Хятад, АНУ-ын өрсөлдөөн, сөргөлдөөнд олон улс дундыг барьж, гадаад харилцааны тэнцвэрийг хадгалах сорилттой тулгарч байна. Их Британид зургадугаар сарын 11-13-ны өдрүүдэд болох Их-7 бүлгийн удирдагч нарын 47 дахь удаагийн уулзалт олон их наяд ам.долларын өртөгтэй Хятадын “бүс-зам” санаачилгын хамрах хүрээг хязгаарлахад анхаарах талаар мэргэжилтнүүд мэдэгджээ. Тус уулзалтад Өмнөд Солонгос, Австрали, Энэтхэг, Өмнөд Африк зэрэг орнууд урилгаар оролцох юм.
Чуулга уулзалтын талаар мэдээлж буй олон улсын хэвлэлүүдэд мэдээлснээр АНУ-аас “цэвэр, ногоон санаачилга” буюу Хятадын “бүс-зам”-ыг орлох шинэ санаачилгыг дэвшүүлэх аж.
Энэ санаачилгын талаар анх өнгөрсөн гуравдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон нар хэлэлцэж, ардчилсан орнууд хамтраад Хятадын “бүс-зам” санаачилгатай өрсөлдөхүйц дэд бүтцийн төслийг эхлүүлэх хэрэгтэй талаар тохиролцжээ. “Бүс-зам” санаачилгын хүрээнд Хятад улс хөрш орнууддаа зээл, хөрөнгө оруулах байдлаар нөлөөгөө тэлж, өрийн хараат байдал үүсгэхийг зорьж буй хэмээн Барууны зүгээс санаа зовниж буй. Тухайлбал, Шри-Ланка улс нь Хамбантота боомтоо хөгжүүлэхийн тулд Бээжингээс зээл авсан ч эцэстээ 99 жилийн турш боомтоо Хятадын худалдаачдад түрээслүүлэх нөхцөл байдал үүссэн юм. Түүнчлэн Умард Атлантын цэргийн эвсэл буюу “NATO” байгууллагын гишүүн Монтенегро улсын Засгийн газар хурдны зам барихаар Хятадаас зээл авсан ч эргэн төлж чадахгүй Европын холбооноос тусламж хүсчээ.
Асуудлын гол нь Хятад нь тухайн улсын эргэн төлж чадахгүй хэмжээний мөнгийг зээл, хөрөнгө оруулалт байдлаар олгож, өөртөө ашигтай нөхцөл байдал үүсгэж байна хэмээн ажиглагчид хардаж буй.
Иймээс АНУ-ын зүгээс Хятадын “бүс-зам”-ын эсрэг гаргаж буй санаачилгадаа нэгдэхийг холбоотнуудаа шууд бус шахалт байдлаар, нөхөрсөг харилцаатай орнуудад уриалах гэнэ.
Их-7 бүлгийн удирдагч нарын чуулга уулзалтаас өмнө өнгөрсөн тавдугаар сарын 5-нд Лондон хотноо Гадаад харилцаа болон Хөгжлийн сайд нар уулзсан юм. Тус уулзалтын дараа оролцогч орнууд хамтран Хятад улсад хандан хүний үндсэн эрх, эрх чөлөөг хүндлэхийг шаардаж, Шинжаан-Уйгур, Түвд, Хонгконгод явуулж буй бодлогыг нь шууд бусаар шүүмжилсэн. Мэдээж, энэ нь Хятадын дургүйцлийг төрүүлж, Бээжин сөрөг мэдэгдэл гаргасан билээ.
Үүний зэрэгцээ зургадугаар сарын 1-нд болсон “NATO” байгууллагын гадаад хэргийн сайд нарын түвшний уулзалтын үеэр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен хэлэхдээ Умард Атлантын цэргийн эвсэл хамтын ажиллагаагаа Австрали, Япон, Шинэ-Зеланд, Өмнөд Солонгос зэрэг улсуудтай өргөжүүлэх талаар мэдэгдсэн. Энэ нь ОХУ, Хятадын эсрэг тэмцэх сорилтод АНУ, “NATO” бэлэн байхад чиглэгдсэн гэдгийг онцолжээ.
Түүчлэн Токиогийн хэвлэлүүдэд мэдээлснээр АНУ нь Их-7 бүлгийн удирдагч нарын чуулганы үеэр Өмнөд Солонгос, Япон улстай гурвалсан уулзалт хийж, бүс нутгийн аюулгүй байдлыг хэлэлцэх санал тавьсан аж.
Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч "Их-7" бүлгийн уулзалтад уригдсан нь “Quad” /Дөрвөл/ бүлэгт Сөүл нэгдэхгүй байгаатай холбоотой аж. Уг уулзалт “Их-7” бүлгээс Өмнөд Солонгост олгосон хязгаарлагдмал статусыг өөрчлөхгүй ч дараа нь Сөүл “Дөрвөл”-д нэгдэх гэрээнд гарын үсэг зурж магадгүй хэмээн БНСУ-ын их сургуулийн профессор Нам Сон Вук тайлбарлажээ.
“Дөрвөл” бол Австрали, Энэтхэг, Япон, АНУ-ын бүрэлдэхүүнтэй Хятадын хүчирхэгжилтийг хязгаарлах зорилго бүхий албан бус стратегийн форум юм.
Гэтэл Хятад нь Өмнөд Солонгосын худалдааны хамгийн том хамтрагч орон билээ. Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сард Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Хятадын Ван И-тэй уулзахдаа “бүс-зам” санаачилга болон бүс нутгийн бодлогын хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон аж. Өмнөд Солонгос өмнө нь 2017 онд АНУ-ын агаарын довтолгооноос хамгаалах “THAAD” системийг газар нутагтаа байршуулснаас болж Хятадтай зөрчилдсөн. Энэ зөрчил Өмнөд Солонгосын эдийн засагт шууд нөлөө үзүүлсэн юм.