Зуны улиралд нийслэлийнхэн хотын дуу чимээ, агаарын бохирдлоос түр ч болов холдохыг хичээдэг. Гэр бүлээрээ хөдөө аялахын сацуу зуны гурван сарыг ядаж цэвэр агаарт өнгөрөөж, зусланд гарахыг эрмэлздэг тул зуслангийн байшингийн эрэлт хэрэгцээ ч нэмэгддэг. Жилээс жилд үнэ нь өсч буй зуслангийн байшин аялал зугаалга, амралтын улирал эхэлсэн энэ өдрүүдэд өндөр эрэлттэй болж, үнэ нь ч “тэнгэрт хадсан” байна.
Нярай, бага насны хүүхэдтэй болон өндөр настай эцэг, эхээ зусланд гаргах гэсэн иргэдийн сонирхлыг түрээслүүлэгчид халаасаа түнтийлгэх нэгэн хэрэгсэл болгож буй юм. Зуслангийн байшингийн нэг сарын түрээсийн үнэ хамгийн багадаа 550 мянган төгрөг. Үүнээс дээш таван сая хүртэл ч байна. Сезоны улирал эхэлсэн энэ үед түрээслүүлэгчид аль болох үнээ нэмж, түрээсийн мөнгөө гурван сар болон жилээр авахыг эрмэлзэх болжээ.
Хотын ойролцоох Шадивлан, Бэлх, Шаргаморьт, Чингэлтэйн Зүрх уул зэрэг зуслангийн бүсүүдэд байшингийн үнэ дунджаар 1.2 сая. Үүнийг гурван сараар тооцвол 3.9 сая төгрөг. Ийм үнэтэй байшингуудын тухайд уулын энгэр, модны зах зэрэг байршлаас үл хамаарах бөгөөд ихэнх нь амбаар. Олон жил болсон, нурж унах дөхсөн гэмээр модон жижиг байшингийн тухайд тав тухаас илүү хотоос зайдуухан цэвэр агаар л үнийг нь хөөрөгджээ.
Сарын түрээс хамгийн хямд нь 800 мянгаас нэг сая төгрөг. Гаднаас нь будаж, багахан засвар хийсэн байшингийн хувьд амбаартай харьцуулахад бага зэргийн үнэтэй. Дунджаар нэг сарын төлбөр 1.3 сая. Түрээслүүлэгчид төлбөрийг гурван сараар бөөнд нь авахыг эрмэлзэхээс гадна барьцаа нэг сарын төлбөр болон багадаа 500 мянган төгрөг шаардах болжээ. Иймэрхүү байшин гэхэд хэцүүхэн амбаарын үнийг түрээслүүлэгчид хэт өндрөөр үнэлсэнд иргэд дургүйцэж байгаа юм. Зарим иргэд “Би нэг амбаар барьчихаад та нарт нэг сая төгрөг гээд хуцаад байж байя”, “Энэ байшинг давхар хэдэн сүнстэй гэж тодотгохгүй” гэх зэргээр ёгтлох болов.
ХАУСНЫ ЖИЛИЙН ТӨЛБӨР 37-72 САЯЫН ҮНЭТЭЙ БАЙНА
Хүн амьдрахад ая тухтай хаус 3-6 сая төгрөг. Мэдээж барьцаа төлбөр нэг сая төгрөг болон улирал, жилээр төлбөр төлөхийг түрээслүүлэгчид шаардах болжээ. Түрээсийн үнэ дунджаар гурван сая төгрөг. Төлбөрийг хамгийн багадаа гурван сараар барьцаа хөрөнгөтэй тооцвол 10 сая төгрөг болж байна. Хаусны жилийн төлбөр 37-72 саяын үнэтэй байна. Түрээслүүлэгчдийн зүгээс ихэвчлэн "Байшинд хүн амьдраагүй удсан” хэмээн тодотгож байгаа юм. Ашиглалтын хувьд амбаар олон жил болсныг ч эзэд нь нуугаагүй бол хаус ашиглалтад орсноос хойш дунджаар зургаан жил болжээ.
Зуслангийн байшингийн үнэ одоогоос хоёр жилийн өмнө буюу 2019 онд байршил болон орчноосоо шалтгаалан 300 мянган төгрөгөөс эхэлж байв. Үүнээс өмнө 2018 онд 200 мянган төгрөг байсан аж. Энэ нь та бидний шүүмжлээд буй амбаар гэж нэрлэж болохоор модон байшингуудын үнэ. Харин дүнзэн болон канад хаус 1.2-4.6 сая төгрөгийн үнэтэй байв. Нийслэлд зуны цагт хоногоор түрээслүүлдэг байшин байсангүй.
ЗУСЛАНГИЙН БАЙШИН ХОНОГООР ТҮРЭЭСЛЭХЭД 80-500 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ
Зар мэдээллийн сайтаас харахад, зуслангийн байшинг түрээслүүлэхээс илүүтэй түрээслэх зар хамгийн эрэлттэй байна. Гэвч иргэдийн сонирхолд нийцсэн ая тухтай, боломжийн үнэтэй зуны байшин олно гэдэг ёстой л эрээд олддоггүй эрдэнэ болжээ. Зуны гурван сар модон амбаарт амьдрахад халаасандаа багадаа л 3.6 сая төгрөгтэй байх шаардлага гарах нь. Сүүлийн үед ажиглагдах болсон шинэ үйлчилгээ бол хоногийн түрээс. Үнийн тухайд 80 мянгаас 500 мянган төгрөг. Муурын болон модон байшин хоногийн 80-300 мянган төгрөг. Энэ нь тохижилт болон байршил, орчноос хамаарч үнэ нь харилцан адилгүй. Харин хаус хоногоор түрээслэхэд 500 мянган төгрөгийн үнэтэй байна.
Холбоотой мэдээ