Сурвалжлага: Сонгогчдоос вакцины гэрчилгээ шаардахгүй

Хуучирсан мэдээ: 2021.06.08-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн сонгууль-2021

Сурвалжлага: Сонгогчдоос вакцины гэрчилгээ шаардахгүй

Сурвалжлага: Сонгогчдоос вакцины гэрчилгээ шаардахгүй

Монголчууд төрийн тэргүүнээ найм дахь удаагаа сонгох гэж байна. Товлосон ёсоор Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгууль маргааш орон даяар 07:00 цагт эхэлнэ. Цар тахлын онцгой үед иргэд амны хаалт, бээлийтэй бас бэхэн тэмдэглэгээгүй саналаа өгнө.

Өмнө нь УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгууль ч бас халдвар хамгааллын онцгой дэглэмийн дор болж өнгөрсөн. Гэвч энэ удаагийн сонгууль дотоодод халдвар бүртгэгдсэн онцгой нөхцөлд болж байгаа юм. Халдварын тархалт хүрээгээ тэлж, нас баралт бүртгэгдэж, санал авах байрууд халдвар хамгааллын дэглэмээ хэрхэн сахиж, бэлэн байдлаа хангасан эсэхийг сурвалжиллаа.

Улсын хэмжээнд нийт 2087 хэсгийн хороо буюу санал авах байр ажиллана.

Баянзүрх дүүргийн 2-6-1 дүгээр /136 дугаар цэцэрлэг/ хэсгийн санал авах байр бэлтгэлээ хэдийнэ хангажээ. Үүдэндээ халуун хэмжигч, гар ариутгагч, улавч байрлуулж, бүртгэлийн ажилтнуудын болон санал авах гурван ширээ, санал тоолох хоёр төхөөрөмж байрлуулжээ.  Тус санал авах хэсгийн хороонд 2000 гаруй сонгогч санал өгөхөөр нэрийн жагсаалтад бүртгэгдсэн байна. Нэг үеэ бодвол тахлын үед сонгууль зохион байгуулах туршлагатай болсон тул халдвар хамгааллын дэглэмийг онцгой анхаарч, сахиж байгаа аж. Өрөөний агааржуулалтаас эхлээд чийгтэй цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэж байгаа гэв. Энэ талаар хэсгийн хорооноос дараах мэдээллийг өглөө.

"ЗАЛУУС СОНГУУЛЬДАА ИДЭВХТЭЙ ОРОЛЦДОГ"

Баянзүрх дүүргийн 2-6-1 дүгээр  хорооны дарга Б.ЭРДЭНЭЧИМЭГ: 

-Манай санал авах байр сонгогчдын санал авах бэлтгэлээ бүрэн хангасан. Сонгуулийн ерөнхий хорооноос өгсөн үүргийн дагуу ажиллаж, маргааш зөөврөөр санал авах байраа бүрэн бэлдсэн. Цар тахлын үед халдвар хамгааллын дэглэмээ сахих нь чухал.  Манай хэсгийн хороо “Олон овоот” ХХК-иар ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэж бас үйлчлэгч цаг тутамд чийгтэй цэвэрлэгээ хийж байна. Санал авах өдөр сонгогчдын нэг дор бөөгнөрүүлэхгүй 1.5 метрийн зай барих дэглэм мөрдүүлж, эмч халуун хэмжиж бас ариултгал хийнэ. Нэг үеэ бодвол бид  цар тахлын үед сонгуулиа зохион байгуулах туршлагатай болсон. Залуус ч сонгуульдаа идэвхтэй оролцдог гэлээ.

Тус дүүргийн нутагт байрлах 25-6-3 дугаар санал авах байр дээрх хэсгийн хороогоор орлоо  Гэхдээ холбогдох мэргэжилтнүүд нь 18:00 цагтай уралдан тарсан тул мэдээлэл өгөх хүн байсангүй. Мөн 59 дүгээр цэцэрлэгийн байр болох хэсгийн хороогоор орвол хаалгаа гаднаас нь цоожилсон ч ажилтнууд нь дотроо байсан юм. Дээрх санал авах цөөн хэсгийн хорооноос харахад тохижилтоо хийж, бэлтгэл ажлаа бүрэн хангаж дуусчээ. Энэ талаар Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-ноос санал авах байр буюу хэсгийн хороод халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, техникийн аюулгүй бүрэн байдлын бүрэн хангаж бэлтгэлээ хангасан гэх мэдээллийг өгсөн юм. Тус хорооны мэдээлснээр

Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураах өдөр нийт 2087 хэсгийн хороонд 16750 ажилтан ажиллана. Үүнээс 12873 нь орон нутагт аймгуудын хэсгийн хороодод ажиллах тооцоо гарчээ.

             "ЗӨӨВРИЙН ХАЙРЦГААР 6000 ГАРУЙ ХҮН САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ"

Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн онцлог нь халдварын улмаас эмнэлэгт болон гэрийн ажиглалт, тусгаарлалтад буй иргэдээс зөөврийн хайрцгаар санал авч буйгаар онцлог.  Зөөврийн санал хураалт  өнөө өглөөний 09:00 цагт эхэлж 20:00 цагт өндөрлөх юм. Улсын хэмжээнд халдварт өртөж эмнэлэгт болон гэрийн тусгаарлалтад хэвтэн эмчлүүлж байгаа, голомтонд ажиллаж буй нийт 6000 гаруй иргэн саналаа өгөх хүсэлт гаргажээ. Иймд мэдээллийн хуудас, саналын хайрцгаар дамжин халдвар тархахгүй байхад онцгой анхаарч байгааг холбогдох албаны хүмүүс хэлж байв.

СЕХ-ны Сонгогчийн боловсрол сургалтын төвийн дарга Б.ОЮУМАА: 

-Цар тахлын үед гурав дахь удаагаа сонгууль зохион байгуулж байна. УИХ, орон нутгийн сонгуулийг зохион байгуулахад нөхцөл байдал харьцангуй өөр байсан. Гэсэн хэдий ч бид тодорхой хэмжээний туршлага хуримтлуулсан гэж бодож байна. Энэ удаагийн сонгуульд 2020 оны УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуультай адил зарчим мөрдөгднө.

Хамгийн гол нь  халдвар авч эмчлүүлж буй болон тусгаарлагдсан иргэдээс зөөврийн хайрцгаар санал авахад илүү нарийн дэглэм баримтална. Халдвар хамгааллын дэглэмийг сахиулах зорилгоор эмч эмнэлгийн ажилтнууд давхар ажиллана.

Зөөврөөр санал авна гэдэг нь маргааш биеэр очиж санал өгөх боломжгүй иргэдийн саналыг авдаг. Үүнд нэг зүйл анхааруулахад, зөөврийн хайрцгаар санал өгөх сонгогч хуулийн хугацаанд хүсэлтээ гаргаж өгөх ёстой. Тиймээс хүсэлт гаргах хуулийн хугацаа өнгөрснөөс хойш сонгогч хүсэлт гаргавал саналыг нь авах боломжгүй нөхцөл харагдаж байна. Хуулийн зохицуулалтаар хугацаа заасан байдаг тул зургадугаар сарын 8-ны өдөр санал өгөх хүмүүсийн хүсэлтийг авсан гэсэн үг. Ерөнхийдөө гэрийн болон эмнэлэгт, тусгаарлах байранд ажиглалтад байгаа болон ажиллаж буй хүмүүсийн саналыг авна. Өөрөөр хэлбэл, зургадугаар сарын 8, 9-нд тусгаарлалтад байх хүмүүсийн саналын хүсэлтийг хүлээж авсан гэсэн үг. Эдгэж гарсан хүмүүс хэсгийн хорооддоо мэдэгдэх хэрэгтэй гэлээ.

                    СОНГОГЧИД ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХТЭЙ САНАЛАА ӨГНӨ

Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлснээр Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн бэлтгэл ажил үндсэндээ дуусчээ. Хэсгийн хороодод халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх, санал тоолох төхөөрөмж, программ хангамжийн аюулгүй байдлыг шалгаж, 2-3 удаа туршилт явуулж ашиглахад бэлэн болжээ.

Хэрэв санал тоолох төхөөрөмжид саатал гарах эрсдлийг ч давхар тооцож, төлөвлөгөө гаргасан байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураах өдөр нийт 30 мянга гаруй төрийн албан хаагч ажиллах бол сонгогчийн нэрийн жагсаалтад 2.167.942 иргэн бүртгэгджээ.

Иргэдийн тухайд, саналаа өгөхдөө иргэний үнэмлэхтэй байх ёстой. Эсвэл иргэний үнэмлэхний лавлагаа байх боломжтой. Ингэснээр хурууны хээ унших төхөөрөмжид саатал гарсан тохиолдолд иргэний үнэмлэх, бичиг баримт таныг нотолно. Харин вакцины гэрчилгээ шаардахгүй, хуруунд бэхэн тэмдэглэгээ хийхгүй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж