Бельгийн шигшээ багийн од Ромелу Лукаку хөлбөмбөг дэх арьс өнгөний үзэл дээд цэгтээ хүрснийг онцолжээ. Өдгөө Лукаку шигшээ багтайгаа хамт удахгүй эхлэх Европын аварга шалгаруулах тэмцээндээ бэлтгэж байгаа бөгөөд Бельгийн шигшээ баг ирэх Бямба гаригт Оросын эсрэг хэсгийнхээ эхний тоглолтыг хийнэ.
Лукаку CNN агентлагт өгсөн ярилцлагадаа “Миний бодлоор хөлбөмбөг дэх арьс өнгөний үзэл дээд цэгтээ хүрлээ. Яагаад гэж үү? Учир нь өнөө үед сошиал медиа өндөр хөгжжээ. Тьерри Анри тэргүүтэй хүмүүс яагаад сошиал медиагаас хол байдгийг ойлгож байна. Сошиал медиа компаниуд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах асуудал дээр илүү ажилламаар байна” хэмээжээ.
Энэ оны эхээр өнгөт арьст хөлбөмбөгчдийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдал сошиал орчинд түгээмэл тохиолдох болсон тул хөлбөмбөгийн домогт тоглогч Тьерри Анри өөрийн сошиал хаягуудаа устгаж, сошиал медиа компаниудыг хэрэглэгчдээ хянаж чаддаггүй гэж шүүмжилж байв.
Анриг сошиал хаягуудаа хаасны дараахан Английн хөлбөмбөгийн багууд болон холбогдох байгууллагууд гурав хоногийн турш сошиал хаягуудаа ашиглаагүй юм.
Ромелу Лукаку “Үнэнийг хэлэхэд, ямар ч өөрчлөлт гарахгүй байна. Арьс өнгөний үзлийн эсрэг олон кампанит ажил, янз бүрийн зүйлс хийж байгаа ч үнэндээ бодит үр дүн олж харсангүй. Италид надад ийм зүйл тохиолдоход шууд арга хэмжээ авч байсан. Сериэ-А лигээс надтай болон багтай маань холбоотой байдаг байлаа. Италид арьс өнгөөр ялгаварлагч хүмүүст боловсрол олгохыг хичээдэг. Итали бол гайхалтай орон. Хүмүүс нь ч намайг хүлээн зөвшөөрсөн. Яг энэ л зүйлийг Европын бүх лиг хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэд лигийн тамирчидтайгаа ярилцаж, тамирчдаа, багуудаа хамгаалах зүйлс хийх хэрэгтэй” гэжээ.
Супер лигийн талаар асуухад тэрбээр “Супер лиг зохион байгуулагдана гэх яриа гарсны дараа хүмүүс сошиал мэдээ дээр хурцаар шүүмжилсэн. Хүмүүс, фанатууд гудамжинд жагсч, эсэргүүцлээ илэрхийлж байлаа. Би ч мөн ялгаагүй. Супер лиг битгий болоосой гэж хүссэн. Гэхдээ фанатууд яагаад Супер лигийг эсэргүүцсэн шигээ арьс өнгөний үзлийн эсрэг нэгдэж болдоггүй юм бол? Ялгаагүй л адилхан асуудал шүү дээ” хэмээн хариулжээ.
Бельгийн шигшээ баг энэ жилийн Европын аваргын гол фаворитуудын нэгээр нэрлэгдэж буй. Улаан чөтгөрүүдийн хувьд түүхэндээ Европын аваргад түрүүлж үзээгүй. Роберто Мартинезээр удирдуулсан тус шигшээ баг 2018 оны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртээд зогсохгүй Европын аваргын эрх олгох тэмцээний бүх 10 тоглолтдоо ялалт байгуулсан. Тэд тэмцээний B хэсэгт Финланд, Орос, Данийн шигшээ багуудтай хамт багтсан билээ.
Холбоотой мэдээ