Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо ТББ-аас өнөөдөр/2021.06.08/ Монгол Улсын ачаа тээврийн цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн дарга Г.Оргил:
-Өнөөдрийн байдлаар 4000 гаруй чингэлэг Тяньжин боомт дээр, урд болон хойд хил дээр мянга мянган автомашин бөөгнөрөөд байна. Тээвэрлэлтийн үнэ өртөг, барааны үнэ өсөх үндсэн шалтгаан боллоо. Манай холбоонд 70 гаруй компани байдаг. Бид хэд хэдэн шийдлийг боловсруулсан. Тяньжин боомт дээр бөөгнөрсөн чингэлгийн ачааны ихэнхи нь Өмнөд Солонгос, Японоос ирсэн автомашинууд байдаг. Тиймээс автомашинуудыг хөлөөр нь эсвэл зориулалтын тээврийн хэрэгслээр оруулж ирэх боломжтой. Мөн Тяньжин боомтын чингэлгүүдийг автомашинаар тээвэрлэх боломжтой. Үнээ өсгөсөн Хятадын тээвэрлэгч компанид шаардлага хүргүүлэх, галт тэрэгний тоог нэмэх зэрэг шийдлүүд байна. Төрийн байгууллагууд энэ асуудал дээр сайн ажиллаж байгаа. Бид өдөр тутам мэдээллээ солилцоод явж байна. Бид өнөөдөр та бүхэндээ үүсээд буй нөхцөл байдал үнэн зөвөөр хүргэж гэж энэхүү хэвлэлийн бага хурлыг хийж байгаа юм. Өндөр түрээстэй чингэлгүүдийг буцаахад автомашинуудтай цуг оочерлож байгаа. Тиймээс өндөр үнэтэй чингэлгүүдийг тусад нь хилээр гаргаж өгөх хэрэгтэй байна. Валют л гадагшаа урсаж байна гэсэн үг шүү.
Ланд Бридж ХХК-ын гүйцэтгэх захирал Б.Баярцэнгэл:
-Гуравдугаар сарын сүүлээс эхлэн Тяньжин боомтоос Замын –Үүд рүү явах төмөр замын эргэлт багасч, тээвэрлэлтийн үнэ өртөг өссөн. Цар тахалтай холбогдуулан дэлхийн худалдааны эргэлт нэмэгдсэн. Тээвэрлэгч байгууллагуудын ачаалал нэмэгдэж, тээвэрлэх хэрэгслийн хомсдол үүссэн. Тяньжин боомт дээр дөрвөн хоног галт тэрэг зогсоосон. Хятадын далайн тээвэр, экспортын компаниудын ачаалал нэмэгдэж, Монгол руу явах төмөр замын хомсдол үүссэн. Өдөртөө нэг буюу сардаа 30 галт тэрэг хөдөлдөг байсан бол үүний тоог өдөрт 3-4 болгохыг бид хүссэн. Түрээсийн чингэлэг, тээврийн хэрэгслүүдийг буцаах ажил бий. Үүн дээр Улаанбаатар төмөр зам болон Зам, тээврийн хөгжлийн яаманд хүсэлт тавьж, хамтран ажиллаж байгаа. Хоосон чингэлэг буцаахад хүндрэл үүссэн. Хоёр дахь асуудал нь Монгол руу импортлогдож буй бараа бүтээгдэхүүний 90 орчим хувь Хятадаас орж ирж байна. Хоосон чингэлэг буцаахад 40-45 хоногийн чөлөөтэй ашиглах хугацаа байдаг. Одоо бол долоо хоног болсон. Гэтэл бид хамгийн ихдээ 100-120 хоногийн хугацаанд тээвэрлэлтээ хийж байна. Ингээд чингэлэг түрээсийн асуудал үүсч байгаа юм. Тяньжинээс Замын-Үүд хүртэлх тээврийн зардал чингэлэг тутамд өссөн. Мөн чингэлэг түрээсийн үнэ өссөн.
Өчигдрийн байдлаар 700 гаруй чингэлэг Улаанбаатарт байгаа. Эдгээрийг буцаахад вагоны хомсдол бий. 20 тонн чингэлэг бүрт 5600 ам.доллар, 40 тонн чингэлэг бүрт 11000 ам.доллар тус тус төлөх болчихоод байна.
Түгжрэл бөөгнөрөлийн нэмэлт зардлыг гэнэтийн байдлаар нэмж байна. Үүнийг гэрээгээ зөрчсөн гэж үзэж байгаа. Хоёр чингэлгийн терминал дүүрсэн учир шинээр чингэлэг ирэхэд хүлээн авч чадахгүй байгаа юм. Мөн чингэлэг хадгалалтын зардал бий. Өдөрт 75-100 ам.долларын нэмэлт зардал гарч байна. Далайд гарсан чингэлгүүд дээр бид нэмж мөнгө төлөх болчоод байна. Чингэлгийг нь буцааж өгсний дараа бид барьцаа төлбөрөө авч байгаа. Нэг компанийн 2000 орчим чингэлэг Тяньжин дээр бөөгнөрөхөд 12-13 сая ам.долларын шууд нэмэлт зардал гарна гэж бид тооцоолсон.
Монгол Улс нэг далайн тээврийн компаниас хамааралтай. Дэлхийн томоохон тээвэрлэгч компаниуд нэгдсэн учир бидэнд сонголт бага байна. Тээвэрлэгч компаниуд Монгол руу тээвэрлэлт хийхийг хүсэхгүй байна. Учир нь хоосон чингэлэг нь эргэн ирэх хугацаа нь урт. Төр засгаас арга хэмжээ авч тээвэрлэгч компанийн сонголтыг олон болгомоор байна.
Монложистик ворлдвайд ххк-ны гүйцэтгэх захирал А.Одгэрэл
-Цар тахал холбоотой хилээр нэвтрэх машины тоог хязгаарласан. Одоогоор өдөрт 100 автомашин нэвтрүүлж байна. Өртөөчилсөн байдлаар ажиллаж байна. Автомашины тоо хязгаарлагдсантай холбоотой Эрээн дээр бараа бүтээгдэхүүний бөөгнөрөл, Замын-Үүдэд хоосон машины бөөгнөрөл тус тус үүсээд байна. Автоашины тээврийн хөлс 3-4 дахин өссөн. Мөн жолооч нарын орчин нөхцөл хэцүү болсон. Тээврийн үнийн өсөлт нэг машин дээр 20-40 мянган юань болоод байна. Ариутгал мөн удаашралттай байна. Хятадаас Монгол руу, Монголоос Хятад руу нэг ч жолооч гарахгүй байгаа. Тиймээс жолооч нарын халдвар хамгааллыг бүрэн сахиулж, хилээр нэвтрүүлмээр байна. Эрээн-Замын-Үүдээр нэвтэрч буй ихэнхи жолооч нар хувь хүмүүс байдаг. Тэд аль болох анх тохирсон үнээ барихыг хичээдэг. Жолооч нар одоо машинаа цаашаа өгч гаргаж байгаа учир машинаа эвдэх, шатах асуудлууд гарч байна.
Холбоотой мэдээ