Украины өмсгөл дээрх Крымийн газрын зураг Оросыг бухимдуулав

Хуучирсан мэдээ: 2021.06.09-нд нийтлэгдсэн

Украины өмсгөл дээрх Крымийн газрын зураг Оросыг бухимдуулав

Украины өмсгөл дээрх Крымийн газрын зураг Оросыг бухимдуулав

Украины хөлбөмбөгийн шигшээ баг ирэх Бямба гаригт эхлэх Европын аваргаар өмсөх өмсгөлөө танилцуулав. Энэхүү өмсгөл дээрээ улсынхаа газар нутгийг дүрсэлсэн бөгөөд хамгийн сонирхолтой нь 2014 онд ОХУ-д алдсан Крымийн газрын зургийг мөн багтаажээ.

Украины хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Андрей Павелко өөрийн цахим хуудастаа дээрх өмсгөлийн зурагтай холбогдуулан “Энэ бол манай улсын хамгийн үнэ цэнэтэй зураг. Крым, Донецк, Луганск, Киев, миний төрсөн нутаг Днепр, Львов, Одесса гээд төрөлх нутгийн минь хот, тосгон бүрийн гол аялгуу нь төрийн дуулал байсаар ирсэн” хэмээжээ.

Үүний хариуд Оросын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мариа Захарова ТАСС агентлагт өгсөн ярицлагадаа “Крымийг Украины газрын зурагт оруулсан явдал нь боломжгүй зүйлийг боломжтой мэтээр харагдуулах гэсэн бүтэшгүй оролдлого. Киевийн үндсэрхэг үзэлтнүүд өөрсдийн тааруу уриа лоозонгоо дэлхий даяар эерэг утгатай мэтээр харагдуулах гэж үзэж байна” хэмээжээ.

Мөн Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Спорт бол спорт. Бид Украин, Оросын хоорондын таарамжгүй байдлыг сэдрээж болохгүй. Манай хоёр улс угсаа гарал нэгтэй гэж бодож байна. Орос улс украинчуудыг үргэлж таатай хүлээн авах болно” гэжээ.

Украины Гадаад хэргийн яамны сайд Дмитрий Кулеба өөрийн твиттер хуудастаа шигшээ багийнхаа өмсгөлийг сайшаан, “Шигшээ багийн минь шинэ өмсгөл таалагдаж байна. Шигшээ багийн минь талаар элдэв зүйл ярьж буй зарим нэг хүнд хандаж хэлэхэд бид улсынхаа бэлгэ тэмдгийг доромжлуулж чадахгүй шүү. Украин улс мандан бадраг. Бид хамтдаа ялж чадна” гэжээ.

УЕФА буюу Европын хөлбөмбөгийн холбооноос үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан “Украины шигшээ баг болон бусад бүх багийн Евро-2020 тэмцээнд өмсөх өмсгөл, эдлэл хэрэглэлийг дүрмийн дагуу баталсан” хэмээн мэдэгдэл гаргажээ. Өнгөрсөн жил цар тахлын улмаас хойшлогдсон Евро-2020 тэмцээн ирэх Бямба гаригт нээлтээ хийнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
7
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж