна. Халдвар хамгаалалтын дэглэмээ баримталж орой 22.00 цаг хүртэл саналаа идэвхтэй өгөхийг нийт иргэддээ уриалж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

Иргэн Г.ГАНЧИМЭГ:

-Сонгуульд оролцох иргэдийн идэвх манай хэсэгт харьцангуй сайн байна. Залуучуудын хувьд саналаа өгөхөөр ирж байгаа нь сайн. Гэхдээ залуусын идэвх оролцоо өндөр байх тусам хүсч байсан үр дүн нь гарна гэдгийг төдийлөн сайн мэдэхгүй байх шиг байна. Монгол Улсын иргэн бүр үүргээ ухамсарлаж, сонгуульд саналаа идэвхтэй өгөхийг уриалж байна. Сонголтоо хэрхэн хийх нь хүний эрх. Гэхдээ сонгуульд идэвхтэй оролцох нь хүн бүрийн үүрэг.

Иргэн З.ОЮУНСУВД:

-Иргэн бүр санал хураалтад идэвхтэй оролцоогүйгээс болж дараа нь үүсэх олон асуудалд хариуцлага хүлээх хүн байхгүй болдог. Тиймээс саналаа идэвхтэй өгөхийг хүсч байна.   Насны хувьд гэхгүйгээр хүн бүр л саналаа өгөх нь чухал гэж боддог.

 

 

Иргэн Ш.ТҮВШИНЗАЯА:

-Миний хувьд энэ жил анх удаа сонгуульд санал өгөх гэж байна. Сонголтоо хийхийн тулд гурван нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөртэй танилцаж судалсан. Мөн мөрийн хөтөлбөртөө юу хийхээр төлөвлөснийг сайн судлахыг хичээсэн. Үеийнхнээ саналаа идэвхтэй өгөхийг уриалж байна.

 

 

Өндөр настан Б.БҮДСҮРЭН:

-Монгол Улсын төрийн тэргүүнээ сонгох санал хураалтад иргэд идэвхтэй оролцох хэрэгтэй. Залуучууд, ахмадууд бүгд оролцоо өндөр байснаар бид улс орноо хөгжүүлэх боломжтой. Миний хувьд мөрийн хөтөлбөртэй бүрэн танилцсан. Мөрийн хөтөлбөр бол сонголт хийх хамгийн гол шалгуур юм.


СЕХ: ИРГЭД ҮҮРГЭЭ УХАМСАРТАЙГААР БИЕЛҮҮЛЖ БАЙНА

Энэ жилийн хувьд Covid-19 онцгой нөхцөлтэй холбоотойгоор гэрийн тусгаарлалтад байгаа ч саналаа өгөх хүсэлтээ өгсөн ч санал өгч чадаагүй гэсэн гомдлууд их гарч байгаа талаар Сонгуулийн ерөнхий хорооноос тодруулахад Зөөврийн саналын хайрцгаар санал авахад оролцоогүй шалтгаан нь хаяг дээрээ байхгүй, санал өгөхөөс татгалзсан, эмнэлэгт өвчлөл хүндэрсэн, нас барсан зэрэг шалтгаануудаас үүдэн зөөврийн хайрцгаар санал өгөөгүй тохиолдлууд гарсан гэсэн юм.

Хэдийгээр өнөөдөр бүх нийтийн амралтын өдөр ч гэсэн иргэд иргэний үүргээ ухамсартайгаар биелүүлж байна. Харин одоо залуусын идэвхийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа учраас залуу сонгогчид үе тэнгийнхнээ уриалах шаардлагатай байна. Сонгогчдод сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгөхийг Сонгуулийн ерөнхий хорооноос уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж