Санкт-Петербургийн форумын үеэр 3,8 их наяд рублийн гэрээ, хэлцэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2021.06.08-нд нийтлэгдсэн

Санкт-Петербургийн форумын үеэр 3,8 их наяд рублийн гэрээ, хэлцэл хийлээ

Санкт-Петербургийн форумын үеэр 3,8 их наяд рублийн гэрээ, хэлцэл хийлээ

Санкт-Петербургийн Эдийн засгийн форум ажлаа өндөрлөлөө. ОХУ-ын эсрэг авсан эдийн засгийн хориг, мөн цар тахлын аюулыг үл харгалзан Санкт-Петербургийн 2021 оны Эдийн засгийн форум олон улсын цар хүрээний том арга хэмжээ боллоо. 2021 оны форумд дэлхийн 140 улсын 13 мянга гаруй төлөөлөл оролцлоо. Форумын үеэр 3,8 их наяд рублийн үнийн дүн бүхий 800 гаруй гэрээ, хэлцэл хийгдлээ. Форумыг Зохион байгуулах хорооны Хариуцлагатай нарийн бичгийн дарга Антон Кобяковын хэлснээр нийтдээ Оросын болон гадаад улс орны 11 мянга гаруй компани, аж ахуйн нэгж оролцсоноос 800 нь компанийн топ менежэрийн түвшинд оролцжээ.

Форумын үеэр хийгдсэн гэрээ, хэлцлүүдээс дурдвал,

  • Оросын “Новатек” компани БНХАУ-ын  Zhejiang Energy компанитай Хятад улс руу жилдээ нэг сая тонн шингэрүүлсэн байгалийн хий нийлүүлэх хамтын ажиллагааны урьдчилсан нөхцөлүүдийг тохирлоо. Энэхүү хамтын ажиллагаа нь “Арктик СПГ-2” төслийн хүрээнд 15 жилийн хугацаанд хэрэгжих юм.
  • Финландын “Fortum” компани Хоёр талын чөлөөт худалдан авалтын гэрээний дагуу Оросын томоохон хэрэглэгчдэд ногоон эрчим хүч нийлүүлэх гэрээг “Новатэк” болон ММК компанитай байгууллаа. Финчүүд салхин сэнсний паркдаа үйлдвэрлэсэн эрчим хүчээ Балтийн тэнгисийн эрэг дээрх Высоцк боомтоор дамжуулан байгалийн хий шингэрүүлэх заводуудад нийлүүлэх юм. Ингэснээр оросууд шингэрүүлсэн байгалийн хийг нүүрстөрөгчийн бага үлдэгдэлтэй үйлдвэрлэж, экологийн бүтээгдэхүүн гарган авах боломжтой болох юм.
  • Экологийн чиглэлд хийгдсэн өөр нэг хамтын ажиллагаанд Францын “Air Liquide” компанийг дурдаж болно. Тус компани нь “Северсталь” компанийн харъяа Череповецкийн ган боловсруулах үйлдвэрт агаараас азот болон хүчилтөрөгч ялгах төхөөрөмжийг 60 сая еврогийн өртгөөр суурилуулах юм. Оросын хэвлэлүүдэд мэдээлснээр энэ төхөөрөмж нь өдөртөө 1000 тонн хүчилтөрөгч үйлдвэрлэнэ. Төхөөрөмжийг ашиглалтад өгөх хугацаа нь 2023 он юм.
  • Катар улс Санкт-Петербургийн авто замын “Западный скоростной диаметр” төслийн 24,9 хувийг худалдан авлаа.
  • Африк болон Ойрхи Дорнодын цахим худалдааны тэргүүлэгч компани болох “Network International” LCC компани Оросын “Мир” төлбөрийн системтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа. Ингэснээр Оросын төлбөрийн “Мир” картыг Арабын Нэгдсэн Эмиратад ашиглах боломжтой болж байна.
  • Олон улсын төлбөр тооцооны Mastercard компани Хятадын Xiaomi компанитай хамтран цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа зарлалаа. Уг төлбөрийн системийг Mastercard компанийн тоон технологийн үйлчилгээний системд тулгуурлан хийх ажээ.
  • Оросын Экспортын төв Хятадын Alibaba компанитай Оросын бараа, бүтээгдэхүүнийг Alibaba-гийн платформыг ашиглан түгээж, борлуулах Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
  • Оросын Шууд хөрөнгө оруулалтын сан Бахрейнд “Спутник V” вазциныг үйлдвэрлэх үйлдвэрийг барих хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Бахрейнд үйлдвэрлэсэн вакцин нь Ойрхи Дорнод, Хойд Африкийн орнуудад нийлүүлэгдэх юм.
  • Оросын “Газпромбанк”,  “Внешэкономбанк”, Оросын Экспортын зээл, хөрөнгө оруулалтын даатгалын агентлаг хамтран Узбекистанд байгалийн хий-химийн үйлдвэрийн цогцолбор барихад 800 сая ам.долларын зээл олгохоор боллоо. Гэрээг Узбекистаны нефть боловсруулагч томоохон компанийн нэг болох Jizzakh Petroleum компанитай хийсэн байна.
  • Москвагаас Санкт-Петербург хүртэлх Трасса М-11 буюу “Нева” хурдны замыг барих ажлыг хэд хэдэн компанитай ОХУ-ын Тээврийн яам байгууллаа. Энэхүү хурдны замын ажил 2024 онд дуусах бөгөөд энэ зам нь Оросын ложистикийн гол коридор болно гэж үзэж байна.
  • Түргэн хоолны сүлжээ “Макдоналдс” 2021 оны эцэс гэхэд Орос даяар 82 шинэ салбар нээхээ мэдэгдлээ. Мөн ойрын таван жилдээ Москва орчимд 75 шинэ салбар нээх төлөвлөгөөтэй байгаа ажээ. Ингэснээр тус сүлжээ компани Оросын эдийн засагт нийтдээ 10 тэрбум рублийн хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөтэй байна.

Санкт-Петербургийн Эдийн засгийн чуулга уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Тэд ОХУ-ын “Газпром” компанийн тэргүүн А.Б.Миллертэй Санкт-Петербург хотноо уулзлаа. Уулзалтын үеэр ОХУ, БНХАУ-ыг холбосон байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн явцын талаар санал солилцож, төслийн судалгааны ажил амжилттай урагшилж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв. Төслийн хэрэгжилтийг урагшлуулахын тулд хийн хоолойн асуудлаарх Монгол, Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг боловсруулж эхлэхээр тохиролцов. Хийн хоолойн салбарт ажиллах Монголын мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хамтран ажиллах боломжтойг А.Б.Миллер илэрхийлсэн байна. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, Орос, Монголын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Оросын хэсгийн дарга В.В.Абрамченкотой уулзав. Энэ уулзалтын үеэр хоёр улсын эрчим хүч, хилийн боомт, нийгмийн халамж, байгаль орчны салбарын хамтын ажиллагааны зарим асуудлыг хэлэлцэв.

Санкт-Петербургийн Эдийн засгийн форум нь зөвхөн эдийн засгийн төдийгүй улс төрийн том мэдэгдэл хийдэг талбар болохыг аль хэдийнэ хүлээн зөвшөөрсөн. Энэ форумын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины мэдэгдэл ч энэ уламжлалаас гажсангүй. Байгалийн хий дамжуулах “Северный поток-2” төслийн эхний шугамын ажил дууссаныг Путин форумын үеэр мэдэгдлээ. Хоёрдугаар шугамын ажил хоёр сарын дотор эхэлнэ гэдгийг мөн мэдэгдлээ. Европын холбогдох хяналтын байгууллагуудын зөвшөөрлийг авчихвал 2021 оны эцэс гэхэд байгалийн хий дамжуулах хоолойг ашиглалтад оруулна хэмээн Путин хэллээ. Орост байгаа гадаадын иргэдийг төлбөртэйгөөр коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулах боломжийг эрэлхийлж байгааг Путин дуулгалаа. Форумын үеэр Ерөнхийлөгч Путин Серби болон Аргентины Ерөнхийлөгч нартай цахимаар уулзан тэдгээр улсад барьсан Оросын “Спутник V” вакциныг үйлдвэрийг нээлээ. Форумд хүрэлцэн ирсэн дэлхийн хэвлэл мэдээллийн томоохон сувгуудын тэргүүн нартай хийсэн Путины уулзалт ихээхэн сонирхолтой боллоо. Тэдний асуултад хариулангаа ойрын хугацаанд АНУ-ын дотоод зөрчил хурцдах төлөвтэй байгааг, мөн Орос улс коронавирусийн эсрэг вакциныг “геополитикийн зэвсэг” болгон ашиглаж байгаа гэсэн яриаг няцаалаа. Энэ оны есдүгээр сар гэхэд Оросын хүн амын 60 хувь нь вакцинжуулалтад хамрагдана Ерөнхийлөгч Путин хэллээ.

Форумын үйл ажиллагаанд Катар улс зочин статустайгаар оролцсон нь анхаарал татлаа. Катар нь байгалийн хийн дэлхийн томоохон нийлүүлэгч бөгөөд Ойрхи Дорнодын Оросын гол түншийн нэг юм. Арабын есртөнц болон Магрибын номлолоор Катарын баримталж байгаа байр суурь энэхүү харилцааг улам бататгаж байгаа юм. Катар улс форумын үйл ажиллагаанд идэвхтэй, амжилттай оролцлоо. Форумын хоёр дахь өдөр гэхэд катарчууд Оросын янз бүрийн салбарт хамтран ажиллах 65 хэлэлцээр байгуулаад амжсан.

“Катар бол Оросод томоохон хөрөнгө оруулагч улс. Катарын хөрөнгө оруулалтын хэмжээ 15 тэрбум ам.долларт хүрч байна. Санкт-Петербургийн Эдийн засгийн форумын үеэр технологи, санхүү, спорт, дэд бүтэц, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт хамтран ажиллах 65 хэлэлцээр хийлээ. Катар болон ОХУ-ын худалдааны хамтын ажиллагаа өргөжиж байна. Тодорхой хүндрэлүүд байсан хэдий ч 2020 онд хоёр орны худалдааны эргэлт нэмэгдлээ” хэмээн Катарын Худалдаа, аж үйлдвэрийн сайд Али бин Ахмед аль-Кувари хэллээ.

Энэ 2021 оны зургадугаар сарын 16-нд Женев хотноо ОХУ болон АНУ-ын төрийн тэргүүн нарын уулзалт болох гэж байна. АНУ-ын төлөөлөгчид Санкт-Петербургийн Эдийн засгийн форумын ажиллагаанд албан ёсоор оролцохоос татгалзсан бөгөөд Москва дахь АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөгч нь форумд хараат бус оролцогч гэсэн статустай хүрэлцэн ирсэн бизнесийнхнээ дэмжин ирсэн байлаа. Путин-Байден нарын уулзалт товлогдсон ийм цаг үед АНУ ерөнхийдөө форумын үйл ажиллагааг бойкотоллоо. Харин форумын үйл ажиллагаатай давхцуулан АНУ Их Британид G7 уулзалтыг Путингүйгээр, Ши Жиньпингүйгээр зохион байгуулсан.

Улс төр, эдийн засгийн хуримтлагдсан зөрчлийн дарамтыг даалгүй дэлхий хагарч, хуваагдаж байна, форумд оролцохоос албан ёсоор татгалзсан нь ээлжит хүйтэн дайныг зөгнөж байна гэсэн логикод хөтөлж байна.

Гэсэн ч форумын үеэр хийгдсэн хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрүүд нь Орос, Барууны хоорондын зөрчлөөс үл хамааран бизнесийг сонирхож байгааг батлан харууллаа.

Санкт-Петербургийн Эдийн засгийн форумын гол санаа форумын арга хэмжээг угтан түгсэн урилгад тов тодорхой шингэсэн. Энэ нь “Цар тахлын дараа анх удаа” гэсэн санаа юм. Зөвхөн Орост ч биш дэлхий даяар. Өнгөрсөн 2020 оны гуравдугаар сараас хойш дэлхий нийтээрээ коронавирусийн аюулд нэрвэгдсэнээс хойш хэн ч ийм цар хүрээтэй арга хэмжээг зохион байгуулахаар зориглоогүй юм. Форумын үеэр нийтдээ 52 мянган коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийжээ. Үүнээс 500 эерэг тохиолдол гарсан. Шинжилгээний хариу нь сөрөг гарсан хүн л форумын үйл ажиллагаанд чөлөөтэй оролцож болохоор төлөөлөгчдийн эрхийн картыг зохицуулсан юм. Мөн шинжилгээний хариуг өөр ямар нэг лабораториор хийлгэхийг зөвшөөрөөгүй бөгөөд зөвхөн форумын зохион байгуулагчдын эрх олгосон лабораторийн шинжилгээг л хүлээн зөвшөөрч байсан. Цар тахлын аюул дуусаагүй учраас форумын үеэр амны хаалт зүүхийг оролцогч бүрээс шаардаж, энэхүү шаардлагын хэрэгжилтийг Мэргэжлийн хяналтын улаан формтой байцаагчид нэг км бүрт байрлуулсан биеийн халуун хэмжигчийн дэргэд зогсон хянаж байлаа.

Форумын үр дүнгийн талаар зөвхөн эерэг сэтгэгдэл байгаагүйг хэлэх хэрэгтэй. Олон нийтийн сүлжээ, мессенжер хэрэглэгч оросууд зохион байгуулагчдыг буруутгаж, форумыг өргөн хэмжээнд хүлээн зөвшөөрөөгүй байхад ийм арга хэмжээ зохион байгууллаа, Оросын эдийн засгийн бодит байдлын талаар ярилгүй зөвхөн элит хэрэглэгчдийн асуудлыг хөндлөө гэх зэргээр шүүмжилцгээсэн.

Гэсэн бүх зүйлийн зөв бурууг цаг хугацаа л шүүдэг. Форумын үеэр шийдэгдсэн эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлууд Оросын болоод дэлхийн эдийн засагт хэр өгөөжтэй, алсын хараатай байсныг цаг хугацаа л харуулна.

И.БОРХОНДОЙ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж