Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Ерөнхий сайд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих цогц бодлого боловсруулахыг холбогдох яамдуудад чиглэл өгсөн. Энэ үеэр Ерөнхий сайдын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр Ч.Ундрахбаяр томилогджээ. Түүний хувьд "Түгээмэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд" болон “Бие даан амьдрах төв”-ийн тэргүүнээр ажилладаг. Монгол Улсын хэмжээнд 108 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зургадугаар сарын 3-нд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлттэй уулзахад тэдний зүгээс тэргэнцэртэй иргэд зорчих автобустай болох, явган хүний зам дагуу тэргэнцэртэй иргэдэд зориулсан зам байгуулах, телевизүүдийн хөтөлбөрийг дохионы орчуулгатай болгох зэрэг саналыг илэрхийлсэн байна. Энэ үеэр Ерөнхий сайдын хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан зөвлөхөөр тэдний төлөөллөөс авч ажиллуулна гэдгээ мэдэгдсэн бол өнөөдөр дээрх шийдвэрийг гаргажээ.
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮН НИЙГМИЙН НЭГ ХЭСЭГ БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЧ БАЙНА
Ерөнхий сайдын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Ч.Ундрахбаяр 2018 онд манай сайтад өгсөн ярилцлагадаа "Монгол Улс хөгжлийн бэрхшээлтэй хүнийг өвчтэй, халамж хүртэгч гэсэн байр сууриас хандаж ирсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудлыг мөнгөөр шийдэх гэж оролддог. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд төрөөс зөвхөн санхүүгийн туслалцааг үзүүлдэг. Энэ нь тэдний асуудлыг шийдэхэд туслахгүй. Бэлэн зүйлээр аргацааж байгаа нэгэн хэлбэр юм. Үүнийг олон улсын хэллэгээр эмнэлгийн загвар гэдэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүн бол өвчтөн. Баялаг бүтээгч биш гэсэн хандлагаар ханддаг. Бид хөгжлийн бэрхшээлтэй хүн нийгмийн нэг хэсэг байгаасай гэж хүсч байна. Мэдээж төрийн дэмжлэг бидэнд хэрэгтэй гэхдээ өөр хэлбэрийн дэмжлэгийг хүсч байна. Ажиллах орчин, сурах нөхцөлөөр хангагдаж нийгмийн бусад үйл ажиллагаанд оролцоход биднийг дэмжээсэй. Энэ талаасаа хүн гэдэг утгаараа үнэлэгдэх юм. Түүнээс биш эмзэг бүлгийн, хөөрхийлөлтэй хүмүүсийн байр сууриас нийгмийн үйл ажиллагаанд оролцох ёсгүй. Халамжийн хууль болон бусад хуулиуд хангалттай байдаг ч бодит амьдрал дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс санал авч, амьдралд хэрэгжих эсэх талаар асууж хууль баталж байгаагүй болохоор хэчнээн хууль баталлаа гээд амьдралд хэрэгждэггүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн төрийн бодлого, хууль эрхзүйн орчныг сайжруулахад бид заавал оролцох ёстой, оролцохоос ч өөр аргагүй. Хараагаа алдаж, суумгай болж, сонсголоо алдаж үзээгүй хүмүүс ийм бэрхшээлтэй хүмүүст зориулсан бодлого, үйлчилгээг бий болгоход хэцүү" хэмээн ярьж байв.
Холбоотой мэдээ