Эрүүл мэндийн яамнаас хоногт батлагдаж буй Сovid-19-ийн тохиолдлын 30 орчим хувийг хүүхэд эзэлж байгаа талаар мэдээлсэн. Иймд хүүхдийн өвчлөлийн талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаагаас тодрууллаа.
-Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар Covid-19 цар тахлаар хэчнээн хүүхэд өвчлөөд байна вэ?
-Халдварын шинээр бүртгэгдэх тохиолдолд хүүхдийн өвчлөлийн хувь өдөр ирэх бүрт нэмэгдэж байна. Улсын хэмжээнд 0-18 насны 15647 хүүхэд Covid-19-өөр өвчилсөн байна. Энэ нь нийт батлагдсан тохиолдлын буюу 23.1 хувийг эзэлж байгаа юм. Насны хувьд авч үзвэл:
- 0-4 насны хүүхэд 23 хувь,
- 5-9 настай хүүхэд 32.3 хувь,
- 10-14 насны хүүхэд 30.2 хувь,
- 15-17 нас хүүхэд 14.5 хувийг эзэлж байна.
Зургадугаар сарын 7-ны байдлаар 1419 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эдгээрээс 88.5 хувь нь Улаанбаатар хотод үлдсэн 11.5 хувь нь орон нутагт байгаа юм. Тиймээс олон нийтийн газраар хүүхдээ дагуулж явахгүй байхыг анхааруулж байна. Хоногт батлагдаж буй нийт тохиолдлын 30 орчим хувийг хүүхэд эзэлж байгаа учраас эцэг, эхчүүд хариуцлагатай байх шаардлагатай.
-Халдварын эрсдэл өндөр байгаа энэ үед хүүхдүүдийг хэрхэн вакцинжуулах талаар яригдаж байгаа юу?
-Мэдээж, вакцины талаар хэлэлцэж байна. Хүүхдийн дархлааны тогтолцоо нь тэдний наснаас хамааран насанд хүрэгчдийнхээс ялгаатай байдаг. Covid-19-ийн эсрэг вакцины анхны туршилтад хүүхдүүд хамрагдаагүй, дэлхий нийтэд вакцины талаар хэлэлцэж, судалгаа хийж байна. Халдвар нэмэгдэж байгаа энэ үед Covid-19 тархахаас урьдчилан сэргийлэх чухал арга бол мэдээж вакцин. Дэлхий нийтээр вакцины нөөц дээр тулгуурлаж, хүүхдийн дархлаажуулалтын ажлыг эхлүүлэх талаар уулзалтууд зохион байгуулагдаж, судалгааны ажлууд хийгдэж байна.
-Хүүхдүүд ихэвчлэн хаана халдварын эрсдэлд илүү өртөж байна вэ?
-Батлагдсан ихэнх тохиолдлоос харахад гэртээ халдвар авах эрсдэл өндөр байна. Гэр бүлийн хүрээнд халдвар хамгаалалтын дэглэмээ баримтлаагүйгээс бага насны хүүхэд олноор өвчлөх эрсдэлтэй тулгардаг. Иймд бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд өөрсдөө яаралтай вакцинд хамрагдах шаардлагатай. Түүнээс биш тоглоомын талбай дээрээс халдвар авч байна гэх судалгаа байхгүй. Хэдийгээр асран хамгаалагч, гэр бүлийн гишүүд нь вакцины тунгаа хийлгэсэн ч өвчлөлийн тохиолдол өндөр хэвээр байна. Вакцины дархлаа 14 болон түүнээс дээш хоногт тогтдог учраас зарим хүн шууд дархлаа тогтоно гэж төсөөлж байгаа нь буруу юм.
Эрүүл мэндийн яам болон Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс хүүхдэд зориулсан тусгайлсан зөвлөмжийг Ням гариг (2021.06.09)-т хэлэлцэж, энэ долоо хоногт багтаж гаргахаар болсон.
-Эцэг, эхчүүд хүүхдээ яаж хамгаалвал зүйтэй вэ?
-Гадаа орчинд халдвар тархах нь харьцангуй бага. Гэхдээ эцэг, эхчүүд хүүхдээ тоглож байхад нь амны хаалт болон бээлий өмсгөх шаардлагатай. Халдвар тархах магадлал бага хэдий ч эрсдэл өндөр гэсэн үг. Хоёроос дээш насны хүүхдүүд амны хаалт зайлшгүй зүүх ёстой. Хүүхдийн өвчлөлийн тухайд маш богино хугацаанд өвчилж, хоолой нь өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч, хөнгөн хэлбэрээр явагдаж байна. Гэхдээ цөөн тохиолдолд хүндрэх магадлалтай. ДЭМБ-аас гаргасан судалгаагаар, зарим тохиолдолд хүүхэд хүндрэх эрсдэлтэй бөгөөд хэрэв биеийн байдал хүндэрвэл олон эрхтнийг хамарсан үрэвслийн хам шинж гэдэг зүйлээр өвдөж байгааг тогтоосон. Тиймээс эцэг, эхчүүд вакцины бүрэн тунд хамрагдаж, өөрийгөө болон гэр бүлээ, бага насны хүүхдээ халдварт өвчинд өртөхөөс сэргийлэх хэрэгтэй.
-Халдварын тархалт өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ үед иргэд юун дээр анхаарах шаардлагатай вэ?
-Сүүлийн өдрүүдэд тохиолдлын тоо өсч байна. Нас баралт өндөр байгаа учраас вакцинжуулалтад бүрэн хамрагдах шаардлагатай. Өдөрт хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тоо өнгөрсөн долоо хоногт нийт өвчлөлийн 22 орчим хувийг эзэлж байсан бол энэ долоо хоногт 30 орчим хувь болж өсчээ. Тиймээс иргэд Эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвлөмж, мэдээллийг уншиж, халдвар хамгаалалтын дэглэмээ сайтар баримтлах ёстой. Иргэдийн дархлаажуулалт өндөр байх хэрээр халдварын тархалт хумигдах боломжтой.
Холбоотой мэдээ