Сурвалжлага: Бороонд "живсэн" Улаанбаатар

Хуучирсан мэдээ: 2021.06.09-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Бороонд "живсэн" Улаанбаатар

Сурвалжлага: Бороонд "живсэн" Улаанбаатар

Жил бүрийн зун борооноос болж, Улаанбаатар усанд автдаг. Энэ жилийн хоёр ч борооны ая даалгүй нийслэл хот усандаа живлээ. УЦУОШГ-аас гаргасан урьдчилсан төлөвөөс харахад энэ зун бороо хур элбэгтэй байх аж. Гэтэл Улаанбаатарын замууд нь ус зайлуулах хоолоогүй, борооны улмаас тогтсон нуур, цөөрмүүдийг туучин гарах асуудалтайгаа ахиад л нүүр тулав.

Нарантуул, Өгөөмөр захууд руу ордог авто замын энэ хэсэг зам дээр ус ихээр тогтож, хүн битгий хэл жижиг оврын автомашин зорчиход хэцүү харагдаж байв. Энэ бол Улаанбаатарын гудамж талбайд борооны улмаас бий болсон тогтмол нууруудын нэг.

Хөдөө сум, аймагт ч ийм газар байхгүй

Иргэдийн хэлж буйгаар Нарт хотхоны урд талын зам сүүлийн хэдэн жилийн турш ийм байдалтай байгаа аж. Засвар, цэвэрлэгээ хийсэн ч хөл хөдөлгөөнтэй захын хойд хэсэгт байрладаг учир удаан тэсдэггүй байна.

Иргэн Ө.Алтангэрэл: Энэ газар ингэж их ус тогтдог болоод зургаан жил болж байна. Илүү их орвол байдал улам л хүндэрнэ. Хүн, машин тэрэг явах хэцүү байдаг. Ядаж байхад захтай ойрхон болохоор түгжирнэ. Их машин явдаг болохоор зам зассан ч буцаад эвдэрдэг юм шиг байна лээ.

Иргэн П.Уянга: Ядаж байхад далан дээгүүр нь автомашин тавьчдаг болохоор явган хүмүүс явахад хэцүү байдаг. Өглөө ажилдаа явах гээд гарахад л битүү машин далан дээр байж байна. Их хэцүү.

Нэрээ нууцлахыг хүссэн иргэн: Энэ байдал их олон жил болж байна. Нарт хотхон руу хүртэл их ус ордог. Хөдөө сум, аймагт ч ийм газар байхгүй. Гэтэл улсын нийслэл нь ийм байдаг. Баянзүрх дүүргийн 13-р хорооны энэ далангийн наана, цаана их ус тогтдог. Би энд 2009 оноос хойш эхлэн амьдарч байна. Яг л хэвэндээ, хариуцах эзэн байхгүй. Шонгийн мод, замынх нь байж байгаа байдлыг хар даа. Байшин барилга баригдаад байдаг. Гэтэл замынх нь байж байгааг ээ.

Цэвэрлэгээний ажил хийснээр борооны усыг чөлөөтэй өнгөрүүлнэ

Геодези, усны барилга байгууламжийн газраас дөрөвдүгээр сарын 29-ний өдөр гаргасан мэдэгдэлд “Авто замын борооны ус зайлуулах шугам, сүлжээний цэвэрлэгээний ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 8, 10, 13, 14-р хороо, Амгалангийн зам, Цагдаагийн академийн өргөн чөлөө, Офицерын тойрог, Нарны замын сувгийн лаг цэвэрлэгээний ажил хийж, 11 peйсээр 66 тонн лагийг төвлөрсөн хогийн цэгт тээвэрлэн ажиллаж байна.

Геодези, усны барилга, байгууламжийн газар 2021 онд авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээний лаг цэвэрлэгээний ажлын хүрээнд нийслэлийн зургаан дүүрэгт 176 байршилд 3-4 удаагийн давтамжтай 4712.2 шоо метр лаг хагшаасыг цэвэрлэж зайлуулахаар төлөвлөн, графикийн дагуу цэвэрлэгээний ажил хийж байна. Цэвэрлэгээний ажил хийгдсэнээр борооны усыг чөлөөтэй өнгөрүүлж, авто замын эвдрэл багасч, насжилтыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой” гэжээ.

Тус байгууллага нь нийслэл Улаанбаатар хотын иргэдийн тав тухтай байдлыг хангах, эрүүл аюулгүй орчинд амьдруулах үүднээс үер, хур тунадасны болон хөрсний уснаас хамгаалах барилга байгууламж, хурын ус зайлуулах шугам сүлжээний засвар, арчлалт үйл ажиллагааг зохион байгуулах, үер усны эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг хариуцан гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий байгууллага.

Гэвч үнэн хэрэгтээ борооноос хамгаалах бэлтгэл ажлаа дутуу хангасан нь харагдаж, цэвэрлэгээний ажил хийсэн газар нь борооны усанд автаж, авто зам нь автомашин явахын эцэсгүй болжээ. Энэ бол нийслэлийн үерт автдаг, ус ихээр тогтдог газруудын нэг л жишээ. Үүнтэй адил газрууд олон бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж