Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн У.Хүрэлсүх, С.Эрдэнэ, Д.Энхбат нар саналаа өглөө.
С.ЭРДЭНЭ: Дарангуйлалгүй ирээдүйд амьдаръя
АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ гэргийн хамт Баянгол дүүргийн 20 дугаар сургууль дээр эхнэрийн хамт ирж саналаа өглөө. Тэрбээр нийт сонгогчиддоо хандан “Монгол Улсад шударга ёс, ёс зүйт төрийг бий болгох, төрд хяналттай байх энэ боломжийг хангасан сонголт хийгээсэй гэж хүсч байна. Мөн өрсөлдөгч нартаа амжилт хүсье. Өвчин зовлон туссан нь хурдан эдгэрч, улс төрийн ажилдаа ороосой. Би энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд “Ардчилсан Монгол, дарангуйлалгүй Монгол” гэсэн уриатай орж байгаа. Дарангуйлалгүй ирээдүйд үр хүүхдээ амьдруулъя гэж бодвол туйлын хариуцлагатай сонголт хийгээрэй гэж уриалан хэлье” гэв.
У.ХҮРЭЛСҮХ: Хамгийн гол баялаг бол Монголын оюун санааны баялаг
МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүрэх хоёр охины хамт Баянзүрх дүүргийн 48 дугаар сургууль дээр саналаа өглөө. Тэрбээр нийт сонгогчиддоо хандан “Ард иргэд маань идэвхтэй санал өгч байгаад талархаж байна. Монголд их олон баялаг бий. Уул уурхай, хүмүүс гээд хамгийн гол баялаг бол Монголын оюун санааны баялаг бөгөөд түүх, соёлынхоо эзэн болсон ард түмэн билээ. Мөн хамтдаа нэр дэвшиж буй Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэ, "Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбат нартаа миний бие сонгуульд нь өндөр амжилт хүсье” гэв.
Д.ЭНХБАТ: Гадаадад суугаа иргэд цахим хэлбэрээр санал өгдөг болно гэж найдаж байна
"Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбат Covid-19 авсан тул Улсын хоёрдугаар төв эмнэлэг дээр гэргийн хамт өчигдөр (2021.06.08)саналаа өгсөн. Тэрбээр энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд “Монгол чадна” уриатай оролцож байгаа бөгөөд "Миний биеийн байдал сайн байна. Эмч сувилагч нар сайн ажиллаж байна. Бид ном журмынх нь дагуу эм бэлдмэлээ ууж байна. Ойрын үед эдгэрч гарна гэдэгтээ итгэлтэй байна. Цаашид гадаадад суугаа иргэд цахим хэлбэрээр санал өгдөг болно гэж найдаж байна. Би Ерөнхийлөгч болвол ийм ажил хийнэ" гэв.
Холбоотой мэдээ