Монгол Улсад сүүлийн долоо хоногт Covid-19-ийн тохиолдол эрчимтэй нэмэгдэж байна. Хоногт батлагдаж буй нийт тохиолдлын 30 орчим хувийг хүүхэд эзэлж буйг өчигдөр (2021.06.08) Эрүүл мэндийн яамнаас дуулгав. Өөрөөр хэлбэл, халдвар авсан гурван хүн тутмын нэг нь хүүхэд гэсэн үг.
Сүүлийн өдрүүдэд асрамжийн төвүүдэд халдвар бүртгэгдэх болжээ. Нийслэлийн хэмжээнд 27 асрамжийн төв байдаг. Үүнээс 12 нь Баянзүрх дүүрэгт байдаг бөгөөд дээрх төвүүдэд 600 гаруй хүүхэд бий. Өнөөдрийн байдлаар тус дүүрэгт байрлах, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор”, “Цөлийн сарнай”, “Өнөр бүл” гэсэн төвүүдэд Covid-19-ийн тохиолдол бүртгэгджээ.
Хамгийн сүүлд “Өнөр бүл” төвд тавдугаар сарын 23-нд халдварын сэжигтэй тохиолдол илэрч, 25-нд хариу нь баталгаажсан байна. Улмаар 9-10 насны гурван эрэгтэй хүүхэд, дөрвөн багш халдвартай нь тогтоогдож, эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ. “Өнөр бүл” төвийн захирал М.Өнөрчимэгээс энэ талаар тодруулахад хүүхдүүд халдварт өртсөн гэх мэдээллийг үгүйсгэсэн юм.
Эх сурвалжийн өгсөн мэдээллээр “Өчигдөр (2021.06.08)-ийн байдлаар гурван хүүхэд, дөрвөн багшаас халдвар илэрчээ. Тэрбээр "Дээрх гурван хүүхдэд халдварын ямар ч шинж тэмдэг илрээгүй. Гурван хүүхэд анагаахын дотуур байранд эмчилгээ хийлгэн эдгэрч гараад, “Өнөр бүл” төвийн дэргэдэх цэцэрлэгт тусгаарлалтад байна. Нэг багш нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол гурван багш нь эдгэрч гараад тусгаарлалтад байгаа” гэлээ.
“Өнөр бүл” төв нь хоёр байртай, нийт 185 хүүхэдтэй. Тус төвийн цэцэрлэгт 80 хүүхэд байдаг бол бусад нь "Өнөр бүл" төвд байрладаг. Улмаар байгууллагын үндсэн ажилчид долоо хоног ажил дээрээ байрлаад, гурван ээлжээр солигдож ажилладаг байна. Нэг удаагийн ээлжинд 20 гаруй хүн ажилладаг. Багш нар долоо хоног байрлаж ажиллаад, 14 хоног гэртээ хариад ирэхэд нь заавал PCR шинжилгээний бичиг шаарддаг аж. Гэсэн ч дээрх халдварын тохиолдлоос харахад багш нарын аль нэгийнх нь өвчлөл нууц үедээ байж таарсан уу, аль эсвэл шинжилгээний бичиг шаардаагүй юу гэх асуулт үлдэж байна. Ямартай ч “Өнөр бүл” төвийн бүх ажилчин гуравдугаар сарын 27-нд вакцины эхний тунг, дөрөвдүгээр сарын 26-нд вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн байжээ.
Тус хүүхдийн төв нь төрөөс зайлшгүй асран хамгаалах хэрэгцээ үүссэн 2-18 хүртэлх насны бүтэн өнчин, хаягдсан, эцэг эх нь сэтгэцийн өвчтэй, хөдөлмөрийн чадвараа 70-аас дээш хувиар алдсан, эцэг, эх байх эрхээ шүүхийн шийдвэрээр хязгаарлуулсан, хасуулсан гэр бүлийн хүүхдийг хүлээн авч, гэр бүлд дүйцэхүйц хөгжил, хамгааллын болон хүүхэд асрах хувилбарт үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг юм.
Дашрамд дурдахад, дээрх үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас Дүүргийн онцгой комисстой хамтран асрамжийн төвүүдэд Засаг даргын нөөц хөрөнгөөс витамины багц, хүнсний тусламж, цэвэрлэгээний бодис, ариутгалын багаж тоног төхөөрөмж зэргийг энэ долоо хоногийн сүүлээр олгохоор болжээ.
Холбоотой мэдээ