Цар тахал дэгдсэнээс хойш бидний дунд PCR шинжилгээ, вакцин, ариутгал халдваргүйтгэл зэрэг үгс өдөр тутмын хэрэглээ болов. Ялангуяа сүүлийн үед халдварын тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдэж буй энэ үед ариутгал халдваргүйжүүлэлт хэрхэн зохион байгуулж байгаа талаар ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрахаас тодрууллаа.
-Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс цар тахлын үед хэрхэн ажиллаж байна вэ?
-Covid-19 халдвар дэгдсэнээс хойш бид өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байна. Энэ хугацаанд улсын хэмжээнд хийсэн нийт PCR шинжилгээний 3/1-ийг манайх дангаараа хийсэн. Сэлэнгэ, Дархан-Уул, Өмнөговь, Баян-Өлгий, Говь-Алтай зэрэг аймгийн сумдад явуулын лаборатори, бас хилийн боомтуудад PCR шинжилгээ авч ажилласан. Ялангуяа, Өмнөговьд халдвар тархахгүй байхад онцгой анхаарч, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн тандалтын багийнхан Цагаанхаданд таван сарын хугацаанд ажиллаж, нийт 6000 гаруй сорьц авсан. Одоогоор халдвар голомтлон гарч буй газруудад, тусгаарлах байр, буяны ажил, сонгуулийн үйл ажиллагааны бэлтгэлд заавар зөвлөгөө өгч ажиллаж байна.
-Эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больж, ор хүрэлцэхгүй байгаа энэ үед гэртээ тусгаарлагдах иргэдийн тоо ч нэмэгдэх хандлагатай байна. Батлагдсан тохиолдол гэртээ тусгаарлагдвал ямар тохиолдолд орц байрыг ариутгаж халдваргүйжүүлэх вэ. Иргэд танай төвөөр ариутгал хийлгэж болох уу?
-Иргэд халдварт өртсөн ч ЗӨСҮТ-өөр гэртээ ариутгал халдваргүйтгэл хийлгэх боломжгүй. ХӨСҮТ-ийн тандалт судалгаагаанд үндэслэн гэрт нь хүн өвдөөгүй тохиолдолд халдваргүйтгэл хийнэ.
-Өнгөрсөн хугацаанд хэчнээн нас баралт, оршуулгын зан үйл, орц байрыг ариутгаж халдваргүйжүүлсэн бэ. Мөн олон нийтийн гудамж талбайг ариутгаж байгаа юу?
-Нэг орц, байрнаас халдвар голомтлон гарах, тусгаарлах байруудаас гарч буй халдварын голомтыг ариутгаж халдваргүйжүүлж байна. Мөн Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас дайчлан ажиллуулж голомтын халдваргүйтэл хийж байна.
Covid-19 халдвараар нас барсан 300 гаруй хүний буяны ажилд бид 100 хувь дайчлагдан ажиллаж байна. Ер нь гэрийн нас баралт, эмнэлгийн нас баралт, буяны ажилд ариутгал хийдэг.
Харин олон нийтийн гудамж, талбайд Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас байнгын халдваргүйжүүлэлт хийж байгаа. Олны хөл татарсан үед болон амралтын өдрүүдэд ариутгал халдваргүйжүүлэлт хийнэ.
-Халдвар голомтлон гарсан хэчнээн орц, байранд халдваргүйжүүлэлт хийсэн бэ?
-Нийслэлд халдвар гараагүй дүүрэг гэж байхгүй болсон. Хотын зургаан дүүргээс Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт Covid-19 халдвар хамгийн их гарсан. Бид хоногт дунджаар 40-100 гаруй тохиолдолд халдвар голомтлон гарсан газруудад ариутгал халдваргүйжүүлэлт хийдэг.
-Цар тахлын үед монголчууд найм дахь Ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Эмнэлэгт болон гэрээр тусгаарлагдаж байгаа иргэдийн саналыг зөөврийн хайрцгаар авна. ЗӨСҮТ-өөс ариутгал халдваргүйжүүлэлтийг хэрхэн зохион байгуулах вэ?
-Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуультай холбогдуулан бид хэсгийн хороодод мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байна. Бид Засгийн газрын 152 дугаар тогтоол, Эрүүл мэндийн яамны тушаал зааврын дагуу халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахих талаар зөвлөгөө өгч ажиллаж байна. Ялангуяа, орон нутагт халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдөх талаар зөвлөмж хүргүүлж ажиллаж байгаа юм. Тиймээс Зооноз өвчин судлалын төв санал авах байлруудад халдваргүйжүүлэлт хийх ямар ч боломжгүй.
-Цар тахлын үед галын шугамд ажиллаж буй эмч эмнэлгийн ажилтнууд халдварт өртсөөр байна. Халдварын голомтод ажиллаж буй ЗӨСҮТ-ийн ажилчид халдвар авсан тохиолдол бий юу?
-Өнөөдрийг хүртэл Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс халдварын голомтод ажиллахдаа нэг ч ажилтан, мэргэжилтэн өвдөөгүй. Энэ нь бид халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, хамгаалах хэрэгслийн хувцсаа зөв өмссөний үр дүн. Харин ар гэрийнхэн нь Covid-19 халдвараар өвдсөн, ойрын хавьтал болсон тохиолдол гарсан.
Холбоотой мэдээ