П.Дэлгэрнаран: Цагаан сонгуулийг уриалах нь буруу

Хуучирсан мэдээ: 2021.06.08-нд нийтлэгдсэн

П.Дэлгэрнаран: Цагаан сонгуулийг уриалах нь буруу

Ерөнхийлөгчийн 2021 оны  сонгуулийн санал хураалт маргааш орон даяар 07:00 цагт эхэлнэ. Үүнтэй холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ.


Сонгуулийн Ерөнхий хороо

Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээлэл хийж байна

Posted by News.mn on Monday, June 7, 2021

Санал авах байранд биечлэн очиж саналаа өгөх боломжгүй эрүүл мэндийн шалтгаантай иргэдийн саналыг өнөө өглөө 09:00 цагаас зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авч эхэлсэн. Санал хураалт орой 20:00 цаг хүртэл үргэлжлэх юм. Одоогоор санал хураалт үргэлжилж байна. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд 25 мянга гаруй сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөхөөр урьдчилан бүртгүүлжээ. Үүнийг задалбал, эрүүл мэндийн шалтгааны улмаас биечлэн санал өгөх боломжгүй 11800 иргэн байгаа бол Covid-19 халдварт өртсөн болон голомтонд ажиллаж буй нийт 7051 хүн бүртгүүлжээ.

Сонгуулийн ерөнхий хорооноос Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалтын дүн автомат санал тоолох төхөөрөмжөөс гадна гар тооллого, хяналтын тооллого хийнэ гэв. Мөн энэ удаагийн сонгууль бэхэн тэмдэглэгээ хийхээр болжээ.

Улаанбаатар хотод 457 хэсгийн хороо ажиллаж байна. Хэсгийн хорооноос 3-4 баг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авна. Нийт 1600 орчим тээврийн хэрэгсэл 3200 орчим хэсгийн хороонд алба хаагчид ажиллаж байна. Энэ нь халдвар хамгааллын дэглэм сахиулж ажиллах ёстой тул эрүүл мэндийн салбар болон онцгой байдлын алба хаагчид ажиллана.

                   СОНГОГЧДОД ЦАХИМААР САНАЛАА ӨГӨХ БОЛОМЖ ОЛГОХ ЁСТОЙ

СЕХ-НЫ ДАРГА П.ДЭЛГЭРНАРАН:

-Энэ удаагийн сонгуулийн онцлог нь 100 хувь гар тооллого хийнэ. Мөн сонгууль өгсний бэхэн тэмдэглэгээ хийнэ. Түүнчлэн цар тахал дотоодод тархсан энэ үед бид сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Үндсэн хуулиар заагдсан сонгох, сонгогдох эрхийг цар тахлын үед хангах талаар онцгой анхаарал хандуулж ажиллав. Өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр гадаадад байгаа иргэдээс санал авах ажиллагааг зохион байгуулсан. Нийтдээ 8000 гаруй хүн бүртгүүлснээс 5800 орчим хүн саналаа өгсөн. Цар тахлын энэ хүнд нөхцөлд гадаад дахь иргэд сонгуульд харьцангүй идэвхтэй оролцсон гэж бодож байна. Цаашид гадаадад байгаа иргэд, уул уурхайн ажилчид, оюутнууд зэрэг хүмүүст цахимаар санал өгөх боломжийг нь олгох ёстой юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Ялангуяа 2024 оны УИХ-ын  сонгуулийн дараагийн сонгуулиас  сонгогчдод цахимаар саналаа өгөх боломж олгох ёстой гэж Сонгуулийн ерөнхий хороо үзэж байна.  Энэ талаар Цахим бодлогын байнгын хороонд бид танилцуулга хүргүүлсэн. Ажлын хэсэг байгуулагдах болов уу.

Маргааш улс орон даяар сонгуулийн санал хураалтыг явуулахад бэлэн боллоо. Сонгуулийн санал тоолох төхөөрөмжийн ил тод байдлыг хангаж ажилласан. Дүн өгөгдөл дамжуулах туршилтыг амжилттай хийсэн. Хэсгийн хороо болгонд дүн дамжуулах өгөгдлийг хүргүүлсэн.

Ажиглагчдын тухайд гадаадын 11 хэвлэл мэдээллийн байгууллагаас ажиглана. Үүнээс гадна Монгол Улсад суугаа Их Британи, ОХУ, АНУ зэрэг улсын Элчин сайдын яамнаас ажиглагчид байлцана. Түүнчлэн Филиппин улсаас ажиглагчид ирж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахаар болсон. Учир нь Филиппин улс манайхтай адил сонгуулийн автомат системийг ашигладаг.

Улсын хэмжээнд 2087 хэсгийн хорооо байгуулагдаж  20 мянга төрийн албан хаагчид ажиллаж байна. Маргааш болох Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалтын бэлтгэл ажлын хүрээнд цагдаагийн байгууллагын 9000 гаруй алба хаагч хамгаалалтад, эрүүл мэндийн салбарын 1300 ажилтан ажиллана. Өнөөдөр зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал хураах ажилд эрүүл мэндийн байгууллагын 60 туслах баг ажиллаж байна. Мөн ЗӨСҮТ болон ОБЕГ, НМХГ зэрэг төрийн байгууллагуудын алба хаагчид ажиллаж байгаа юм. Ийнхүү Сонгуулийн ерөнхий хорооноос Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил дууссаныг өнөөдөр мэдээлсэн юм. Тус хорооны дарга П.Дэлгэрнарангийн хэлснээр 2641 даамал сонгуулийн санал тоолох төхөөрөмжийг хариуцан ажиллах юм байна. Тэрбээр “Санал тоолох төхөөрөмжийн ил тод байдал, ажиллагааны зарчмыг олон нийтэд ил тод байдлыг хангаж, дүн дамжуулах өгөгдлийн туршилтыг зургадугаар сарын 5-нд орон даяар хийсэн. Санал тоолох төхөөрөмжүүд хэсгийн хороодод байрлаж, сүлжээнд холбогдож дүн дамжуулахад бэлэн болсон гэдгийг дуулгая. Бид сонгуулийн дүн гаргахад гар тооллого хийнэ. Хуульд зааснаар эхлээд автоматжуулсан системээр дүн дамжуулна. Дараа нь гар тооллого нэн даруй гүйцэтгэнэ. Ямар нэгэн завсарлага, гарах орох хөдөлгөөн хийхгүй, Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан зааврын дагуу хэсгийн хороод саналын хуудсыг 100 хувь гараар тоолно. Дүнг нэгтгэсний дараа санал тоолох төхөөрөмжийн дүнтэй нийлүүлж харьцуулан тулгаж шалгана. Ингэснээр сонгуулийн дүнгийн тоо баталгаажна. Санал тоолох төхөөрөмжөөр дамжуулан дүнг шууд дамжуулна. Маргааш 22:00 цагт хэсгийн хороод хаасны дараа шууд мэдээлнэ. Маш богино хугацаанд төхөөрөмжөөр тоолсон дүнгүүд олон нийтэд хүргэгдэж, манай хорооны албан ёсны цахим хуудсанд байршина” гэв.

               ДАХИН СОНГУУЛЬ БОЛБОЛ НАЙМАН ТЭРБУМ ЗАРЦУУЛАХ ТООЦОО ГАРСАН

Сонгуулын ерөнхий хорооноос гадна эрүүл мэнд, цагдаа, онцгой байдлын газраас холбогдох төлөөлөл сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар Covid-19 халдварын шалтгаантай 7051 иргэнээс санал авахаар болсныг мэдээллээ. Энэ дүн хэр бодитой вэ. Халдварын нөхцөл байдал өдөр бүр өөрчлөгдөж байна?

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: 7051 бол бид хуулийн хугацаанд эцэслэсэн тоо. Өөрөөр хэлбэл, бид зургадугаар сарын 1-ны орой 24:00 цагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс, зургадугаар сарын 5-нд тусгаарлалтад байгаа иргэдээс саналыг нь авсан. Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт болохоос 3-7 хоногийн өмнө гэсэн хуулийн хугацаанд эцэслэж бид саналыг авсан. Зургадугаар сарын 6, 7, 8 гэсэн энэ гурван өдөр хуулийн зохицуулалт байхгүй. Энэ үед улсын бүртгэлийн байгууллага нэрсийн жагсаалтыг эцэслэн ямар ч хөдөлгөөнгүй гаргаж, дүнгээ Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн.

Зургадугаар сарын 6, 7-ны өдрүүдэд халдвар шинээр авч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсээс санал авах боломжгүй.

Энэ асуудалд зарим нам эвслүүдээс анхаарал хандуулж, шаардлага тавьж байна. МАН-аас шаардах бичиг ирүүлж, иргэд санал өгөх боломжийг нь хангаж өгөхийг хүссэн шаардах бичиг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлж байна. Гэхдээ бид хуулиас давсан ямар нэгэн арга хэмжээ авах боломжгүй. Цагаан саналын тухайд, бид Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн сурталчилгааны үеэр сонссон. Цагаан санал өгөх тухай бусдад уриалж, мэдээлж байгаа хүмүүс бол бусад сонгогчдын эрхэнд халдаж байгаа асуудал гэж үзэж байна. Үүнд харамсч байна. Бид улсын төсвөөс хөрөнгө гаргаж, хуулийн хугацаанд бид төрийн тэргүүнээ сонгож Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж байгаа тул хэнээс ч хамаарахгүй бие даан сонгуульдаа оролцох хэрэгтэй юм. Энэ бол сонгогчдын эрхэнд халдсан, сонгуулийн ажилд нөлөөлөх ажил. Бид иргэддээ итгэж байна. Тиймээс цагаан сонголт хийхгүй байх. Сонгуулийн ажил багагүй зардлаар бүтэж байна.

Нийт 30 мянга гаруй төрийн албан хаагчийн олон хоног бэлтгэсэн ажлын үр дүнг иргэд хүндэтгэж, сонгуульдаа идэвхтэй оролцож, цагаан сонголт хийхгүй байх. Бид сонгогчдодоо итгэж байна.

-Халдварт өртөж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдээс зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авч байгаа. Гэтэл гар тооллогыг улаан бүсэд авах юм уу, эсвэл зөөвөрлөх юм уу. Эмнэлэгт хэвтэж буй хүмүүсийн санал хураалтын  гар тооллогыг хаана хийх вэ?

-Зөөврийн хайрцгаар иргэдийн саналыг авч байгаа тул саналын хуудсыг хэсгийн хороодод уншуулна. Дараа нь гар тоолно. Энэ хугацаанд ариутгал халдваргүйжүүлэлт хийнэ.

ЗӨСҮТ-ийн дарга Н.Цогбадрах: Энэ удаагийн Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн онцлог цар тахлын хүндхэн үед болж байна. Тиймээс халдвар хамгааллын дэглэмийн асуудал чухал. Сонгуульд оролцож байгаа болон зохион байгуулж буй 20 мянга гаруй албан хаагчийг халдварын эрсдэлд өртүүлэхгүй байх талаас онцгой анхаарч байна. Үүнд ЗӨСҮТ-өөс ажлын хэсэгт багтаж, саналаа хэлж ажиллаж байна. Саналын хуудсыг зөөвөрлөх тоолох үед албан хаагчид халдварт өртөхгүй байхад онцгой анхаарч байна. Иймд тухайн эмнэлэгт тусад нь хэсэг гаргаж, нам эвслүүдийн хяналтад тухайн сонгогч гараа халдваргүйжүүлж, амны хаалттай саналаа өгнө.

Зөөврийн хайрцаг хоёр төрөл. Нэг нь халдварын эрсдэлтэй гэсэн улаан тэмдэглэгээтэй. Энэ хайрцагт өвчтөнүүдийн саналыг авна. Нөгөө нь гэрт тусгаарлагдаж буй болон өндөр настан, бусад эрүүл мэндийн шалтгаантай иргэдээс саналыг нь хураана.

Халдварын улаан бүсэд зөөврийн хайрцгаар санал хураах явцад халдвар хамгааллын дэглэмийг чанд баримталж байна. Өвчтөн амны хаалт, бээлийтэй саналаа өгч байна. Мөн эрүүл мэндийн ажилчид халдвар хамгааллын дэглэм барьж өвчтөн санал өгсний дараа тухайн хэсгийг ариутгаж халдваргүйжүүлнэ. Иймд халдвар тархах эрсдэл харьцангуй бага гэж үзэж байна. Зөөврийн хайрцгийг улаан бүсээс шар бүс хэсгийн хороонд шилжүүлэх хүртэл дахин халдваргүйжүүлнэ. Саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжинд уншуулсны дараа  саналын хуудсыг эрүүл мэндийн ажилтан амны хаалт, бээлийтэйгээр сонгуулийн тооллогын хүмүүст дамжуулна. Халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөхөд халдвар тархах эрсдэл байхгүй. Учир нь халдвар гадаргуунд дамжихдаа амьтай биш. Тиймээс сонгуулийн саналын хуудсаар халдвар тархах эрсдэл маш бага.

Халдвар хүний хөдөлгөөн дагаж дамжих эрсдэлтэй. Иймд сонгуулийн байрыг бид урьдчилан халдваргүйжүүлж, хүн хоорондын зай барьж, амны хаалт, бээлийтэй санал өгнө.

Хэсгийн хороодод эрүүл мэндийн ажилтнууд хяналт тавьж, 10 минут тутамд чийгтэй цэвэрлэгээ, хоёр цаг тутамд агааржуулалт хийнэ. Халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдвөл халдвараас урьдчилан сэргийлэх боломжтой.

-Хэрэв ирц хүрэхгүйгээс дараагийн нөхөн сонгууль зохион байгууллаа гэхэд улсын төсөвт хэчнээн төгрөгийн дарамт учруулах вэ. Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн төсөвт 26.1 тэрбум зарцуулж байна. Хэрэв ирц хүрэхгүйгээс болж дахин энэхүү төсвөөс зарцуулагдана гэж бодож байна?

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Ерөнхийлөгчийн сонгууль хуулиар хоёр шаттай. Эхний санал хураалтаар хэн нэгэн нэр дэвшигч олонхын санал авч чадаагүй бол хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийн хоёр дахь шатанд нэрсийн жагсаалтад үлдээж дахин санал хураадаг. Хуулиар 14 хоногийн дараа Сонгуулийн ерөнхий хороо шийдвэр гаргана. Хоёр дахь шатанд гарах сонгуулийн зардлыг улсын төсвийн нөөцийн хөрөнгөөс зарцуулах зохицуулалттай. Бидний тооцооллоор хэрэв хоёр дахь шатны сонгууль зохион байгуулбал найман тэрбум зарцуулна. Бид эрсдэлээ тооцож байна. Ер нь бид сонгогчиддоо итгэж байна. Эцсийн шийдвэрийг сонгогчид гаргана.

-Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан автоматжуулсан тоолох систем гацах асуудлууд гардаг. Эдгээр эрсдэлийг хэрхэн тооцоолсон бэ?

-Улсын хэмжээнд 2087 хэсгийн хороонд 2593 санал тоолох төхөөрөмжийг түгээж бэлэн байдлыг хангаж ажиллаж байна. Цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан үзэж аймаг, сумдуудад нөөц төхөөрөмжүүдийг тараасан. Санал хураалтын өдөр шуурхай ажиллах 148 хүний бүрэлдэхүүнтэй баг бүх аймаг, дүүргүүдэд ажиллаж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж