Зэсийн алтан үе айсуй | News.MN

Зэсийн алтан үе айсуй

Зэсийн алтан үе айсуй

Зэсийн алтан үе айсуй

Лондоны металлын бирж дээр энэ сарын эхээр тонн нь 10440 ам.долларт хүрээд байсан зэсийн ханш зургадугаар сарын 4-ний өдрийн байдлаар тонн нь 9852 ам.долларт хүрч буурав. Шинжээчид, хөрөнгө оруулагчдын зарим нь “Зэсийн ханшийн энэ удаагийн сулрал огцом өсөлтийн өмнөх түр амсхийлт” гэж дүгнэж буй бол зарим нь “анхааруулах дохио” хэмээн үзэж, эргэлзэж буйгаа илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл, зарим шинжээчид Covid-19-ийн хямралаас үүдэн зэсийн эрэлт буурснаар ханш нь огцом өснө гэсэн хүлээлттэй байгаа бол зарим нь цаашид ханш нь өснө гэдэгт эргэлзэж буй аж. Бид энэ удаа “ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ” буландаа зэсийн ирээдүйн төлвийн талаар онцолж байна.


Хөрөнгө оруулагч Жим Рожерс өнгөрсөн сард “ETNow”-д өгсөн ярилцлагадаа "Ногоон эрчим хүчний ноёрхлын эрин үед зэсээс болгоомжил" хэмээн анхааруулжээ. Хятадын эрэлт хэрэгцээ нэмэгдэнэ хэмээн өөдрөгөөр төсөөлдөг шинжээчдийн үзэж буйгаар, ойрын хугацаанд зэсийн ханш огцом өсөх төлөвтэй байгаа аж. Цар тахал дэгдсэний улмаас 2020 онд Хятадад үйлдвэрлэл багассаны зэрэгцээ зэсийн үнэ буурч, томоохон агуулахууд дахь бараа материалын нөөц 10 жилийн доод түвшинд хүрчээ.

Шанхайн фьючерсийн биржид зэсийн үнэ хоёр сар дараалан өсөөд буй юм. Өнгөрсөн долоо хоногийн Мягмар гаригт долдугаар сарын фьючерс үнэ 0.9 хувиар өсч, 73 мянга 950 юань буюу 11,617.68 ам.доллар хүрч хаагджээ.

АНУ-д хэрэгжүүлж буй дэд бүтцийн бодлоготой холбоотойгоор зэсийн эрэлт огцом өссөн байна. Үүний зэрэгцээ нийлүүлэлтээр тэргүүлэгчдийн нэг Чили улсын экспорт хумигдах эрсдэлтэй болсон нь үнэ өсөхөд нөлөөлж буй аж.

“BHP Group”-ийн “Escondida” болон “Spence” уурхайн ажилтнууд цалин урамшууллын асуудалтай холбоотойгоор ажил хаялт зарласан нь олборлолт тасалдаж, нийлүүлэлт буурахад нөлөөлжээ.

“Geojit Financial Services”-ийн түүхий эд судлаач, шинжээч Ману Жейкоб ETMarkets-д “Зэсийн нийлүүлэлтийн хомсдол түүхэн дээд түвшнээс давна” гэж таамаглаж буйгаа мэдээлэв. Тэрбээр “Шанхайн фьючерсийн биржийн агуулахад зэсийн нөөц нэмэгдсэн бол Лондоны металлын биржид эсрэгээрээ буурсан" гэж нэмж хэлсэн байна.

“CRU” судалгааны байгууллагаас мэдээлснээр, 2021 онд дэлхийн зэсийн олборлолт 2.5 хувиар өсөх хүлээлттэй байгаа ч ирэх хоёр жилд цар тахал уул уурхайн үйлдвэрлэлд нөлөөлсөн хэвээр байх аж. Тус байгууллагын Зэсийн ахлах шинжээч Эрик Хеймлих одоогийн уурхайнуудын олборлолт 2023 онд оргилдоо хүрч, эрэлт нийлүүлэлтийг давж болзошгүй. Шинээр төслүүд хэрэгжихгүй тохиолдолд 2030 он гэхэд 5.9 сая тонн зэсийн хомсдол үүснэ” хэмээн төсөөлж буйгаа танилцуулжээ.

CRU “2023 онд зэсийн олборлолт оргилдоо хүрнэ” гэсэн таамаглал дэвшүүлсэн байна. Тус байгууллагын судалгаагаар, зэсийн хомсдлыг хангахуйц хэмжээний үйлдвэрлэл бий болгоход 100 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай аж. Улмаар шинэ төслүүдэд хөрөнгө оруулах сонирхлыг өдөөх “супер цикл” айсуйг тодотгожээ.

“Goldman Sachs” банк “Ногоон хөгжлийн хувьсгалд зэс тэргүүлнэ” гэж үзэж буй. Улмаар  2025 оноос дэлхийн цэвэр эрчим хүчний хэрэглээний үлэмж өсөлт зэсийн эрэлтэд ачаалал үүсгэнэ гэж таамагласан байна. Тус банкны стратегич Николас Сноудон “Ирэх дөрвөн жилд зэсийн үнэ 60 хувиар нэмэгдэж, 15 мянган ам.долларт хүрнэ” гээд, “Хэрэв зэсийн ханш 9000 ам.долларт хэлбэлзвэл хоёр жилийн дараа зах зээлд бодит хомсдол нүүрлэнэ” хэмээн хэлсэн байна.

Цар тахлын улмаас өнгөрсөн онд цуцлагдаад байсан Дэлхийн зэсийн 19 дэх удаагийн “World copper 2021” чуулган өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд Өмнөд Америкийн Чили улсын Сантьяго хотоос цахимаар зохион байгуулагдсан.

Тус чуулганд оролцогчид “Дэлхийн уул уурхай, тэр дундаа зэсийн салбарын цаашдын зорилт нь уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, Covid-19  цар тахлын үед тогтвортой үйл ажиллагаа явуулах, мөн шинэ техник технологийг үйл ажиллагаандаа үр дүнтэй ашиглахад ихээхэн хувь нэмэр оруулна хэмээн онцолжээ.

Энэ жил уламжлал ёсоор дэлхийн зэсийн гол үйлдвэрлэгч, нийлүүлэгчид болох үндэстэн дамнасан BHP, Рио Тинто, Англо Американ зэрэг корпораци, Чили болон БНХАУ-ын уул уурхай, эрдэс баялгийн салбарын захирлууд, шинжээчид дэлхийн өнцөг булан бүрээс холбогдож, энэхүү цахим платформд оролцож, хоёр өдрийн турш чуулсан юм.

“Рио Тинто”-г төлөөлөн тус компанийн Зэсийн группийн захирал Б.Болд Монгол Улсын Засгийн газартай Оюутолгой төслийн талаар яриа хэлэлцээ хийхээр эх орондоо ажиллах хугацаандаа Улаанбаатар хотоос энэ удаагийн чуулганд оролцжээ.

Дэлхийн улс орон бүр байгаль орчны асуудалд санаа тавьж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилт тавьж буй. Үүнтэй холбоотойгоор байгальд ээлтэй үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэх болсон. Улмаар иймд дэд бүтцийн гол түүхий эд болсон зэсийн эрэлт улам өсөх хандлагатай байгаа юм.

Одоогийн байдлаар дэлхийн зах зээл дээр 1 паунд зэсийн үнэ 4 орчим ам.доллар буюу сүүлийн 10 жилд байгаагүй өндөр хэмжээнд хүрээд байгаагаас харахад эрчим хүчний үүсгүүр, зай хураагуур, мөн цахилгаан тээврийн хэрэгсэлд өргөн хэрэглэгддэг зэс металл нь эдийн засгийг гол тодорхойлогч хүчин зүйл болоод буйг оролцогчид дурджээ.

Хурал зохион байгуулагч CRU группийн зэсийн шинжээч Эрик Хэймлик ногоон эдийн засгийг хөгжүүлэх хэрэгцээ нь 2020 оны дунд үе гэхэд зэсийн хомсдол үүсгэнэ гэж дүгнэжээ. Мөн түүний үзэж буйгаар, 2035 он гэхэд зэсийн жилийн эрэлт 43 сая тоннд хүрэх төлөвтэй байна. Мөн одоо ажиллаж буй уурхайнуудын нөөц шавхагдаж, 20 сая тонн хүрэхтэй үгүйтэй байгаа дэлхийн зэсийн үйлдвэрлэл 12 сая тонн хүртэл буурах магадлалтай аж.

Чили дэх дэлхийн хамгийн том зэсийн Эскондида болон Пампа Норте уурхай, мөн Перу улсын Антамина зэсийн уурхайд тус тус үйл ажиллагаа явуулдаг BHP Группийн “Минералс Америка” компанийн захирал Рагнар Удд хуралд оролцох үеэрээ "2050 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний дэд бүтэц, технологийн хөрөнгө оруулалтын улмаас зэсийн хэрэглээ хоёр дахин өснө" гэжээ. Тэрбээр “Тогтвортой хөгжилд суурилсан ирээдүйг бүтээхэд байгалийн баялгийн нийлүүлэлтэд найдахаас өөр замгүй” хэмээн хэлжээ.

CRU группын Зэсийн судалгаа, стратеги хариуцсан захирал Ванесса Дэвидсон “Цар тахалтай холбоотойгоор улс орнуудын хэрэгжүүлж буй хязгаарлалтын арга хэмжээнүүдээс шалтгаалж зэсийн үйлдвэрлэл 2023 он хүртэл тогтворгүй хэвээр байна” гэж онцолсон.

Ялангуяа Америк тивийн нийт зэсийн үйлдвэрлэл өнгөрсөн жилд 500 мянга гаруй тонноор буурчээ. Тэрбээр зэсийн үйлдвэрлэл энэ жил бага зэрэг нэмэгдэнэ гэж төсөөлсөн хэдий ч халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд компаниуд үйл ажиллагаагаа хумьсан хэвээр байгаагаас үүдэн зэсийн салбарт цар тахлын үзүүлэх нөлөө ойрын хэдэн жилд ч үргэлжлэх магадлалтайг сануулсан билээ.

Чили улсын Уул уурхай, эрчим хүчний сайд Хуан Карлос Йобет “Зэсийн тогтвортой үйлдвэрлэлгүйгээр уур амьсгалын өөрчлөлтийг зогсоож, хүлэмжийн хийг бууруулах боломжгүй” хэмээн онцолжээ. Мөн тэрбээр Чилийн зэсийн үйлдвэрлэл 2021 онд 5.9 сая, 2022 он гэхэд 6 сая тонн давна гэж тооцоолж буйгаа хэлсэн байна.

Мөн зэсийн болон сэргээгдэх эрчим хүчний нөөцөөр баялаг Чилийн засгийн газар 2030 он гэхэд дэлхийн хамгийн хямд ‘ногоон устөрөгч’ үйлдвэрлэгч орон болох стратеги баримталж буй юм байна. Ус, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүч ашиглан электролизийн аргаар гарган авдаг энэхүү ‘цэвэр’ устөрөгч нь аж үйлдвэрийн салбарын нүүрстөрөгчийн хийг бууруулах нэг арга замд тооцогддог аж.

Үүнээс гадна хуралд оролцогч уул уурхайн бусад компани уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад хувь нэмрээ оруулах зорилтынхоо хүрээнд өөрсдийн үйл ажиллагаандаа сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлж буй туршлагаа хуваалцсан юм. Жишээлбэл, Антофагаста зэсийн уурхай нь 2025 он гэхэд ашиглаж буй усныхаа 90 хувийг ус цэвэршүүлэх технологийн тусламжтайгаар гарган авахаар зорьж байгаа аж.

Тус чуулганд дэлхийн өнцөг булан бүрээс уул уурхайн үйлдвэрлэгч, хөрөнгө оруулагч, салбарын шинжээчид цахимаар холбогдон оролцсон бөгөөд “Зэсийн алтан үе айсуй” хэмээн тодорхойлсон байна.

Хүлээмжийн хийгээс татгалзах зорилтын хүрээнд сүүлийн “супер цикл”-ийн үед Хятад улс “ногоон” дэд бүтцийн чиглэлийн бүтээн байгуулалтад 10 их наяд ам.долларын хөрөнгө оруулжээ. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден цэвэр эрчим хүчний технологи, дэд бүтцийн шинэ төслүүдийг дэмжих замаар эдийн засгаа шинэчлэх 2.25 их наяд ам.долларын хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөснөө зарлав. Уг хөтөлбөрийн хүрээнд зөвхөн эрчим хүчний сүлжээний дэд бүтцэд 100 тэрбум ам.доллар зарцуулахаар тусгажээ.

“Mining”-д мэдээлснээр, бидний сайн мэдэх, Канадын “Айвенхоу майнз” компани БНАКонго улсад “Камоа-какула” төслийн зэсийн уурхайг төлөвлөсөн хугацаанаасаа өмнө (2021.05.25) ашиглалтад оруулсан байна. Улмаар баяжмалаа боловсруулах Хятадын зэс хайлуулах “Lualaba” үйлдвэртэй 10 жилийн хугацаатай гэрээ (2021.06.03) байгуулжээ. “Камоа-какула” уурхайн зэсийн анхны баяжмалыг зургадугаар сарын 1-нд үйлдвэрт хүргэсэн ба эхний ээлжинд жилд 150 мянган тонн эцсийн бүтээгдэхүүн гаргах юм байна.

“Айвенхоу майнз”-ийн үүсгэн байгуулагч Роберт Фридландын тодорхойлсноор “Камоа-какула” нь дэлхийн зэсийн хоёр дахь том уурхай болох төлөвтэй аж. Уг төслийг Канадын “Айвенхоу майнз” компани (39.6 хувь), Хятадын “Zijing Mining” групп (39.6 хувь) тус тус эзэмшиж буй бол 20 хувь нь БНАКонго улсын Засгийн газрын мэдэлд байдаг байна. “Айвенхоу майнз” компани Какула ордын нийт нөөцийг 43 сая тонн гэж тооцжээ.

Эх сурвалж: MINING, BLOOMBERG, METALBULLETIN, LME

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-08 109.70.100.46

МОНГОЛЫН ЖИРИЙН ИРГЭДЭД ЯМАР Ч ХҮРТЭЭЛГҮЙ БОЛООД УДАЖ БАЙНА ДАА. ЭНЭ НӨХРИЙГ ЦЭГЦЭЛХЭЭС НААШ ӨӨРЧЛӨЛТ ГАРАХГҮЙН ДЭЭ.
https://newstapa.org/article/rTZK6?lang=eng

Avatar

Зочин 2021-06-08 192.82.67.190

Монголын улс төр Эрдэнэт От 2 дээр л хийгддэг. Бүх мөнгө эндээс орж ирдэг тул энүүн дээр 2 улс төрийн нам ерөнхийлөгчтэйгээ 3уулаа алалцаж байдаг. Засгийн эрхэнд гарч байсан бүх ерөнхий сайдууд бүх ерөнхийлөгчид өнөөдрийг хүртэл хувааж кармаалж байгаа. Одоо ард түмэн ил тод байдлыг шаардах цаг нь боллоо. Хяналт тавьж ард түмэнд зөв мэдээлж байхыг шаардаж байна.

Avatar

Зочин 2021-06-08 202.72.247.58

Орчуулж байгаа зүйлээ хянаж баймаар байнаа. авцалдаагүй юм бичих юм. Эрэлт буурхаар үнэ өсдөг юм уу?

Avatar

иргзн 2021-06-08 202.179.26.160

ямарч сайхан Алтан мөнгөн үе ирлээ гээд Иргэдийн амьдрал дээрдэх биш дээ Баярлаад байх ч юм алга бахь байдгаараа л байна ш дээ

Avatar

ZOCHIN 2021-06-08 103.111.68.3

Haramsaltai ni OYUTOLGOIN zesiig hedeer zaraad hediig oldogiig bid medehgui l dee.

Avatar

Зочин 2021-06-08 66.181.184.190

ХЭДЭН ТОННЫГ ГАРГААД ХЭДЭЭР БИЧИЖ БАЙГАА, БАС ЯМАР ХОВОР ЭЛМЕНТҮҮД ГАРЧ БАЙГААГ МЭДЭХГҮЙ . ГҮЙЛГЭЭ НЬ МАНАЙ БАНКНУУДААС ХОЛУУР ӨНГӨРДӨГ .

Avatar

Хаха 2021-06-08 124.158.69.143

Хардаж үхлээ. Эрдэнэтийн зэсийн хэдээр зардагийг та 2 мэддэг юм үү хахаха

Avatar

Эрэлт буурахаар үнэ өсдөг л юм байна... 2021-06-08 192.82.83.28

Эрэлт буурахаар үнэ өсдөг л юм байна???..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж