Түүнийг Хонгорзулын Энхжин гэдэг. Х.Энхжин охин Налайх дүүргийн “Эрдмийн Оргил” цогцолбор сургуулийн наймдугаар ангийн сурагч. Түүнийг цахим орчинд "Монголын хамгийн залуу сийлбэрчин" хэмээн тодорхойлжээ.
Тэрбээр хоёр жилийн өмнөөс сийлбэр хийж эхэлсэн бөгөөд сонирхсон зүйлдээ цаг гаргаж, өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг үе тэнгийнхэндээ үлгэрлэж буйг нь сайшаах хүмүүс цөөнгүй. Ээжийнхээ модон эдлэл, сийлбэр хийхийг нь харсаар байгаад сурсан байна. Охин ерөнхий хар зургаа гаргах, сийлбэр хийх, будах гээд бүгдийг бие дааж хийдэг. Тэр өдөр ирэх тусам сайжирсаар байгааг ээж нь хэлж байлаа. Х.Энхжин анх хүүхэлдэйн баатрууд, албан байгууллагын логог хийдэг байсан бол сүүлийн үед хүүхдийн тоглоом, цэцгийн мандал, сандал, ширээ зэргийг хийх болжээ. Охиноор сийлбэр хийлгэх хүсэлтэй хүмүүс ч хандаж, захиалга өгдөг болсон гэнэ.
“БИ ХҮН БҮРИЙГ АЮУЛААС ХАМГААЛАХЫГ ХҮСЧ БАЙНА”
Эмэгтэй хүн сийлбэр хийхэд ямар хэцүү болохыг өөрийн биеэр туулсан учраас охиндоо зааж өгөх бодол байгаагүй хэмээн түүний ээж Н.Хонгорзул ярив. Сийлбэр хийхэд аюулгүй ажиллагаа хамгийн чухал аж. Гэвч охин сонирхсон зүйлээ оролдож үзэхийн тулд ээжээсээ нууцаар үлдэгдэл материалуудыг нь ашиглан янз бүрийн сийлбэр хийдэг байсан гэнэ. Ийн ярих зуурт бид Х.Энхжин охинтой цөөн хором ярилцлаа.
-Анх сийлбэр хийж эхлэх үед хүндрэлтэй зүйл нь юу байсан бэ?
-Анх өөрт тохирсон багаж, хэрэгслүүд дутмаг байсан учраас сийлбэрээ тийм ч сайн хийж чаддаггүй байсан. Удалгүй сийлбэрийн хутга, уран хөрөөтэй болж илүү амар болсон. Эхэндээ ээж маань дургүйцэж байсан ч одоо бол маш их дэмжиж, чадахгүй зүйлс бүрийг зааж, зөвлөж, хамтдаа хийдэг болсон.
-Сурагчдын зуны амралт эхэлчихсэн байгаа шүү дээ. Өдрийг хэрхэн өнгөрүүлж байна. Сийлбэр хийхэд зарцуулах цаг нь ихэссэн байх?
-Захиалгаар сийлбэрээ хийж бас сайн үйлсийн аяны хүрээнд албан байгууллагуудын тохижилтын ажилд оролцох болсон. Тиймээс ихэнхдээ завгүй байдаг.
-Цагдаа болох мөрөөдөл нь хэвээрээ юу?
-Хэвээрээ байгаа. Би хүн бүрийг аюулаас хамгаалахыг хүсэж байна. Гэхдээ цагдаа мэргэжлийг сонгосон ч өөрийн хүсэл, сонирхлыг орхихгүйгээр цуг хөгжүүлнэ гэж боддог.
“ӨВДСӨН ХҮҮХДҮҮД БИДНИЙ ЗУРСАН БҮТЭЭЛИЙГ ХАРЖ ТАЙВШИРЧ, БАЯР БАЯСЛЫГ МЭДЭРЧ БАЙГААСАЙ”
Х.Энхжин өөрийн санаачилгаар "Лидер" клубыг байгуулжээ. Клуб одоогоор найман гишүүнтэй гэнэ. Ингэхдээ клубын найзуудтайгаа чөлөөт цагаараа эмнэлэг, цэцэрлэг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай төв зэрэг байгууллагуудад сайн дураараа тохижилт хийж, зураг зурж өгөх гэх мэт сайн үйлсийн аянуудыг зохион байгуулах болжээ. Х.Энхжин энэ талаар
“Хамгийн анх ээжтэйгээ цуг Хүслийн цэцэрлэгийн гадна тохижилтыг хийж өгч байсан юм. Тухайн үед хүүхдүүд бид ч чаддаг зүйлсээрээ нийгэмд сайн үйлсийг аяныг зохион байгуулж, гэрэл түгээж чадах юм шиг санагдсан. Тиймээс ангийнхаа найзуудад хэлж, “Лидер” клубыг байгуулж байсан.
Анх клубын найзуудтайгаа нийлж Налайх дүүргийн хүүхдийн эмнэлгийн нэгээс гурван давхар хүртэлх хана дээр зураг зурж, сийлбэрээр хийсэн бүтээлүүдээ хананд нь байршуулсан. Миний бодлоор зарим улсын байгууллагуудын доторх тохижилт муу юм шиг санагддаг. Гэхдээ өвдсөн хүүхдүүд бидний зурсан зураг, бүтээлийг харж тайвширч, аз жаргал, баяр баяслыг мэдэрч байгаасай гэж бодсон. Хамгийн сүүлд нийслэлийн Чингэлтэй дүүргийн 70-р цэцэрлэгийн тохижилтод оролцсон” хэмээсэн юм.
Ингэхдээ Х.Энхжин болон түүний найзууд хувь хүнээс авсан захиалгуудаа зарим үед цугтаа хийж, олсон орлогоороо сайн үйлсийн аяны хүрээнд хийх ажилдаа зориулан будаг, багс зэрэг шаардлагатай хэрэгслүүдээ авдаг аж. Одоогийн байдлаар 20 гаруй байгууллагын тохижилтын ажилд оролцсон бөгөөд клубын гишүүдийн хамтаар сэтгэлээ шингээсэн зургуудаар ханануудад өнгө нэмж, сийлбэрлэсэн бүтээлүүдээ ч байршуулдаг гэнэ.
Өөрсдийн чадах зүйлсээр сайн үйлс хийхийг хүссэн "Лидер" клубын талаар Х.Энхжингийн ээж Н.Хонгорзул “Утас шагайж, зурагт үзэхийн оронд өөрсдийн гараар зураг зурж, хүмүүст тусалж, сайн үйлс хийж байгаа учраас эцэг, эхчүүд ч гэлтгүй хүүхдүүд маань ч түүнээсээ их эрч хүч авдаг. Бас аливаа зүйлд би биш бид гэсэн сэтгэлээр хандаж, нөхөрлөх болсон” гэсэн юм.
Хүүхэд багачуудын зуны амралт эхэлсэн. Хэдийгээр цар тахлын хүнд нөхцөл байдал үүссэн ч хүүхэд багачуудыг зуны амралтаа үр дүнтэй өнгөрүүлэхийг сийлбэрчин Х.Энхжин уриалсан юм. Тэрбээр үе тэнгийнхэндээ хандан “Цаг бол алт. Заавал сийлбэр гэхгүйгээр өөрийн хүсч, сонирхсон зүйлсээ хөгжүүлж, амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлээрэй” хэмээлээ.
Холбоотой мэдээ