Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт орон даяар үргэлжилж байна. Улсын хэмжээнд 2087 хэсгийн хороонд 18 мянга гаруй алба хаагч ажиллаж байгаа юм. Үүнээс нийслэлд 457 хэсгийн хороо ажиллаж байна. Найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх саналаа өгсөн бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар Баянзүрх дүүргийн 25-26-1 дүгээр хэсгийн санал авах байранд саналаа өглөө.
Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ:
-Монгол Улсын иргэний хувьд эрхээ эдэлж, үүргээ биелүүлж саналаа өглөө. Энэ удаагийн сонгууль хоёр зүйлээр онцлог болж байна. Цар тахлын хувьд амаргүй үед Ерөнхийлөгчийн сонгууль болж байна. Өмнөх сонгуулиудтай харьцуулахад зардал багатай, тайван сонгууль болж байна гэж бодож байна. Иргэдийн идэвхи маш сайн байгаад талархаж байна. Энэ нь иргэд сонгуульд хариуцлагатай байгаагийн илрэл. Хоёр дахь томоохон онцлог нь Монгол Улс анх удаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу төрийн тэргүүнээ зургаан жилээр нэг удаа сонгох гэж байна.
Өнгөрсөн 30 жилийн гол асуудал бол сонгуулиас сонгуулийн хооронд маш бага хугацаанд Засгийн газар 1.5 жил ажилладаг хүндрэл байсан. Парламентын сонгуулийн дараа орон нутгийн сонгууль, дараа нь Ерөнхийлөгчийн сонгууль болдог. Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс хамаарч улс төрийн асуудал үүсдэг.
Энэ удаа парламентын бүрэн эрх дөрөв, Ерөнхийлөгчийн бүрэн эрх зургаан жилийн хугацаатай болж байна. Тиймээс энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс хамаарч Монгол Улсын Засгийн газарт томоохон шинэчлэлт гарах байх.
Нийт иргэддээ эрхээ эдэлж, үүргээ биелүүлж, халдвар хамгааллын дэглэмээ сайн мөрдөж, төрийнхөө сонгуульд идэвхтэй оролцоорой гэж уриалж байна.
Ер нь өнгөрсөн 30 жил Засгийн газар 1.5 жил ажилладаг байлаа. Бүрэн эрхээ хэрэгжүүлж дуусгасан гуравхан Засгийн газар бий. Ерөнхий сайд асан П.Жасрай гуай, Н.Энхбаяр, У.Хүрэлсүх нар өнгөрсөн 30 жилийн хугацаанд дөрвөн жилийн бүрэн эрхээ эдэлж дуусгасан. Тиймээс урт хугацааны томоохон хөтөлбөрүүд, хэрэгжүүлсэн ажлаа дуусгахын тулд Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд бүтэн ажилладаг байх соёл руу орох нь зүйтэй гэж боддог. Монгол Улсын хувьд маш олон ажил эхлүүлсэн ч дуусгасан нь цөөхөн. Тиймээс иргэддээ хариуцлагатай, ул суурьтай сонголт хийх байх гэдэгт итгэж байна. Сонгох нь эрхийн асуудал боловч цагаан санал өгөх нь сайн арга биш. Тиймээс иргэд хэн нэгэн нэр дэвшигчийг дэмжих нь зүйтэй. Нөгөөтэйгүүр ирц өндөр байх ёстой. Яагаад гэвэл сонгууль өөрөө их зардалтай.
Монгол Улсад цар тахлын амаргүй үед дахин дахин сонгууль явуулах нь эдийн засаг, эрүүл мэндийн аль аль талаас ашиггүй. Иймд иргэд хариуцлагатай хандах байх.
🔴 ШУУД | Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саналаа өглөө#NewsMN #NewsAgency
Posted by News.mn on Tuesday, June 8, 2021
Холбоотой мэдээ