Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, "Зөв хүн Электорат" эвслээс Д.Энхбат нэр дэвшиж, өрсөлдөж буй. Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр /2021.06.09/ 07.00 цагаас улс орон даяар албан ёсоор эхэлсэн.
СОГТУУРУУЛАХ УНДАА ЗАРАХГҮЙ, БҮХ НИЙТЭЭР АМАРНА
Иргэдийн сонгуулийн идэвхийг нэмэгдүүлэх, сонгуульд оролцох боломжоор хангаж, өнөөдөр бүх нийтээр амарч байгаа бөгөөд дараах үйл ажиллагааг хориглохоор хуульд заажээ.
- Согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах
- Соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээг зохион байгуулах
- Гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллахыг хориглоно.
7 СОНГУУЛЬ 5 ЕРӨНХИЙЛӨГЧ
1993 оноос хойш дөрвөн жил тутамд Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулдаг бөгөөд долоон удаа сонгууль зохион байгуулахад 5 Ерөнхийлөгч сонгогдож байжээ. Мөн Н.Баганбанди, Ц.Элбэгдорж нар улиран сонгогдож байв. Харин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу цаашид Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа зургаан жилээр сонгох бөгөөд өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан бол дахин нэр дэвших боломжгүй гэдгийг хуульчилсан юм. Ерөнхийлөгчийн сонгуулиудыг дүгнэвэл, УИХ-д суудалтай намууд өрсөлддөг зохицуулалттай учраас ихэнхдээ 2-3 нэр дэвшигчид өрсөлдөж байжээ.
- 1993, 1997, 2001, 2005, 2009, 2013, 2017 онуудад Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиудыг зохион байгуулав.
- 1993 он-П.Очирбат /МҮАН, МСДН-ын эвслээс нэр дэвшив/57,8 хувийн санал авч, Ерөнхийлөгчөөр сонгогдож байв.
- 1997 он-Н.Багабанди /МАХН-аас нэр дэвшив/ 60,81 хувийн санал авч, Ерөнхийлөгчөөр сонгогдож байв.
- 2001 он-Н.Багабанди /МАХН-аас нэр дэвшив/58,13 хувийн санал авч, Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдож байв.
- 2005-Н.Энхбаяр /МАХН-аас дэвшив/ 53,44 хувийн санал авч, Ерөнхийлөгчөөр сонгогдож байв.
- 2009 он-Ц.Элбэгдорж /АН-аас нэр дэвшив/ 51,21 хувийн санал авч, Ерөнхийлөгчөөр сонгогдож байв.
- 2013 он-Ц.Элбэгдорж 50,23 хувийн санал авч, Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдож байв.
- 2017 он-Х.Баттулга /АН-аас нэр дэвшив/50,61 хувийн санал авч, Ерөнхийлөгчөөр сонгогдон, ажиллаж байна.
ЭНЭ УДААГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ЗАРДАЛ 26 ТЭРБУМ
УИХ-аас үе, үеийн сонгуулиудын зардлыг баталж, тогтоодог. Сүүлийн жилүүдэд сонгуулийн зардлууд огцом өсч байгааг судлаачид онцолдог. Тэгвэл долоон удаа Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулахдаа анх 40 сая төгрөг зарцуулдаг байсан бол 2001 оноос энэ зардал хоёр дахин, 2009 онд тэрбум тэрбумаар өссөн үзүүлэлттэй байна. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлыг 26 тэрбум төгрөгөөр баталсан бөгөөд хэрэв хоёр шатны санал хураалт явуулбал 9 тэрбум төгрөгийн зардал гарна гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлээд буй.
- 1993-40 сая төгрөг
- 1997-150 сая төгрөг
- 2001-462.5 сая төгрөг
- 2005-636.2 сая төгрөг
- 2009-4 тэрбум төгрөг
- 2013-15.8 тэрбум төгрөг
- 2017-14.9 тэрбум төгрөг
- 2021-26 тэрбум төгрөг
2.1.51.329 СОНГОГЧ САНАЛАА ӨГӨХӨӨР БҮРТГҮҮЛЖЭЭ
Сонгуульд санал өгөх эрхтэй сонгогчдын нэрсийн жагсаалтад 2 151 329 сонгогч бүртгэлтэй байгааг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлсэн. Үүнээс “түр хасав” тэмдэглэгээтэй 110 773 сонгогч байгаа аж. “Түр хасав” тэмдэглэгээ нь эрх зүйн чадамжгүйг нь шүүхээр тогтоосон, эсвэл 60 буюу түүнээс дээш хоногоор гадаадад зорчсон иргэдэд хамаардаг.
Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт 22.00 цагт дуусах бөгөөд нийт 2087 хэсгийн хороонд 100 хувь хяналтын гар тооллого хийх юм.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ИРЦ 60-92 ХУВЬТАЙ БАЙЖЭЭ