Хятадын "хиймэл нар" буюу HT-7U Токамак цөмийн реактор цельсийн 120 сая хэмийн халууныг 101 секүндын турш тэсвэрлэж, цөмийн хайлуулах урвалын салбарт шинэ дээд амжилт тогтоолоо. Энэхүү цөмийн реактор бол байгальд ямар ч хөнөөлгүйгээр нүүрстөрөгчгүй цэвэр эрчим хүч гарган авах, цаашлаад хүлэмжийн хийгүй дэлхийг бүтээх ирээдүйн гол түлхүүр, хүн төрөлхтний том амжилт хэмээн эрдэмтэд дүгнэж байгаа юм.
Тус цөмийн реакторыг бүтээх ажил 2006 онд эхэлснээсээ хойш амжилттай үргэлжилсээр өдгөө ашиглалтад орж эхлээд буй. Олон улсад хийсэн бусад олон токамак реактор бүтээх туршилтуудын адил хиймэл нар реактор ч өмнө нь бүтэлгүйтэн хайлж байсан удаатай. Тэр бүх туршилтуудын үр дүнд олон дахин сайжруулсан "хиймэл нар" реактор өдгөө ийнхүү дээд амжилт тогтоосон ч цаашид дахин улам бат бөх, чанартай болсоор байх гэнэ.
"Хиймэл нар" реактор атомын цөмийг нэгтгэх замаар асар их энерги үүсгэдэг. Энэ нь одоогийн цөмийн цахилгаан станцуудын ашигладаг хуваагдлын аргын эсрэг нь бөгөөд илүү хялбар арга юм. Мөн атомын цөмийг нэгтгэх арга нь байгальд хоргүй, хүлэмжийн хий ялгаруулдаггүй, хуваагдлын аргаас аюул багатай гэнэ.
Реакторыг “Хиймэл нар” хэмээн нэрлэсэн нь учиртай. Тухайлбал, уг реактор халуун плазмыг хайлуулах соронзон орон ашиглан ажилладаг бөгөөд тэр нь 150 сая хэмээс илүү гарч халдаг аж. Өөрөөр хэлбэл, реакторын дотор үүсэх халуун нь нарны цөмөөс 10 дахин их юм.
Токамак реакторыг ажиллуулахын тулд асар их эрчим хүч шаардлагатай байдаг тул өмнө нь шүүмжлэгч нар энэ аргаар цэвэр эрчим хүч гарган авахыг бүтэшгүй мөрөөдөл хэмээн эсэргүүцдэг байв. Түүнчлэн реакторын дотор маш өндөр хэмд халдаг учир бүх токамак реакторууд ердөө хэдхэн секунд ажиллах боломжтой байдаг гэнэ.
Тиймээс ч Хятадын баруун өмнөд хэсгийн Ченду хотод өнгөрсөн оны арванхоёрдугаар сард асаасан "хиймэл нар" реактор 101 секундын турш 120 сая хэмийн халууныг тэсвэрлэсэн нь маш чухал алхам юм. Харьцуулж үзвэл, өмнө нь 2018 онд туршилтын "хиймэл нар" реактор 82 сая хэмийн халууныг 10 секунд тэсвэрлэж байв.
Манай нарны аймгийн нар 15 сая хэмийн халуунтай байхад дэлхий дээрх цөмийн реактор түүнээс 10 дахин илүү халах ямар шаардлагатай вэ? Учир нь нар бол асар их масстай учир хүндийн хүчний тусламжтайгаар атомуудынхаа цөмийг нэгтгэх урвал хийдэг аж. Харин дэлхий дээр тийм их масстай реактор бүтээх боломжгүй нь ойлгомжтой учир атомын цөмүүдийг нэгтгэхийн тулд дунджаар 150 сая хэм хүртэл халах шаардлагатай хэмээн эрдэмтэд тооцоолсон юм.
Хэдийгээр дээр дурдсан дээд амжилт бол гайхамшигтай том амжилт боловч өөрийгөө тэтгэх хэмжээнд халах чадвартай болох болоогүй байна. Өөрөөр хэлбэл "хиймэл нар" реактор тогтмол ажиллахын тулд илүү өндөр хэмийг илүү удаан тэсвэрлэх чадвартай болох шаардлагатай.
Хятадын уг реактортой ижил төрлийн реакторуудыг бусад орнууд ч гэсэн бүтээхээр хичээн ажиллаж байна. Жишээлбэл, Нэгдсэн Вант улс сүүлийн үед шинэ яндангийн систем бүтээсэн нь "MAST" реакторын гаднах дулааныг өмнөхөөсөө 10 дахин илүү бууруулсан амжилт гаргажээ. Мөн олон улсын хамтран бүтээж буй "ITER" цөмийн реактор 2030 онд анхны плазмаа хайлуулах төлөвлөгөөтэй байна. Түүнчлэн БНСУ-ын "KSTAR" реактор дээр дурдсан дээд амжилтын өмнө нь эзэмшиж байсан юм.
Эх сурвалж: POPULAR MECHANICS
Холбоотой мэдээ