Латин Америкийн Эль-Сальвадор улсын Ерөнхийлөгч биткоиныг тус улсад хууль ёсны төлбөрийн хэрэгсэл болгох тухай өнгөрсөн Бямба гаригт /2021.06.05/ АНУ-ын Майами хотод болсон “Bitcoin 2021” чуулганы үеэр мэдэгджээ. Ингэснээр тус улс нь биткоиныг албан ёсны төлбөрийн хэрэгсэл болгосон анхны улс болно.
Нийт 6,5 сая хүн амтай энэ улсад гадаадад цагаачилж ажилладаг иргэд нь жилд зургаан тэрбум ам.долларыг эх орон руугаа илгээдэг. Мөн зөвхөн АНУ-д л гэхэд сальвадор гаралтай 2.2 сая орчим хүн амьдардаг байна. Гадаадад амьдардаг сальвадорчууд ар гэртээ мөнгө шилжүүлэхдээ дундын зуучлагчаар дамжуулсныхаа төлөө 20 хүртэл хувийг шимтгэлд төлдөг гэнэ.
Тус улсын ерөнхийлөгч Наийб Букеле твиттертээ “Биткоины зах зээлийн хэмжээ 680 тэрбум ам.доллар. Үүний ердөө нэг хувийг татаж чадвал манай улсын ДНБ 25 хувиар өснө. Үүнээс гадна биткоин нь жил бүр зургаан тэрбум ам.долларыг эх орондоо илгээдэг 10 сая шинэ хэрэглэгчтэй болно” гэж бичжээ. Түүний нам парламентад олонх учир энэ хуулийг батлуулахад ямар нэгэн саадгүй аж.
Удаан хугацаанд эдийн засгийн хямралтай явсан тус улс 2001 оноос үндэсний валютаа ам.доллараар сольж байв. Биткоиныг албан ёсны төлбөрийн хэрэгсэл болгох тал дээр криптовалютаар гүйлгээ хийх технологийг хөгжүүлдэг америк бизнесмэн Жак Мэллерс тус улсын эрх баригчидтай хамтран ажиллаж байгаа аж.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ