Унгар улсын нийслэл Будапешт хотноо явагдаж буй жүдо бөхийн ДАШТ-ий хоёр дахь өдрийн барилдаанууд явагдаж өндөрлөлөө. Энэ өдөр эмэгтэй -52 кг, эрэгтэй -66 кг-ын барилдаанууд явагдсан бөгөөд Монголын шигшээ багаас Г.Хэрлэн, Ё.Басхүү, Л.Сосорбарам, Б.Хорлоодой нар зодоглосон.
- Эрэгтэй -66 кг
В хэсэгт багтсан Г.Хэрлэн эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Марокко улсын Имад Бассуг ялсан боловч гуравдугаар тойрогтоо Казахстаны Йелдос Жумакановд ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлсэн.
D хэсэгт багтсан Ё.Басхүү эхний тойрогтоо Коста Рикагийн Иан Санчо Чинчилаг, хоёрдугаар тойрогтоо Египетийн Мохамед Абделмавгудыг, гуравдугаар тойрогтоо Оросын Мурад Чопановыг тус тус ялсан ч хэсгийн аваргын төлөө дэлхийн аварга Японы Жоширо Марүяаматай барилдаж, ялагдал хүлээсэн. Дагах барилдаан хийх эрхтэй болсон Ё.Басхүү эхлээд Францын Килиан ле Блучийг, хүрэл медалийн төлөө Казахстаны Йелдос Жумакановыг тус тус ялж, дэлхийн аваргын хүрэл медальтан болов.
Ё.Басхүү өнгөрсөн 2019 оны ДАШТ-ээр хүрэл медалийн төлөө барилдаж, харамсалтайгаар ялагдсан юм.
Эрэгтэй -66 кг-ын медальтнууд:
- Алтан медаль – Жоширо Марүяама (Япон)
- Мөнгөн медаль – Мануэль Ломбардо (Итали)
- Хүрэл медаль – Якуб Шамилов (Орос)
- Хүрэл медаль – Ё.Басхүү (Монгол)
- Эмэгтэй -52 кг
А хэсэгт багтсан Б.Хорлоодой эхний тойрогтоо Гаити улсын тамирчин Сабиана Анесторыг ялсан боловч хоёрдугаар тойрогтоо Португалийн Хоана Рамост ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлсэн.
С хэсэгт багтсан Л.Сосорбарам эхний тойрогтоо Мозамбик улсын тамирчин Жакира Феррайраг, хоёрдугаар тойрогтоо Гүржийн Мариам Жанашвилиг, гуравдугаар тойрогтоо Казахстаны Нурсулу Ералиеваг тус тус ялж, хэсгийн аваргын төлөө Испанийн Ана Перез Бокстой барилдаж, ялагдал хүлээсэн юм. Дагах барилдаан хийх эрхтэй болсон Л.Сосорбарам Израилийн Гефен Примотой барилдсан ч ялагдал хүлээн шагналт долдугаар байраар тэмцээнээ өндөрлүүлэв.
Эмэгтэй -52 кг-ын медальтнууд:
- Алтан медаль – Аи Шишимэ (Япон)
- Мөнгөн медаль – Ана Перез Бокс (Испани)
- Хүрэл медаль – Фабьенн Кохер (Швейцарь)
- Хүрэл медаль – Гефен Примо (Израил)
Хоёр өдрийн дараах байдлаар Монгол улсаас МУГТ М.Уранцэцэг, Ё.Басхүү нар хүрэл медаль хүртээд байна. Одоогоор Монгол улс хоёр хүрэл медаль хүртсэн амжилттайгаар багийн дүнгээр зургадугаар байранд жагсч байна.