Засгийн газрын хуралдаанаас гаргaсан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна
Засгийн газрын хуралдаанаас гаргaсан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна
Posted by News.mn on Monday, June 7, 2021
НЭМЭЛТ:
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа:
–Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. 08:00 цагаас эхэлсэн хуралдаанаас гарсан дөрвөн шийдвэрийг танилцуулъя. Нэгдүгээрт Ерөнхий сайд иргэдийг жилд нэг удаа эрүүл мэндийн эрт илрүүлэх үзлэгт хамруулах үндэсний хөтөлбөр боловсруулах чиглэлийг сайд нарт үүрэг болгосон. Эрүүл мэндийн үзлэгийг мэдээллийн цахим хэлбэрт шилжүүлнэ. Монгол Улсын хувьд нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны өвчин болон хавдар ордог. 2010 оны байдлаар хорт хавдрын 4466 шинэ тохиолдол бүртгэгдэж байсан бол 2020 онд 6702 болж өссөн. Шинээр оношлогдсон хавдрын тохиолдлын 73 хувь нь хожуу үедээ буюу 2-3 шатандаа байгаа нь аюул дагуулж байгаа юм. Тиймээс бүх иргэнийг жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулна. Хоёрдугаарт Ерөнхий сайд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлуудыг шийдвэрлэх багц бодлогыг боловсруулах чиглэлийг өглөө. Гуравдугаарт нийслэлийн хэмжээнд тулгамдаж буй түгжрэлийн асуудлыг шийдвэрлэхийн тулд нүхэн гарцуудыг нэмэхдээ хөрөнгө мөнгөний асуудлыг 2022 оны улсын төсвөөс гаргана. Мөн Сэлбэ голын дагуух тохижилт, урсацыг нэмэгдүүлэх ажил, үерийн хамгаалалтын далан байгуулах хөрөнгийг 2022 оны улсын төсөвт тусгуулахаар болсон. Үүнээс гадна Гандан орчмыг "соёлын аялал жуулчлалын бүс" болгон хөгжүүлэх чиглэлээр санал боловсруулан Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүргийг Ерөнхий сайд өгсөн. Дөрөвдүгээрт 10 их наядын цогц төлөвлөгөөний 2 их наяд нь ажлын байрыг дэмжихэд зориулж байгаа. Нийтдээ энэ зээлийн хүрээнд 62 мянга 132 ажлын байрыг хамгаалж байна. Өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлтээр 8768 иргэний ажлын байрыг хамгаалах зээл гарчээ. Өнөөдрийн байдлаар 16.193 зээлдэгч дээрх зээлийг авсан бөгөөд 1.1 их наяд төгрөгийг зарцуулаад байна. Ерөнхий сайд шаардлагатай гэж үзвэл ажлын байрыг дэмжих 2 их наяд төгрөгийн зээлийг 1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой гэж үзсэн. Ерөнхий сайдын хувьд малчдад зээл олгох асуудлыг судалж Засгийн газрын хуралдаанд танилцуулах чиглэл өгсөн.
Өнөөдрийн хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөгдсөн. Одоогийн байдлаар дээрх дөрвөн асуудлыг шийдвэрлээд байна” гэлээ.
Дараа нь тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаар нийслэлд хатуу хөл хорио тогтоож магадгүй талаарх мэдээлэлд “Засгийн газраас цаашид аль болох хатуу хөл хорио тогтоохгүй гэсэн байр суурьтай байна. Эрдэмтдийн зөвлөл болон Эрүүл мэндийн яамнаас өгч буй мэдээллээр вакцины бүрэн тунд хамрагдаад 14-өөс дээш хоносон иргэдийн халдвар авах эрсдэл эрс буурч байгаа тул зургадугаар сарын 15-наас өвчлөлийн тохиолдол буурна. Өнөөдрийн байдлаар Эрүүл мэндийн яам болон Улсын Онцгой комиссоос хөл хорио тогтоох санал оруулаагүй" гэсэн хариултыг өгсөн юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад Covid-19 халдварын батлагдсан тохиолдол нийт 67710 болоод байна. Түүнчлэн вакцин хийлгээгүй бүлэг буюу 0-17 насныхан халдварт өртөх нь ихэсч, шинээр илэрч буй тохиолдлын 30 хувийг эзэлж байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.06.08/ болж байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар 11:40 цагт мэдээлэл хийх юм.
Хэдийгээр Засгийн газрын ээлжит хуралдаан Лхагва гариг бүр болдог ч маргааш Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын өдөр таарч, бүх нийтээрээ амрах тул ийнхүү өнөөдөр хуралдаж байна.
Холбоотой мэдээ